“Даатгалын өгөөжийг нэмэгдүүлье”, “Улсын төсвийн тодотголд ХАБЭА-н зардлыг тусга” хэмээх бичиг барьсан Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны гишүүдийн төлөөлөл өнөөдөр /2019.11.15/ нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх асуудлыг эсэргүүцэж сануулах жагсаалыг зохион байгуулж байна.
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2019-2020 оны Улсын хэлэлцээрт тусгагдсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардал, цалин хөлс зэрэг асуудлын хэрэгжилтийг шаардах, нийгмийн даатгал нэмэгдүүлж байгааг эсэргүүцэх, Тэтгэврийн болон Эрүүл мэндийн даатгалын хүртээмж, үр өгөөжийг нэмэгдүүлэх, Капитал банкинд хадгалуулсан гэх татвар шимтгэл төлөгчдийн мөнгийг яаралтай барагдуулах, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн Үндэсний гурван талт хороог яаралтай хуралдуулах зэрэг шаардлагыг жагсагчдын зүгээс тавьж, Сангийн яамны холбогдох мэргэжилтэнд шаардлагыг хүлээлгэн өгсөн юм.
Х.АМГАЛАНБААТАР: ЕРӨНХИЙЛӨГЧ ХОРИГ ТАВИХ ЁСТОЙ
Энэ үеэр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар ярихдаа “Ирэх 2020 оны улсын төсөвт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардлыг огт тусгалгүй баталлаа. Ингэснээр хувийн болон төрийн төсөвт байгууллагуудад үйлдвэрлэлийн осол гарч, хүний амь нас, эрүүл мэнд хохирох үед ямар нэгэн үйл ажиллагаа явуулах санхүүгийн эх үүсвэр байхгүй болж байна гэсэн үг. Энэ хариуцлагыг Монгол Улсын Засгийн газар хүлээх ёстой. Хуулиар бол төсөвт тусгаж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардлыг аливаа үйл ажиллагаанд зарцуулах үүрэгтэй байдаг. Хоёрдугаарт нийгмийн даатгалын шимтгэлийг 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс дахин хоёр хувиар нэмэгдүүлж байгаа шийдвэрийг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос удаа дараа сануулсан. Харамсалтай нь энийг улсын төсөвт нэмэгдүүлж, тусгалаа.
Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлж буй шийдвэрээ салбарын сайд нь тайлбарлахдаа “Улсын төсвийн алдагдлыг бууруулахын тулд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх зайлшгүй нөхцөл байдал үүслээ” гэдэг хариуцлагагүй мэдээллийг хийсэн. Алдагдлыг нөхдөг гарц нь нийгмийн даатгалын шимтгэл биш. Нийгмийн даатгалыг төлөх үү, үгүй юу гэдэг нь даатгуулагчийн бүрэн эрхийн асуудал. Монгол Улсын 2020 оны улсын төсөв нь Үндсэн хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох нийгмийн даатгалын тухай багц хуулийг ноцтой зөрчсөн учраас Улсын их хурал бүрэн бүрэлдэхүүнээрээ хариуцлага хүлээх ёстой. Засгийн газар энэ асуудлыг эргэн авч үзэж, УИХ-д дахин өргөн барих ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавих ёстой” гэв.
“НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ ГУРВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД ТАВАН ХУВИАР НЭМЭХ НЬ БУРУУ”
Жагсагчид Сангийн яамнаас үргэлжлүүлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үүдэнд жагссан юм. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Та бүхэн санаж байгаа бол манай холбооноос Олон улсын вальютын сангийн хөтөлбөр хэрэгжих үеэс эхлэн тэтгэвэр, долоон төрлийн татвар нэмсэн асуудлыг тавьсан. Харамсалтай нь тухайн үеийн Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээр толгойлуулсан хүмүүст Олон улсын вальютын сангаас “Төсвийн зардлаа багасга” гэдэг шаардлагыг тавихад манай Засгийн газар татвар, шимтгэл нэмэх шийдвэрийг сонгосон.
Гэтэл өнөөдөр үнэхээр төсвийн алдагдлаа багасгая гэж байгаа бол төрийн үрэлгэн зардлаа танаж, төсвөөс идэж ууж байгаа мөнгөө багасга. Дээрээс нь энэ тансаг хэрэглээний татвараа нэм. Нийгмийн баялгийн дийлэнх хувийг нийт хүн амын тун цөөн хувь нь хүртэж байна. Тэр тэрбум төгрөгийн үнэтэй хаус, 10, 20 сая төгрөгийн орлоготой хүмүүсийнхээ татварыг нэмээч ээ. Ингэхгүйгээр нийт 1.1 сая орчим жирийн ард иргэдийн нийгмийн даатгал төлж буй шимтгэлийг гурван жилийн хугацаанд таван хувиар нэмж байна. Энэ бол дэлхийд хаана ч байхгүй жишиг. Бидний шаардлагад хариу өгөхгүй бол улс даяар жагсана” гэлээ.
“ТӨР ЗАСАГ АРД ТҮМНЭЭ ЯАЖ АМЬДАР ГЭЖ БАЙГАА ЮМ БЭ”
“Ирэх оноос эхлэн нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлбэл жирийн ард иргэдийн амьдрал хүндээр тусна. Одоо авч байгаа цалингаасаа нийгмийн даатгал төлөхөд илт хасагдаж байгаа юм чинь нэмэгдвэл цалин авч чадах уу. Өнөөгийн нийгэмд ажилгүйдэл хэр хавтгайраад байгаа билээ. Залуучууд нь цалин мөнгөө голоод ажилд орохгүй, нийгмийн даатгал төлөхөөс зугтааж байгаа нь үүнтэй л холбоотой шүү дээ” хэмээн жагсаалд оролцож буй иргэдийн төлөөөлөл иргэн Б.Отгонтуяа бухимдав.
Мөн жагсагчдын төлөөлөл Х.Аюуш гуай “Одоо цагт бинзен шатахуун, хэрэглээний бараа ямар өндөр үнэтэй байгаа билээ. Энэ үед нийгмийн даатгалын шимтгэлээ нэмэх нь маш буруу шийдвэр. Төр засаг нь ард түмнээ яаж амьдар гэж хэлж байгаа юм. Жирийн иргэдийн нуруун дээр л хамаг ачаагаа үүрүүлдэг шийдвэрийг тэвчээд суугаад байж болохгүй” гэдгийг хэлж байлаа.
Жагсагчид холбогдох яаманд өгсөн шаардлагын хариугаа энэ сарын 18-нд авах бөгөөд хэрэв шаардлагад хариу өгөхгүй бол улс даяар жагсана гэдгийг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс мэдэгсэн юм.
А.СҮРЭН
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ
Холбоотой мэдээ