Алдагдал, асуудал дагуулсан АМНАТ-ийг хэзээ хэлэлцэх вэ?

Хуучирсан мэдээ: 2019.11.15-нд нийтлэгдсэн

Алдагдал, асуудал дагуулсан АМНАТ-ийг хэзээ хэлэлцэх вэ?

Алдагдал, асуудал дагуулсан АМНАТ-ийг хэзээ хэлэлцэх вэ?

Энэ долоо хоногт УИХ хоёр том ажлын ард гарлаа. Тодруулбал, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг баталсан бол  удаах нь ирэх оны төсөв.

Том амьсгаа авч, түр амсхийсэн УИХ одоо АМНАТ-ийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах учиртай. Ялангуяа төсөв баталсан энэ үед АМНАТ-ийн хууль тодорхой бус байгаа нь ирэх оны  төсвийн орлого тасалдахад хүрэх эрсдэлтэй. Учир нь, АМНАТ-өөс Монгол Улсын төсөвт 1.3 их наяд төгрөгийн орлого төвлөрдөг.

Үндсэн хуулийн Цэц Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн холбогдох хэсэг, заалтуудаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулан ногдуулахгүй байх зохицуулалтыг тодорхой тусгаагүйн улмаас Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 4 дэх хэсэг, арванесдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзсэн билээ.

Уг хуулийн зөрчлийг арилгахаар Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулагдаж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч болон уг төлбөрийг ямар хувь хэмжээгээр, хэрхэн давхардуулалгүй ногдуулах тухай зохицуулалтыг ойлгомжтойгоор нарийвчлан тусгасан нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, тус хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг Эдийн засгийн байнгын хороо дэмжсэн.

Өнгөрсөн Баасан гаригийн /2019.11.08/ чуулганы хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн олонхын саналаар хойшлуулсан. Энэ долоо хоногийн чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлахаар төлөвлөсөн ч одоогоор хэзээ хэлэлцэх нь тодорхой бус байна. Уг нь ирэх оны төсвийг батлахаас өмнө АМНАТ-ын тухай хуулийг батлах ёстой гэж Сангийн сайд хэлсэн ч УИХ-ын дарга "Засгийн газар байр сууриа бичгээр өгөөрэй" гэдэг тайлбарыг өгсөн.

Ирэх оны төсвийн хууль нь батлагдчихаад байхад орлого талыг бүрдүүлэх АМНАТ-ийн хууль эрх зүйн зохицуулалт тодорхой бус байгаагаас ирэх оны төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнд хүрнэ гэхэд эргэлзээтэй.

Энэ тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "АМНАТ-т Засгийн газрын байр суурь нэг байгаа гэдгийг  би албан ёсоор чуулганы танхимд илэрхийлсэн. Цэцийн шийдвэр гарсан тохиолдолд Засгийн газар байр сууриа дахин бичгээр өгнө гэсэн хуулийн заалт байхгүй. Төсөв батлагдахад орлогууд тодорхой байх ёстой. Цэцийн шийдвэр гарснаас хойш буюу 2019 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн улсын төсөвт АМНАТ-ийн орлого орж ирээгүй. Ирэх жилд орж ирэхгүй гэсэн үг. 2020 оны төсөвт АМНАТ-өөс  1.3 их наяд төгрөгийн орлого орно гэж тооцоолсон байтал энэ мөнгө орохооргүй болчихлоо гэдгийг би удаа дараа хэлж байгаа” гэсэн тайлбарыг тэрбээр өгсөн юм.

Харин Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "АМНАТ-ийг давхардуулж авахгүй гэсэн  Засгийн газрын тогтоол нь байсаар байтал Цэц давхардуулж авч байна гэдэг шийдвэр гаргасан. Энэ дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч болон уг төлбөрийг ямар хувь хэмжээгээр, хэрхэн давхардуулалгүй ногдуулах тухай зохицуулалтыг ойлгомжтойгоор нарийвчлан тусгасан нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  УИХ-ын хэлэлцээд түр хойшлуулсан. Д.Сумъяабазар сайд томилолттой байгаа юм билээ. Үдээс хойшдоо  чуулган хуралдаж магадгүй” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж