Дэлхийн аялал жуулчлалын төв болсон Италийн үзэсгэлэнт Венец хот мягмар гаригт /2019.11.12/ орсон усархаг борооны улмаас үерт автаад байна. Сүүлийн 50 гаруй жил тохиогоогүй их үерт тус хотын соёлын үнэт өвүүд, түүхийн дурсгалт газрууд ч нэрвэгдэж, дэлгүүр хоршоо худалдаа наймаа эрхлэгчдийн бизнес ч зогсонги байдалд хүрч, ихээхэн хохирол амсаад байгаа аж.
Энэ удаад усны түвшин 1.87 метрээр дээшилсэн ба байгалийн гамшигт үзэгдлийн улмаас онц байдал зарлаад байна. Хамгийн сүүлд 1966 онд Венецийн усны түвшин 1.94 метрээр нэмэгдэж байсан юм.
Ресторан, кафенуудын гадаа сандал ширээ нь хөвөн дэлгүүрийн эзэд бараагаа өндөрт тавьж байгаа ч ихэнх бараа бүтээгдэхүүнүүд нь чийгтэй нөхцөлд байснаас зарах боломжгүй болж, явган хүмүүст зориулж барьсан модон замууд ачааллаа дийлэхгүй нурж байгаа гэнэ. Мөн лхагва гаригаас /2019.11.13/ эхлэн сургууль, цэцэрлэгүүд, олон нийтийн үзвэр үйлчилгээнй газрууд хаалгаа барьж эхэлжээ. Тус хотын Онцгой байдлын албаны мэдээлснээр үерийн улмаас хоёр хүн амь эрсэдсэн бөгөөд ард иргэдийг анхаарал болгоомжтой байхыг анхаалуулсан байна. Усны түвшин нэмэгдсэнээс үүдэн хүмүүс тогонд цохиулах эрсдэл их байгаа аж.
Усны хот Венец
Адриатын тэнгисийн 118 жижиг арлаас тогтсон энэ үзэсгэлэнт хотыг “Усны хот”, “Адриатын тэнгисийн хатан хаан” гэж нэрлэх нь бий. Венец бол үнэхээр л усны хот. Жил бүрийн хавар намар 140 орчим см өндөртэй далайн түрлэг энэ хотыг дайрдаг. Угаас арал дээр оршдог учир нийтийн тээврийн гол хэрэгсэл нь усан завь байдаг. Үүгээрээ ч жуулчдын сонирхлыг ихэд татдаг. Арвин их баялаг үүх түүхтэй энэ хот нь Европын урлаг соёл, уран барилгын төв болсон газруудын нэг юм. Жил ирэх тусам оршин суугчдынх нь тоо буурсаар байгаа Венец хотод өдгөө ердөө 53 мянга орчим хүн амьдардаг байна.
Венец хот усанд автах болсон нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой юу?
Хот ийнхүү үерт автах болсонд иргэд Венец хотыг үер усны аюулаас хамгаалах талаар сүүлийн 30 жил ярьсан ч бодит ажил болгож чадаагүй Италийн эрх баригчдыг буруутгаж байна. Харин эрх баригчид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ажилд урагшгүй хандсан гэж нэг нэгнээ буруутгаж сууна.
2003 оноос хотыг үерээс хамгаалах зорилгоор дэд бүтцийн төсөл хэрэгжиж эхэлсэн ч төдийлөн ажил хэрэг болоогүй байна. Төсөлд нийт 78 хөвөгч хаалга барихаар тусгасан байж.
Венец хотын захирагч Луижи Бругнаро “Венец хот үерийн өмнө өвдөг сөгдлөө. Одоо бидэнд эдгээр хүнд хэцүү цаг хугацааг даван туулахад хүн бүрийн тусламж хэрэгтэй байна” хэмээн твиттертээ жиргэжээ. Мөн тэрбээр усны түвшин ингэж их нэмэгдсэнийг уур амьсгалын өөрчлөлтийн улмаас мөс хайлж, далайн усны түвшин нэмэгдсэнтэй холбон тайлбарласан байна.
Хотын Байгаль орчны хорооны дарга Занони “Харамсалтай нь эрх баригчид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх бидний санал санаачилгыг дэмжээгүй. Одоо байгаа байдал нь энэ” хэмээн усанд автсан хурлын өрөөнийхөө зургийг нийтэлжээ.
Түүхийн дурсгалууд ч мөн үерт автжээ
Венец хотод түүх соёлын дурсгалт газрууд их бий. Тиймдээ ч жуулчдын хөл тасардаггүй газар. Энэ удаагийн үерт хамгийн их хохирол амсаад байгаа газар бол Гэгээн Маркийн цогчин дуган. Ойролцоогоор 1,000 жилийн түүхт энэ дуган 2018 оны арваннэгдүгээр сард усанд автсаны дараа гантиг чулуун шал, хүрэл хаалгыг нь сэргээн засварлахад 2,2 сая еврог зарцуулж байв. Харин удаа өмнөхөөсөө илүү хохирол гарах магадлалтай байна.
Үерт автсан өөр нэг дурсгалт газар бол хотын хамгийн нам дор газарт байрлах Гэгээн Маркийн талбай. Гэгээн Маркийн хөшөө байрлах энэ талбай 1200 жилийн түүхэндээ зургаа дахь удаагаа үерт автаж байгаа нь энэ.
Эх сурвалж: CNN, GUARDIAN, BBC
Холбоотой мэдээ