Австрали улсад ажиллаж, амьдарч буй Монголын мисс Д.Шүрэнцэцэгтэй сошиал хуудсаар холбогдож, ярилцлаа. Тэрбээр анх 16 насандаа Монголын дизайнеруудын холбооны загвар өмсөгчөөр карьераа эхлүүлж байсан бөгөөд “Мисс Монголиа-2009” наадмын “Miss Global City” өргөмжлөлт, “Мисс Монголиа-2011” наадмын “Miss Model” өргөмжлөлт мисс, “Гоёл-2018” наадмын “Шилдэг загвар өмсөгч” хамгийн сүүлд “Гоёл-2019” наадмын “Шилдэг фото модель”-иор шалгарч байсан юм. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.
-“Miss Auto D’Elegance 2019” миссийн тэмцээнд өрсөлдөж, титмийн эзэн болсонд баяр хүргэе. Тэмцээн онгоцны буудал дээр зохион байгуулагдсан нь сонирхолтой санагдсан?
– “Miss Auto D’Elegance 2019” тэмцээн нь дэлхийд анх удаа онгоцны буудал дээр нийтдээ 20 сая ам.доллараар үнэлэгдэх тансаг зэрэглэлийн автомашин, тусгай онгоцтой зохиогдсон гэдгээрээ олны анхаарлыг татлаа. Авсртали улсдаа томдоо орох гурван телевиз, 10 гаруй сонин, сэтгүүл, алдартай телевизийн шоуны од, жүжигчид, дуучдаас гадна 20 гаруй зурагчин хүрэлцэн ирсэн.
Энэ тэмцээний маань гол зорилго нь Австралийн “StarLight” гэх хөгжлийн бэрхшээлтэй, хүнд өвчтэй тэмцэж буй хүүхдүүдэд туслах зорилготой санд хандив босгох, Австралийн автомашины салбарыг сурталчлах зорилгоор зохион байгуулсан миссийн тэмцээн юм.
Миний бие уг тэмцээнд үзэсгэлэн гоо, эрдэм мэдлэгээрээ үнэлэгдсэн Австрали улсын миссүүдтэй өрсөлдөн, тэргүүн титмийн эзэн болсондоо баяртай байна. Ингэснээрээ бүтэн жилийн хугацаанд “Сайн үйлсийн аяны элч” болохоос гадна “Auto”, “Elegance” зэрэг хоёр сэтгүүлийн нүүр царай болох хариуцлагатай нэр хүндийн эзэн боллоо.
Австрали улсад зохион байгуулдаг бусад миссийн тэмцээнээс биеэ авч яваа байдал, мэдлэг боловсрол, бусадтай харьцах ур чадвар зэргийг голчлон шалгуураа болгож байгаа нь ажиглагдсан. Учир нь тэмцээний дараа тэр нэр хүндээ хэрхэн авч явах, элч нь байж чадах эсэхийг нь чухалчилдаг. Тэмцээний үеэр Кэти гэх дауны синдромтой охины модель болох хүслийг нэгэн орой биелүүлж, моделиор оролцохыг урьсан нь сайн үйлсийн аяны эхлэл нь байсан юм .
-Австрали улсад хэр удаан амьдарч байгаа вэ?
-Би Австрали улсап ажиллаж, амьдраад таван жил болох гэж байна. Анх энд англи хэлний мэдлэгээ сайжруулах зорилгоор ирж байсан. Тэр цагаас хойш менежментийн чиглэлээр суралцаж, саяхан магистрын зэргээ олон улсын бизнес, маркетингийн чиглэлээр давхар мэргэжилтэй суралцаж төгссөн. Суралцаж байх хугацаандаа Австралийн үл хөдлөх хөрөнгийн салбарт орж, туршлага хураагаад амжсан. Одоогоор өөрийн байгуулсан “World Travel Mongolia” аяллын компаниа хариуцан, Монгол Улсынхаа аяллын салбарыг Австрали улсад сурталчилж, моделийнхоо ажлыг орхигдуулахгүй хийж байна.
–Мисс Монголиа” наадамд таа цөөнгүй удаа оролцсон. Анх загварын тайзнаа хэдэн настайдаа гарсан бэ?
-Миний хувьд анх загварын тайзнаа 16 настайдаа гарч, Монголын дизайнеруудын холбооноос загвар өмсөгч болсноор карьераа эхлүүлж байлаа. Мөн 2016 онд Монголд амралтаараа очих үеэрээ “Miss Tourism International” тэмцээнд эх орноо төлөөлөн орох эрхэм үүргийг хүлээсэн нь “World Travel Mongolia” компаниа үүсгэн байгуулах үндэс болсон. Би анх загварын тайзнаа алхсанаас хойш 10 дахь жилдээ “Гоёл” наадамд оролцсон. Өнгөрсөн 2018 онд “Гоёл” наадмаасаа “Шилдэг загвар өмсөгч”, 2019 оны наадмаас “Шилдэг фото модель”-ийн шагналыг хүртсэн нь хамгийн сүүлчийн “Гоёл” наадам маань байсан гэж хэлж болно.
-Австралид ганцаараа амьдарч байна уу?
-Миний хувьд гэр бүлээсээ тусдаа амьдраад олон жил болж байна. Ганц эмэгтэй дүүтэй. Дүү, бид хоёр багаасаа эмээ, өвөө дээрээ өссөн гэж хэлж болно
-Таны дүү Д.Солонго загвар өмсдөг. Дүүтэйгээ нэг салбарт ажиллах гоё уу?
-Дүү бид хоёрын хувьд нас ойролцоо, нэг салбарт цөөн хэдэн жил ажилласных бие биеэ хэнээс ч илүү ойлгож, тусалдаг. Эгч дүү гэхээсээ илүү сайн найзууд шиг л байдаг.
-Ойрын төлөвлөгөөндөө юу багтаасан бэ?
-Монголын аялал жуулчлалаа сурталчлах, сая түрүүлсэн тэмцээнийхээ сайн үйлсийн элчийн үүрэгтээ төвлөрч ажиллаж байна. Ирээдүйд мэргэжлийнхээ чиглэлээр ажиллах төлөвлөгөөтэй байгаа.
-Монголдоо хэр ирж, очиж байна?
-Хамгийн сүүлд эх орондоо өнгөрсөн жилийн өвөл очсон. Энэ жил бас очих төлөвлөгөөтэй байна.
–Австралид монгол модель охин олон байдаг уу. Монголын загвар өмсөгчдийг хэрхэн үнэлж, хамтран ажилладаг бол?
-Австрали улсын Сидней хотод надаас өөр загвар өмсдөг Монгол охид одоогоор байхгүй. Австрали улс олон үндэстний орон учраас аль орны иргэн гэхээсээ илүү хэр чадвартай, ажлаа хариуцлагатай хийдэг эсэх, өрсөлдөөн дундаас гарч ирэх чадварыг голчлон анхаардаг. Мэдээж Монгол охин гэдгээрээ онцгойрч ялгардаг байх.
Гэр бүл, орон гэр, найз нөхөд, карьераа бүгдийг нь орхиод ганцаараа тэгээс эхлэхэд тийм ч амар байгаагүй. Гэрээ санаад уйлж, шантарч өгөх үе олон удаа гарч байсан ч зориг гаргаад хилийн чанад руу алхсан учраас зорилгоо биелүүлэхийг хичээсэн.
Шинэ газар дасан зохицож, хэл соёлыг нь сурч, өөрийн хүрээллээ бий болгоод, одоо эргээд харахад бахархмаар санагддаг. Мөн тэр бүхий л үед тусалж, дэмжиж байсан гэр бүлдээ талархаад барахгүй ээ.
-Мисс, загвар өмсөгчдөд кинонд тоглох урилга цөөнгүй ирдэг. Танд ийм санал ирж байв уу?
-Надад кинонд тоглох санал Монголоос ч Австралиас ч ирж байсан. Гэвч би мэргэжлийн жүжигчин биш учраас орон зайг нь мэргэжлийнх нь хүмүүст үлдээсэн нь зөв гэж боддог. Ер нь миний баримталдаг ганц зарчим бол өөрийн чаддаг, мэргэшсэн зүйлээ л хийгээд бусдыг нь мэргэжлийн хүмүүст даатгахыг зорьдог. Юм болгонд “Би чадна” гээд үсчээд байх хэрэггүй гэж боддог.
-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Чөлөөт цагаараа өөрийгөө хөгжүүлэх ном их уншдаг. Мөн кикбокс, усан сэлэлт, гүйх, иог зэргээр хичээллэдэг. Австралид ирснээсээ хойш амьдрах хэв маяг, орчноо дагаад спортын фен болсон. Зөвхөн гоё сайхан биетэй байхдаа биш оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүст тархины үйл ажиллагаа болон эрүүл байх үндэс нь болдог.
-Эмэгтэйчүүд гэлтгүй эрчүүд ч гоо сайхандаа их анхаардаг болсон Та гоо сайхандаа хэрих цагийг зарцуулдаг вэ?
-Хүмүүс итгэхгүй л байх. Гэхдээ би гоо сайхандаа нэг их цаг, мөнгө зарцуулдаггүй. Ихэвчлэн өөрөө бүгдийг нь хийчихдэг. Гадаад гоо сайхан гэхээсээ илүү дотроосоо эрүүл хоол хүнс хэрэглэхийг илүүд үздэг. Мөн биеэ зөв авч явах, бусадтай харилцах чадвар зэрэгтэй илүү цаг зарцуулахыг хичээдэг.
–Монгол брэндүүдээс хамтран ажиллах ирж байна уу?
-Ирдэг байсан, өмнө нь. Одоо бол гадаадад амьдарч байгаа учраас Монгол брэндүүдтэй хамтран ажиллах боломж бага байдаг.