ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн хурал дээр С.Нарышкин үг хэлэв

Хуучирсан мэдээ: 2015.09.16-нд нийтлэгдсэн

ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн хурал дээр С.Нарышкин үг хэлэв

ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурал дээр ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга, ОХУ-ын төлөөлөгчдийн тэргүүн С.Е.Нарышкины хэлсэн үг

/Улаанбаатар 2015 оны есдүгээр сарын 16/

Эрхэм хүндэт мэргэжил нэгт нөхөд өө!

Үг хэлэх боломж олгосонд би талархаж байна. Харамсалтай нь Хельсинкид ийм боломж олдоогүй юм. Тэгээд ч тэр нөхцөл байдал манай бүхий л байгууллагын хувьд шившиг байсан. Гэвч эхлээд энэ хурлыг зохион байгуулж буй бидний зочломтгой анд нөхдөд Монголын ардчилсан парламентын 25 жилийн ойн тохиолдуулан баяр хүргэж, Улсын Их Хурлын депутатуудад бүгдэд нь амжилт хүсэн, сонгогчдынхоо итгэл найдварыг ямагт хөсөрдүүлэхгүй байхыг ерөөе.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор Европ даяар тулгамдаад байгаа хэд хэдэн асуудлыг хөндөн ярихыг хүсэж байна. Тухайн тохиолдолд “Бүс нутгийн ауюлгүй байдал” гэдэг нэр томьёо надад хангалтгүй мэт санагдаж байна. Европ дахь үйл явдал ямагт бусад тив рүү цуурайлан хальж, нөлөөлж ирсэн. Дэлхийн хоёр дайны гал хоёулаа чухамхүү Европт асан дүрэлзсэнийг та бүхэн санаж байгаа.

Дэлхийн нэгдүгээр дайны босгон дээр Францын нийтлэлч, улс төрч Жан Жорес “Аливаа дайныг үг хэл өдөөдөг” хэмээсэн байдаг. Харамсалтай нь өнөөдөр ч гэсэн бид албан ёсны индэр дээрээс бодит баримт, эрх зүйн нотолгооны оронд сэтгэл хөдлөлийг хөөргөн дэвэргэсэн суртал ухуулга цацагдан буйг харж байна. Үүний үр дүнд дайны дараах бүхий л он жилүүдэд Европын аюулгүй байдлын асуудал анх удаа дэлхий нийтийн хувьд дахиад шийдвэрлэгч асуудал болоод байна. Харин манай гарагийн хувь заяаны төлөө, онцлон хэлэхэд, онцгой хариуцлага хүлээж байгаа Европын улс төрчид харамсалтай нь энэ асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаа билээ

Донбасст үргэлжлэн буй эмгэнэлт явдлууд, тив дэлхийн хамгийн төвд неонацизмыг чимээгүйхэн дэмжиж байгаа байдал, терроризм газар авч Умард Африк болон Ойрх Дорнодын орнуудын зуу зуун мянган дүрвэгч бий болсныг бид асар их санаа зовон ажиглаж байна. Дүрвэгчдийн асуудал нийгмийн талбараас ёс суртахууны хүрээнд хэдийнэ шилжжээ. Тиймээс ч НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаас Ромын пап хүртэл дэлхийн нэр хүндтэй олон хүн чухамхүү ёс суртахууны үүднээс үгээ хэлцгээсэн билээ.

Тийм ээ, дүрвэгчид одоо Европ руу жинхэнэ утгаар “довтолж байна”. Учир нь тэд өөрсдийгөө болон үр хүүхдээ тэсрэх сум, бөмбөгдөлт, өлсгөлөнгөөс аврах ганцхан хүсэлтэй байгаа. Тэгээд ч тэд зөвхөн энэрэнгүй үзэлд төдийгүй орон гэрт нь зохиомлоор асаасан дайны гал унтарна гэдэгт итгэж найдах эрхтэй билээ.

Энэ хооронд Европын нэр хүндтэй, хуруу дарам улс төрч л дайны гал яагаад ассан тухай асуудлыг тавьж байна. Европын холбооны хувьд дүрвэгчдийн тоог хязгаарлан хуваарилах талаар л маргаанд умбаж байна. Гэвч цорын ганц зөв шийдвэр гаргахад нь чин сэтгэлийн хомсдол саад болж байгаа. Үүн дээр бас харамсалтай нь ёс суртахуунгүй байдал нэрмэж байна. Тэгэхээр золгүй дүрвэгчдийг нууц гарц сувгаар тээвэрлэсний дараа бохир заваан хонгилд нуусаар л байна гэсэн үг. Эрсдэл гарсан тохиолдолд тэднээс ядах юмгүй ангижирна, задгай тэнгист усан онгоцноос завинд чихэн суулгаж, хөргөх тасалгаатай онгоцны цоожтой, бүгчим орчинд амь насаа алдахад хүргэдэг. Ийм явдал нэгэнт болсон, бүгд үзэж харцгаасан.

Олон улсын харилцааны өнөөгийн байдал нь зөвхөн үл ойлголцлын хямрал төдийгүй үнэт зүйлсийн өөрийнх нь хямрал гэж та бүхэнд санагддаг уу? Хэрэв тийм бол олон улсын эрх зүйгээр ч бамбай болгон халхавчлах нь утгагүй, учир нь энэхүү эрх зүй нь одоо өөрийг нь хичээнгүйлэн үгүйсгэж буй тэр л ёс суртахуунд үндэслэсэн байгаа. Үүнийг хүлээн зөвшөөрөхөд амаргүй гэдгийг ойлгож байна. Гэхдээ л энэ тухай би зүгээр л хэлэх үүрэгтэй.

Орос орон сүүлийн жил Украины сая дүрвэгчийг хүлээж авсныг сануулъя. Яг тоог нь хэлбэл, сая нэг зуун мянга. Европын Холбооны асуудлууд бол одоохондоо 2 дахин бага тоогоор хэмжигдэж байгаа. Гэтэл бид их бууны зай завсаргүй буудлага, олон угсардаг хайрцагласан бөмбөг болон фосфортой шатдаг бөмбөгний дэлбэрэлтээр эх орноосоо хөөгдсөн хүмүүсийг тусламж гуйн орь дуу тавилгүйгээр, тайван амгалан төвхнүүүлсээр байгаа. Мөн Донбассын зовж шаналж буй ард иргэдэд хүмүүнлэгийн тусламжийн цуваа жил гаруй илгээж байна. 45 мянган тонн хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэл, барилгын материалууд… Гэтэл Европын улс төрчид биднийг зэмлэн буруушааж, эм бэлдмэл, хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэхээ зогсоохыг шаардаж байна. Үүгээрээ хүмүүсийн эсэн мэнд гарах гэсэн сүүлчийн найдварыг таслахыг шаардаж байна. Ийм байхад ямар ёс суртахууны талаар ярих ч юм билээ?

Украины хямралыг гэтлэх ажил яриа хэлэлцээний бүхий л хэлбэрээр явагдах ёстой гэдэгт итгэлтэй байна. Хэн ч юу ч гэж хэлж байлаа гэсэн Минскийн хэлэлцээрээр хүрсэн тохиролцоо үүний үндэс болон үлдэх ёстой.

ЕАБХАБ-ыг зохих ёсоор үнэлэх ёстой, энэ бол нөхцөл байдлыг хэрхэн зохицуулах талаар өнөө ч хэлэлцсээр байгаа нийтийг хамарсан бараг цорын ганц талбар юм. Чухамхүү ЕАБХАБ л Украинд Тусгай хяналтын ажиллагаа явуулж, хоорондоо холбоо бүхий Талуудын бүлэгт оролцож байгаа билээ.

Харин манай Ассамблейн хувьд юу билээ? Украины асуудлаар парламент хоорондын харилцааны бүлэг байгуулах тухай Оросын санаачилгыг Бакуд сайшаан дэмжсэнээс хойш жил гаруй хугацаа хэдийнэ өнгөрчээ. Энэхүү шийдвэрийг дэмжсэн ноён Канерва болон түүний мэргэжил нэгт нөхдөд бүгдэд нь би дахин талархъя. Гэвч Украины болон Америкийн талууд хамтын үйл ажиллагаа эхлэх зүрх зориг гаргахгүй хэвээрээ л байна гэсэн яриа өнөө хэр нь сонсогдсоор байна. Ассамблейн гишүүдийн олонх нь үүнд зохих ёсоор анхаарвал дээрх Бүлэг цуглах учиртай. Түүнээс гадна би парламентын “нормандын” хэлбэрээр ч ажиллах нь зөв зүйтэй хэмээн үзэж байна.

Энэ хооронд Европын холбоонд Украины дотоод хямрал, цагаачлалын урьд өмнө үзэгдээгүй их өсөлтийн уг сурвалжийн талаар ярихаас зайлсхийсээр л байна. Болж буй үйл явдал өрнөдийн, эн түрүүнд Вашингтоны улс төрчдийн үйл ажиллагааны үр дүн бус харин байгалийн гамшигтай хамаатай мэт. Энэ бол дэлхий даяараа мэддэг өөрсдийгөө онцгой мэтээр үзэх шашны явцуу үзэлд үндэслэсэн өрнөдийн улс төрчдийн хязгааргүй их амбиц, зэвсэгт хүчирхийлэл хүртэл бүхий л арга барилаар ардчиллыг боомилж сурсан дадал зуршлын үр дагавар юм. Чухамхүү энэ л үр дагавар хэдийнэ хэд хэдэн тивийнхний энх тайван, амар амгалан байдлыг эвдэж, бүхэл бүтэн улс орнуудын хувь заяагаар тоглосон зүсэн зүйлийн өнгөт хувьсгал гарахад хүргэсэн билээ.

Одоо яригдаж буй зүйлсийг би өөрийнх нь нэрээр нэрлэж байгаа. Хэн нэгэнд энэ нь таалагдахгүй. АНУ, НАТО-гийн зүгээс Ирак, Ливи, Сири улсын хувь заяанд хөндлөнгөөс бүдүүлгээр оролцож байгаа нь цэрэг дайны сунжирсан сөргөлдөөн, хэдэн зуун мянган хүний үхэл, энгийн номхон хэдэн арван сая иргэний амьдралын хэв маягийг эвдэн бусниулахад хүргэсэн. Эцсийн бүлэгт ардчилсан эрх чөлөөгөөр лоозогнон байж террорист “Исламын улс“-ыг өсгөж бойжуулахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргах учиртай байжээ.

“Арабын хувьсгал” хэмээх үйл явдлын өмнөхөн бүрдсэн нөхцөл байдлыг та бүхэн лав санаж байгаа. Гэвч ардчиллын үнэт зүйлийг хүмүүсийн оюун ухаанд суулгахын тулд заавал цус урсгах шаардлагатай юм гэж үү? Хэрэв тийм биш бол хамгийн харанхуй, зэрлэг бүдүүлэг үеийн сэтгэлгээгээр сөргөлдөгч талаа яагаад хайр найргүй ниргэж, нийтийн эмх замбараагүй байдал дэгдээн, бие махбодоор нь цээрлүүлдэг юм бэ? Хэдийнэ гарчихаад байгаа энэ л ХХI зуунд хүчирхийлэл, зэрлэг харанхуй байдлыг хэн үлдэн хөөх юм бэ? Хариулт нь илэрхий: Энэ бол үй олноор хөнөөх зэвсэг үйлдвэрлэсэн хэмээн ямар ч баримт нотолгоогүйгээр Иракийн эрх баригчдыг буруушагчид, химийн зэвсэг хэрэглэсэн хэмээн Сирийн удирдлагыг буруушаагсад, харин одоо “Исламын улсын” зандалчдыг ялсан мэтээр огт байгаагүй ялалтаар өөрсдийгөө мандуулж буй тэр л хүмүүс.

Эрхэм хүндэт мэргэжил нэгт нөхөд өө!

Өнөөгийн хамгийн гол зүйл бол ёс суртахуунтай байх явдал гэж үзэж байна. Үнэн нүүр царайгаа нуулгүй, өнөөгийн дэлхий нийтийг хамарсан асуудлуудын учир шалтгаан, цаад эздийг шударгаар нэрлэх, түүнчлэн нэг гол зүйл бол үүнээсээ практик дүгнэлт хийх. Тиймээс эцсийн бүлэгт Сирийн эрх баригчидтай хамтран ажиллаж, бүх нийтэд нийтлэг заналхийлж буй терроризмын аюултай хийх тэмцэлд нэгдэж эхлэхийг Москвагийн зүгээс олон улсын хамтын нийгэмлэгт уриалж байна. Зөвхөн ингэснээр бид нөхцөл байдлыг, түүний дотор Европ дахь нөхцөл байдлыг тогтворжуулж чадах юм.

Аюулгүй байдлыг хангахад чиглэсэн дараах тодорхой зорилтуудад төвлөрөхийг Ассамблейн гишүүдэд би уриалж байна:

Нэгдүгээрт, яриа хэлэлцээний замаар Украины хямралыг шийдвэрлэх, манай парламент хоорондын бүлгийг даруй зарлан хуралдуулах;

Хоёрдугаарт, Төв болон Дорнод Европын орнууд дахь өргөн цар хүрээтэй цагаачлалын хямралтай холбоотой асуудлуудыг зохицуулах зорилгоор тэдгээрийн учир шалтгааныг бодитой задлан шинжилсэн илтгэл бэлтгэж, Ассамблейн ойрын хуралдаанууд дээр танилцуулах;

Гуравдугаарт, Эдийн засгийн болон хувь хүний эсрэг тавьсан хориг арга хэмжээний хөнөөлт нөлөөнд оршин буй Орос, Европын холбоо хоёрын түншлэлийг сэргээх ажлыг хамтдаа эхлэх.

Эцэст нь, улс төрийг эргээд ёс суртахуунтай болгоцгооё. Олон улсын харилцааны практикт яриа хэлэлцээ, эрх зүйг эргүүлэн авчирцгаая. Ардчилсан ёс жаягт энэрэнгүй үзлийн эрхэм дээд тэмүүллийг эргүүлж оруулцгаая. Хоёр нүүрлэх нь хэзээд, ямар ч сайн сайхан зүйлээр төгсөж байгаагүй. “Худал үг явуургүй” гэж Европын нэг зүйр цэцэн үг байдаг. Харин Орост бол “Үнэн л бол маргаад нэмэргүй” гэдэг. Та бүхэн миний хэлсэн үгийг сонссон хэмээн найдаж байна. Анхаарал тавьсанд баярлалаа.

Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж