"Бэлгийн сэдэлтэй онигоо бэлгийн дарамтын нэг хэлбэр"

Хуучирсан мэдээ: 2019.11.15-нд нийтлэгдсэн

"Бэлгийн сэдэлтэй онигоо бэлгийн дарамтын нэг хэлбэр"

"Бэлгийн сэдэлтэй онигоо бэлгийн дарамтын нэг хэлбэр"

УИХ-ын гишүүн, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарьтай ажлын байрны бэлгийн дарамт АББД-ын нөхцөл байдал болон цаашид хэрхэн шийдвэрлэх гарцын талаар ярилцлаа.


үүлийн үед ажлын байрны бэлгийн дарамт /АББД/ ихэсч байна гэх мэдээлэл хэвлэлүүдээр байнга гарах боллоо. УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны даргын хувьд АББД -т ямар түвшинд байна гэж та хэлэх вэ? 

-Ажлын байрны бэлгийн дарамт /АББД/ ямар хэмжээнд байгааг одоогоор нарийн үнэлэх боломжгүй. Харин Хүний эрхийн үндэсний комиссоос хийсэн судалгаанд энэхүү байдлыг бүх талаар харуулсан байдаг. АББД голдуу далд маягаар явагддаг. Хохирогчид тэр бүр Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргаад, өмгөөлөгчид хандаж асуудлаа бүрэн шийдүүлдэггүй. Энэ нь эрх зүйн орчин таатай бус, мэдээлэл муутай гэсэн үг. Өөрөөр хэлбэл, бид АББД болон бусад асуудал дээр хүчээ нэгтгэж зохих хууль, журамд өөрчлөлт оруулж, ажил хэрэг болгох цаг болжээ. Голдуу л хууль, хүчний, боловсрол, соёл урлагийн чиглэлийн байгууллага дээр ийм маягийн дарамт, харилцаа, буруу хандлага газар авсныг хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын кэйсээс харж болно. Магадгүй нэг хүйсийн зонхилж байна.

 -Тухайлбал,  ямар байгууллагуудад АББД хамгийн ихээр гарч байна вэ?

-ХЭҮК-оос 2019 оны эхээр гаргасан Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэлд тодорхой мэдээллүүд багтсан байгаа. Байгууллага гэхээс илүү салбараар нь гаргасан судалгаа бий. “Ажлын байрны бэлгийн дарамттай тэмцэх төрийн бус байгууллагуудын эвсэл” гэж мундаг эмэгтэйчүүд ажилладаг газар бий. Эднийхээс 2017 онд судалгаа явуулж 753 хүн хамрагдсаны 79.6 хувь нь “ажлын байрны бэлгийн дарамт их байдаг” гэж хариулжээ. Театр, урлаг, спорт, соёлын газарт тайзны ард, бэлтгэлийн үеэр охид, эмэгтэйчүүд бэлгийн дарамтад өртөж, авьяас, чадвараа олон нийтэд хүргэж харуулж чадахгүй, дуртай зүйлээ орхиход хүрч байгааг судалгаанд онцолсон байна лээ. Магадгүй нэг хүйсийн албан хаагчид давамгайлдаг гэдэг утгаараа Хууль сахиулах, Батлан хамгаалах байгууллагуудад хийгдсэн судалгаа илүү байж магадгүй.  Тэр ч утгаараа эдгээр байгууллагуудад АББД зонхилж байна гэж үзэж байна.

Спорт гэснээс шигшээ багийн тамирчид бэлгийн дарамтад өртдөг байсан тухай мэдээлэл нийгэмд ил боллоо. Энэ асуудлыг та анхааралдаа авсан уу?

-“Засгийн газрын мэдээ” сонин дээр энэ сарын 13-нд тийм мэдээлэл гарсан байна лээ. Сэтгүүлчид эерэг нийгмийн төлөө, хууль бус үйлдлийг ичлэхийн төлөө тэмцдэг хамгийн агуу улс. Тэд маань ажлаа л хийж байна. Тийм асуудал байсан болоод судлаач хүн судалгаа, кэйсээсээ задалж, мэргэжлийн байгууллагад хандсан байх. Ажлын байрны бэлгийн дарамттай тэмцэх төрийн бус байгууллагуудын сүлжээний хийсэн цахим судалгаанаас харахад бэлгийн дарамтад өртсөн 18-24 насны эмэгтэйчүүдийн 13 хувь нь урлаг, спортын болон цахим орчинд бэлгийн дарамтад өртсөн гэж хариулсан байдаг юм. Энэ асуудлыг эрх зүй, ёс зүй, нийгмийн хандлагаараа дамжуулан ажлын байрны бүхий л хэлбэрийн дарамтыг бид хамтдаа үгүй хийх учиртай.

Магадгүй хамгийн сүүлд танай дэд хороонд ирсэн АББД-тай холбоотой кейсүүдээс та хэлж болох уу?

-Бидэнд итгэн ирж хувиараа уулзан асуудлаа ярьсан хүмүүс бий. Бид зөвлөгөө өгөөд зохих байгууллагад хандаарай гэдэг. Хувийн нууцыг хуулиар хамгаална. Тэр бүр шууд яриад байх боломжгүй юм. Иргэд маань иргэний зориг гаргаж ХЭҮК-д хандах, асуудлаа хуулийн байгууллагад очиж шийдүүлээсэй гэж хүсч байна.

Боловсролын байгууллагын кэйс байна. …“Хууль, дүрэм, журам тус сургууль дээр хэрэгждэггүй. Ажлын байран дээр архидах, завхайрах явдал хэрээс хэтэрч байгаа. Ажлын байран дээр байнга сэтгэл зүйн дарамт үзүүлдэг. Жишээ нь: Ажлаасаа гар, зайл. Оронд нь ажиллах хүн байна гэх мэтээр хувийн үзэл бодол таарахгүй хүмүүсийг удирдлагууд дарамталдаг. Захиргааны ажилтнууд эмэгтэй багш нар болон оюутнуудад уулзах санал хүчээр тавьж, шахалт үзүүлдэг. Уулзахгүй бол элдэв хов живэнд оруулна гэж дарамталдаг. Сургууль нийтээрээ энэ асуудлыг мэддэг ч зоригтой дуугарч хэлж чаддаггүй. Захиргааны залуу эмэгтэй ажилтнууд энэ асуудлаас болоод ажлаасаа гардаг ч юм бил үү гэсэн бодолтой болсон.”

Багш, оюутнуудтай хийсэн ярилцлагын хэсгээс хэлэхэд, …”Энэ талаарх мэдлэг муу. Энэ хуулийн хэрэгжилт ч гэсэн маш муу. Ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой асуудал гарч байсан талаар сонсож байсан. Тухайлбал манай сургуулийн багш эмэгтэй оюутнуудад бэлгийн дарамт хэд, хэдэн удаа учруулж байсан гэж дуулсан. Мөн өргөдөл өгсөн оюутнуудаа дарамталж өргөдлийг нь буцаан татуулсан учраас уг асуудлыг ёс зүйн хороогоор хэлэлцээгүй орхисон. Манай захирлын талаар ийм асуудал гарсан гэж сонссон” гэж тэмдэглэгдсэн мэдээлэл байна. Их, дээд сургуулиудад бэлгийн дарамт асуудал болоод байгааг эндээс харж болно.

Таны бодлоор доорх үйлдлүүдийн аль нь АББД вэ? гэсэн санал асуулгын байдлыг харья. Бэлгийн сэдэлтэй онигоо, хошин яриа ярих 18,2, биеийн эмзэг хэсгийг анзаарч ярих, ширтэх 35,2 хувь, бэлгийн харилцааг янз бүрээр илэрхийлсэн зураг, дүрс бичлэг үзүүлэх 43, зөвшөөрөлгүй илэх, үнсэх, тэврэх, базах, хувцас тайлах гэж оролдох гэх мэт 69,8 хувь, бэлгийн харилцаанд орохыг янз бүрийн байдлаар санал болгох 67,8, хүсээгүй халамж тавих /тогтмол анхаарал халамж үзүүлэх, бэлэг сэлт өгөх, оройн хоолонд урих, хамт зугаалгаар явахыг хүсэх, зугаа цэнгэлийн газраар явахыг урих, бусад янз бүрийн амлалт өгөх/ 35,7 хувь гэж хариулсан байдаг. Тэгэхээр ажлын АББД янз бүрийн нөхцөл болзлоор, янз бүрийн газарт, төрөл бүрийн хэлбэрээр илэрч байна. Тухайн хохирогч хууль буй үйлдлийг зөвшөөрөөгүйн төлөө заналхийлэх, шахалт дарамтад өртөх 70,6, хүч хэрэглэж бэлгийн харилцаанд оруулахыг завдсан, оруулсан гэж 68,7 хувь нь хариулжээ. Судалгаанд оролцогчдоос хариулт өгсөн 3087 хүн байна.

-Батлан хамгаалахын сургуулийн багш нар оюутнууддаа бэлгийн дарамт үзүүлдэг талаар та ярьж байсан. Энэ мэт их сургуулиудын оюутнууд бэлгийн дарамтад өртдөг гэдэг нь дээрх кейст ч гарлаа?

-Ер нь бол тийм тохиолдол мэр, сэр, илт, далд байгааг нуугаад яахав. ХЭҮК-ынхны хийсэн судалгаанд энэ талаар бас баримт бий. Шалгалт нэрээр оюутнуудыг, дарга, том цолтой эрдэмтэн хэмээн далайлгаж хувийн хүсэл, сонирхлоо ажилтнуудад гаргаж болохгүй. Өнөөдрийн монгол сонинд гарсан нийтлэлийн баримтыг үндэслэн эдгээр албан тушаалтнууд ажлаасаа халагдсан талаар би ярьсан. Ер нь одоо ч ийм гомдол ил, далд байгааг нуугаад яахав. “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ”-с их, дээд сургуулиуд болон ажлын байранд гарсан дарамтын талаар судалгаа гарсан байдаг.

Ажлын байрны бэлгийн дарамттай тэмцэхийн тулд зарим холбоотой хуулийг хэрхэн чангатгах ёстой вэ, асуудал яг хаанаа байна, хуульдаа юу эсвэл бусад шалтгаан байна уу?                   

– Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиар энэ асуудлыг зохицуулж ирсэн. Гэхдээ байгууллагууд хуулийг хэрэгжүүлээгүйгээс болоод асуудал даамжирч байгаад анхаарах ёстой. АББД-тай холбоотой заалтыг Эрүүгийн хуулиас хасч, Зөрчлийн хуульд 100 мянган төгрөгөөр торгохоор өөрчлөлт оруулж байгааг бид зөвшөөрөхгүй. Сэтгэл санаа, бие мах бодиороо хохирч ажлын бүтээмжгүй, ажил албан дээрээ нэр хүндгүй болсон зэргээр тухайн хүн ихээр хохирч гундаж, гутарч байхад дарамтлагч этгээд 100 мянган төгрөг төлөөд л охид, эмэгтэйчүүдийг дээрэлхээд байж таарахгүй. Ялангуяа АББД учруулсан бол хатуу шийтгэх ёстой. Тиймээс Хөдөлмөрийн тухай хууль,  Эрүүгийн тухай хууль,  Зөрчлийн тухай хууль, Төрийн албаны  тухай хууль болон Засгийн газрын тогтоолууддаа хүртэл өөрчлөл оруулж өгөх шаардлагатай байна. Мөн нийгэмд энэ талаар мэдээлэл сайн өгөх хэрэгтэй. Ингэхдээ уг асуудлаар иргэн эрхээ хаана, хэрхэн хамгаалуулах талаарх зохицуулалтыг нарийвчлан гаргаж өгөх шаардлагатай. Ерөнхийдөө бол бэлгийн халдашгүй байдлыг тунхаглах хэрэгтэй юм.

Ажлын байран дахь бэлгийн дарамт чимээгүй тахал шиг л байна. Мэдээж ажил дээрээ ямагт дарамтад орж байгаа хүмүүс тэр бүр энэ асуудлаа ил зарлаад байх боломж нөхцөл өнөөдрийн нийгэмд алга. Намайг тоосонгүй гээд ажилтнаа зодож байгаа даргыг яах ёстой вэ гээд яривал нарийн зүйл бий. Гэлээ гээд АББД үзүүлсэн албан тушаалтнуудыг 100 мянган төгрөгөөр торгоод байх уу. Хохирогчдын тоог цаашид нэмэхгүй байх сан. Тиймээс зохих хуульд өөрчлөлт оруулна.

Ажлын байрны бэлгийн дарамтыг хориглох, урьдчилан сэргийлэх, хариуцлагыг оновчтой болгох асуудлыг Хөдөлмөрийн тухай хуульд тодорхой тусгах шаардлагатай гэдэгтэй санал нийлэх үү?

-Яг тийм. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад “Ажил мэргэжил, хөдөлмөрийн харилцаанд дарамтыг хориглох” заалт оруулахаар явж байгаа. Энэ хуулийн хүрээнд ажлын байран дахь бэлгийн дарамтыг хориглох, хариуцлагын тогтолцоог тодорхой болгож тусгаж байгаа. Үүний зэрэгцээ Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 23-ны 33 дугаар тогтоол гарсан. Дүрэм батлах тухай юм.  Төрийн албаны тухай хуулийн 40.2, Төрийн албаны зөвлөлийн саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг баталсан байдаг. Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2019 оны 122 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон байгаа. Байгууллагын дотоод журмыг энэ тогтоолоор баталсан дүрэмд нийцүүлэн баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг төсвийн шууд захирагч нарт даалгасан байдаг. Эрх бүхий байгууллагууд Засгийн газрын тогтоол ямархуу хэрэгжиж байгааг шалгах байх. Зарим тохиолдолд ажлын байранд ажил олгогчоо шантаажлах тохиолдол гарсан байдаг. Өөрийн ажлын хариуцлагагүй үйлдлээ өмөөрөх, үүнийгээ хүлээн зөвшөөрөхгүйн үүднээс удирдах ажилтныхаа нэр төрд халдах, худал гүтгэх гэх зэрэг үйлдлүүдийг гаргасан тохиолдол байна.

Та яагаад ингэж хэлэх болов?

– Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиар АББД-ын асуудлыг зохицуулж ирсэн. Гэхдээ энэхүү хуулийн заалтыг байгууллагууд хэрэгжүүлээгүйгээс болоод асуудал даамжирч байгаа гэж хэлж ч болно. Яамд, аймаг, сумдын ЗДТГ,  төрийн байгууллагууд хуульд заасны дагуу байгууллагын дотоод журамдаа энэ талаар зааж бэлгийн дарамт учруулах эрсдэлээс сэргийлэх ёстой. Гэтэл тэгсэнгүй. Хүний эрхийн үндэсний комиссоос 2018 онд ажил олгогчид  хуульд заасан арга хэмжээг хэрэгжүүлсэн талаар судалгаа авч дүн шинжилгээ хийжээ. Дийлэнх аймгууд нь хэрэгжүүлдэггүй, хариу ирүүлдэггүй, үүнд ач холбогдол өгөхгүй байна.

Хуулийн хатуу заалт хэрэгтэй болов уу?

-Эрүүгийн хуулийн 12.4 дэх заалтыг эгүүлэн сэргээх зөвлөмж гаргах нь ирэх Мягмар гаригт болох хэлэлцүүлгийн гол зорилго юм. Хохирогчид мэдээж үүнийг хүсч байгаа. Ажлын байран дахь бэлгийн дарамтыг гэмт хэрэгт тооцож Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг бид шаардана. Ажлын байран дахь бэлгийн дарамтад өртсөн хохирогчдод сэтгэл зүйн болон нөхөн сэргээх үйлчилгээ, хууль зүйн туслалцаа үзүүлэх, ажлын байрны баталгааг нь хангах, хохирогчийг хамгаалах зохицуулалтыг хууль, тогтоомжид тусгах ёстой. Төрийн албаны тухай тухай хуулийн шинэчилсэн найруулгын 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх хэсгийн болон 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсгийн заалт зөвхөн төрийн захиргааны болон тусгай албан хаагчид хамаарахаар ялгамжтай тусгасныг өөрчилж төрийн, улс төрийн болон үйлчилгээний албан хаагчийн зөрчлийг  хуульчлах ёстой.

Хүчирхийлэлд өртсөн хохирогч цагдаад хандахад цагдаа дээр бэлгийн дарамтад өртдөг гэх мэдээлэл бий?

-Энэ байдлыг яг тогтоож, нарийвчлан гаргасан судалгаа байхгүй. Гэхдээ цөөн гомдол гарч байсан юм билээ. Хэдэн ажилтны зан, харилцаа, зохисгүй үйлдлээс  болж тухайн байгууллагыг бүхэлд нь харлуулж ойлгож болохгүй. Гэхдээ намайг үл тоолоо гээд ажилтнаа зодож болохгүй л дээ. Энэ бол ажлын байрны хүчирхийллийн нэг хэлбэр. Аливаа хүчирхийлэл, дарамтын эсрэг дотоод журам гаргаж мөрдөөд ирэхээр энэ асуудал хяналттай, буух эзэн, буцах хаягтай болно. Цагдаагийн байгууллагын дарга ажлын байранд хүний биед халдаж дарамт үзүүлчихээд цалингийн 20-30 хувиар торгуулаад байж таарахгүй. Дараа, дараагийн гарах дарамт ингээд зогсох уу гэх мэтээр асуудал бий. Ажилтандаа шаардлага тавихдаа хүний биед халдсан зөрчил гарч зохих арга хэмжээг авсан байдаг.

Олон улсад АББД-ыг яаж зохицуулсан байдаг юм бэ?

-Улс бүр өөрийн онцлог, нийгмийн нөхцөл байдалд тохируулж хуульчилж, дүрэм, журам гаргадаг. ОУ-ын Хүний эрхийн байгууллагуудын судалгаагаар 130 оронд АББД-ыг эрүүгийн гэмт хэрэг гэж тооцдог.

-АББД-т байгаа нь нэгэнт манайд ил болсон. Тал талдаа ярьсаар л өнөөг хүрсэн. Харамсалтай нь таслан зогсоох бодит арга хэмжээ  хангалтгүй байгаа. "Ажлын байр-Аюулгүй орчин” хэлэлцүүлэг зохион байгуулагдах гэсэн. Тус хэлэлцүүлгээс  гарах үр дүн нь юу юм бэ?

– УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос 2019 оны 11 дүгээр сарын 19-нд Төрийн ордонд “Ажлын байр-Аюулгүй орчин” хэлэлцүүлгийг зохион байгуулна. Нийгэмд эерэг хандлага, харилцаа түгээх энэхүү ажилд Европын холбоо өндөр ач холбогдол өгч бидэнтэй нягт хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлье. УИХ-ын эмэгтэй гишүүд, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс,  “Ажлын байрны бэлгийн дарамттай тэмцэх төрийн бус байгууллагуудын эвсэл”, НҮБ, АНУ, Австрали, Унгар, Франц, Герман, БНСУ, Япон,  зэрэг улсын Элчин сайд нар хэлэлцүүлэгт урилгаар оролцоно. Төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл илтгэл тавьж, санал боловсруулж оролцохоо мэдэгдсэн. Зарим байгууллага АББД-гүй орчны төлөө хөдөлмөрийн дотоод журмаа боловсруулаад эхэлсэн байна. Удирдах байгууллагаас нь заавар өгч, журмаа боловсруулах шатандаа явж байгаа мэдээлэл ч дуулдлаа. Энэ бол ажлын эхлэл сайхан байгааг харуулж байна. Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Зөрчлийн тухай хуульд  нэмэлт өөрчлөлт  оруулах, ажлын байрны бэлгийн болон бусад дарамтыг таслан зогсоох, аливаа хүйсийн дискреминаци, эерэг хандлага бий болгохыг ажлын хэсгийнхэн маань зорьж байна. Ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн охид, эмэгтэйчүүдийн эрхийг хэрхэн хамгаалах гарцыг нийтээрээ хайж мэргэжлийн судлаач, байгууллагуудын саналыг нэгтгэж зөвлөмж гаргана. Олон хүн энэхүү арга хэмжээг амжилттай болоосой гэж илд, далдаас хүслээ. Тиймээс бүгдээрээ хамтдаа ажлын байрны дарамтын эсрэг хүчээ нэгтгэцгээе. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг. Бид ирээдүйдээ, үр хүүхдэдээ сайхан нийгэм үлдээхийн төлөө энэ бүхнийг хийж байгаа гэдгийг ойлгоосой. Америкчууд ийм зүйлд өртсөн гэдгээ нээлттэй хэлээд асуудлаа шийдвэрлээд явдаг жишээтэй. Тиймээс үүнд бид зориг гарган нээлттэй хандах хэрэгтэй. Энэ бол зүгээр хэвшмэл ойлголт бол огт биш юм аа, үүнтэй бид хатуу тэмцэх учиртай.

-Гишүүн ээ, тантай уулзсаных нэг зүйл тодруулж  болох уу?

-Юу юм бол.

-Б.Болороо танд гомдсон тухайгаа нүүр номын хуудсандаа бичсэн байсан. Б.Болороог суултаа зогсоохоос нэлээд хэдэн өдрийн өмнө та уулзсан юм билээ. Танд яагаад Болороо хатуу үг "чулуудав"?

-Өнгөрсөн тав дахь өдөр буюу  арваннэгдүгээр сарын 8-нд УИХ-ын чуулгантай байх үеэр C.Чинзориг сайд яаралтай уулзаж “Буянжаргалын Болороогийн талийгаач нөхрийн асуудлыг анхааралдаа авч зөвлөгөө өгөөч” гэснээр манай өрөөнд 50 орчим минут хүлээн авч уулзсан. Шүүхийн шинжилгээний төв, СХД-ийн хяналтын прокурор, СХД-ийн Цагдаагийн газрын дарга нартай ярьж эл хэргийг шуурхай, үнэн зөв шийдэхийг хүслээ. Удахгүй хэргийн талаар бодит мэдээлэл явуулъя гэлээ. Нэг дэх өдөр Сүхбаатарын талбай дээр гарч Б.Болороотой уулзсан, нөхцөл байдлыг тайлбарласан. Хууль зүйн сайдтай уулзуулах хүсэлтийг дамжуулахаа хэлсэн. Эрүүгийн Хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэргийн мөрдөн шалгах үйл ажиллагаанд хэн ч хөндлөнгөөс оролцох ёсгүй гэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа цаг хугацаа алдах, хүний эрх зөрчигдөх зэрэг асуудал гаргахгүй хэргийн бодит байдлыг тогтоох талаар ямар ахиц гарч байгаа талаар хууль хяналтын байгууллагаас мэдээлэл авсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж