Америк мөрөөдлийг булшилсан өнгөт хувьсгалууд

Хуучирсан мэдээ: 2010.07.27-нд нийтлэгдсэн

Америк мөрөөдлийг булшилсан өнгөт хувьсгалууд

Далайн ус хог хаягдлаа эрэг дээрээ гарган шиддэг шиг нийгмийн хөгжил ч мөн адил хэрэгцээгүй болсон бүхнээ замын хажуу руу шидэх ажээ. Одоогоос яг хорин жилийн өмнө нэгэнт цагаа өнгөрөөсөн Зөвлөлт засаглалыг ийнхүү хоцрогдлын түүх болгон шидэж байх үед хамт шидэгдчихгүйн тулд энэ л хамтын нийгэмлэгт багтаж байсан 15 улс орон барууны гэсэн л тодорхойлолттой бол “наашаа” гэсэн болгон руу харайж очиход бэлэн болсон байв. Тэгэхдээ бусдаасаа арай л содон Латви, Литва болон Эстони гурван улс мөн л бусдаасаа илүү шуурхай байж барууны, тэгэхдээ Европ чигийн хамтын нийгэмлэгийг бараадан Европын холбоо болон бүр цаашлаад НАТО-ийн эгнээнд шингэн орсон билээ. Харин үлдсэн 12 “бүгд найрамдах улс”-ын хувьд байдал тун эгзэгтэй байсан юм. Хүн ам, газар нутаг болоод социализмын үзэл суртлаар нэвчсэн “толбоны” хэмжээгээрээ ч тэр Балтийн улсуудыг бодвол хамаагүй том байсан эдгээр орнуудын хувьд Баруунд хүлээн зөвшөөрсөн тэр л даяаршилд багтан орох бололцоо тун ч бүрхэг харагдаж байсан нь үнэн. Одоо ч тэр “манан будан” арилаагүй хэвээр.

Өнгөт “үрэл” буюу хувьсгалууд
Өрнөдөөс үлээх хувьсгалч салхи тэрхүү манан буданг үлдэн хөөхийн оронд харин ч иргэний дайн, үл ойлголцлын түймрийг хөөргөдсөн сөрөг үр дүн авчрав. Тодорхойгүй байдалд төөрсөн “зөвлөлтийн ард түмний” маргаашийн сайн сайхныг хүсэж мөрөөдсөн гэнэн итгэл найдлага дээр дөрөөлөн АНУ тэргүүтэй Өрнөдийнхөн моринд нь мордуулсан “өөрчлөн байгуулалтын” оргил цэг нь яван явсаар “өнгөт хувьсгал” болон хөгжсөний үр дүн ингэж гарсан нь харамсалтай. 2003-2005 оны хооронд болсон тэдгээр “өнгөт хувьсгал”-ын хамгийн өрнөлттэй голомт нь байсан экс-зөвлөлтийн гурван улс  нь Украйн, Гүрж, Киргиз болж байна. Эдгээр гурван оронд гарсан өнгөт хувьсгалын хоёрых нь үр дүн барууныхны хүсэж байсан зорилгод хүрээгүй юм. Украйн болон Киргизэд өнгөт хувсгалаар төрийн эрхэнд гарсан удирдагч нар нь (Виктор Ющенко, Курманбек Бакиев) олон нийтийн эсэргүүцлийн үр дүнд сэнтийгээ орхиход хүрсэн билээ. Гүржийн хувьд өнгөт хувьсгалын нэг л үр дүн тогтвортой байгаа нь ерөнхийлөгч Саакашвили. Гэвч хөрш орнуудынхаа эгдүүцлийг байнга хүргэж байдаг Саакашвилийн гадаад бодлогын уршгаар түүний ялалт байгуулсан “өнгөт хувьсгалын” үр дүн улам бүдгэрсээр л байна. Үүний дээр одоогийн АНУ-ын засаг захиргаа “өнгөт хувьсгал”-ын тухай ярих ч дургүй байгаагаа илэрхийлсээр ирэв. Энэ нь ч аргагүй бололтой. Саяхан дүрэлзээд өнгөрсөн Киргизийн иргэний дайнд хүрсэн үймээн нь хуучин зөвлөлтийн гэгдэх орны иргэд элдэв хуурамч амлалтад ахиж итгэхгүй гэдгийг харуулсан юм. Энэ нь Вашингтоныг эдгээр орнуудын хувь заяанд дахин оролцох сонирхлыг нь дарж өгч байх шиг байна. Ийм нөхцөлд “өнгөт хувьсгалын” голомтууд хэрхэх бол гэдэг нь сонин.

Гүрж:
Михайл Саакашвилийг 2003 онд төрийн эрхэнд гаргаж ирсэн өнгөт хувьсгалын  анхдагчийг гүржүүд “сарнайн” өнгөөр тодорхойлсон билээ. Тухайн үед Гүржийн ерөнхийлөгч байсан Э.Шевардназег түлхэхийн тулд Саакашвили тэргүүтэй сөрөг хүчинд АНУ-ын төрийн бус байгууллагууд идэвхтэй дэмжлэг үзүүлж байхдаа чухам тэр унагаахаар чармайсан хүн нь М.Горбачевтай хамтран хүйтэн дайны түүхэнд төгсгөл тавьж байсныг эргэн санаагүй л өнгөрсөн. Америкчууд “сарнайн хувьсгал”-ыг хийхэд зориулан 42 сая ам.доллар зарцуулсан гэж Гүржийн парламент дээр яригдаж байсан мэдээллээс иш татсан нь бий. Гэвч  хожим нь АНУ-ын төрийн бус, санхүүжүүлэгч томоохон байгууллагын нэгийг толгойлогч Жорж Сорос энэ тоог үгүйсгэж хэлэхдээ “ Бид Гүржийн нийгмийг энэ үйл явдалд бэлдэж чадсандаа тун бахархалтай байгаа. Гэвч түүнд зориулсан хөрөнгийн хэмжээ болон миний өөрийн оруулсан хувь нэмрийн талаар хэтэрхий өсгөж мэдээлсэн байна” гэж мэдэгдэж байжээ. Гүржийн “өнгөт хувьсгал”-ын удирдагч идэвхтэй үйл ажиллагаа явуулахыг чармайж байгаа ч түүний гол түшиг тулгуур нь болох учиртай гэгдэх  АНУ  туслах гэж төдий л чармайлт гаргахгүй байна. Тэр ч байтугай 2008 оны 8-р сард Гүрж, Орос хоёрын хооронд болсон таван өдрийн зэвсэгт мөргөлдөөний дараа Өмнөд Осети болон Абхазийг Гүрж нөлөөнөөсөө алдаад байхад ч АНУ –аас дорвитой дэмжлэг үзүүлээгүй нь Саакашвилийн байр суурийг улам ганхуулж байна. Тэрээр Тайм сэтгүүлд өгсөн нэгэн ярилцлагадаа,  “ Та нар өөрийн холбоотон болох Гүржийг хаяж байна. Гэхдээ энэ ч гол нь биш, удахгүй Орос АНУ-аас Зөвлөлтийн үеийн нөлөөллөө нэхэх болно” гэжээ.

Украйн: Гүржийг бодвол Украйн улс анхнаасаа АНУ-ын туслалцаанд итгэлтэй бус байсан гэж түүхчид үздэг. Учир нь Зөвлөлт гүрэн задрахаас  дөрвөн сарын өмнө эцэг Буш Киевт мэдэгдэл хийхдээ “Үндэсний үзлийг дэмжигч нарт АНУ хэзээ ч туслахгүй” гэж байжээ. Үнэн хэрэгтээ бол чухам тэр үндэсний үзлийн суурь нь л украйнчуудыг баруун луу чиглэсэн тусгаар бодлоготой улс болоход түлхэж байсан хэрэг. Тийм болохоор 17 жилийн дараа бага Буш Украйн улсыг НАТО-д элсүүлнэ гээд “гүйж” явахад нь түүнд тэгтлээ их итгээгүй аж. Тэр нь ч зөв болох нь батлагдаж НАТО эгнээндээ Украйныг багтаасангүй, харин далайн хүчний байршил болгон ашиглаж тэнгисийн цэргээ л оруулсан юм. Тиймээс гялайх ганц туслалцаа нь 2004 оны төгсгөл 2005 оны эхээр болсон ужиг хэрүүл, тэмцэлтэй сонгуулийн эцэст бас нэгэн “өнгөт хувьсгал”-ыг ялалтад хүргэсэн дэмжлэг л байсан болов уу. “Жүржийн” хэмээгдэх энэ хувьсгалаар Виктор Ющенко төрийн эрхэнд гарч зөвлөлтийн үеэс удирдаж ирсэн Леонид Кучмагийн засаглалыг залгамжлагч Януковичтай нь хамт “мулталсан” билээ. Гэвч дараа нь украйнчуудын “америк мөрөөдөл” биелсэнгүй. Хэдийгээр В.Ющенко сайн эдийн засагч гэгддэг ч Украйны эдийн засагт шинэчлэл хийж, чадаагүйгээр барахгүй улс орныхоо хөрөнгийн хуримтлалыг нь үрэн таран хийж дээр нь ОУВС-аас хатуу нөхцөлтэй олон тэрбум долларын зээл авахад хүргэсэн байна. Гэвч зээлийн тодорхой хувийг ОУВС өгөхөөс татгалзаж, үүнийгээ тус улсад эдийн засгийн шинэчлэл хийгдэж чадаагүйтэй холбоотой гэсэн тайлбар өгсөн юм. Энэ мэт олон бүтэлгүйтлийн эцэст энэ оны эхээр явагдсан сонгуулийн дараа “өнгөт хувьсгал”-ын удирдагч огцорсон билээ.

Киргиз: Магадгүй хамгийн өртөг өндөртэй “өнгөт хувьсгал” нь энэ улсад болсон байж магадгүй. Гэхдээ энэд өртөг гэдгийг мөнгөөр биш хувьсгалын төлөө төлсөн хүний амь, түүнээс үүдсэн хүчирхийллийн дүнгээр хэлж байгаа хэрэг. 2004 оноос санхүүжин 2005 оны хавраас эхэлсэн “Хонгорзул цэцэг”-ийн өнгөт энэ хувьсгалаар мөн л зөвлөлтийн үеийн удирдагч А.Акаев ерөнхийлөгчий огцруулж К.Бакиевт төрийн эрхийг өгсөн билээ. Урт хугацаанд үрргэлжилсэн олон нийтийн жагсаал тэмцлийн үр дүнд ерөнхийлөгчийг нь сольж өгсөн “өнгөт хувьсгал”-ыг санхүүжүүлэхээр АНУ-ын төрийн бус байгуулагууд багагүй чармайлт, хөрөнгө мөнгө зориулсан бөгөөд А.Акаевийг улс орноосоо зугатан гарсаны дараа Фридом Хаус төслийн удирдагч Майк Стоун гэгч “ Зорилт биелэгдлээ” гэж  хэлж байжээ. Өнгөц харахад өнгөт хувьсгалыг ялуулж киргиз иргэдэд барууныхны тусламжийн гарыг сунгах зорилт байсан мэт санагдана. Гэвч тийм зүйл болсонгүй. 2007 оныг хүртэл АНУ-аас Киргизэд оруулсан шууд хөрөнгө оруулалт ердөө л 13 сая ам.доллар байсны гуравхан хувь нь л киргизчүүдэд очсон байна. Үлдсэн хувийг нь Киргизийн Манас хотын орчим байрлуулсан агаарын хүчний баазад зориулжээ. Тэгэхээр өнгөт хувьсгалын дараа киргиз иргэдийн амьдрал хувь заяанаас илүүтэйгээр америкчуудын санаа тавьсан зүйл нь цэргийн баазаа байрлуулж, түүнийгээ тордох л байсан гэж харагдаж байна. 2001 оны 9-р сарын 11-ээс хойш АНУ-ын аюулгүй байдлыг хангахаар авч байгаа арга хэмжээний нэг болох АФганистанд явуулж байгаа дайны нэгэн түшиц газар ийнхүү “өнгөт хувьсгал”-ын дараа бий болсон түүхтэй. Харин “америк мөрөөдөлтэй “ өнгөт хувьсгал”-ын удирдагч нь хэдийнээ хөөгдсөн Киргизэд өнөөдөр зэвсэгт мөргөлдөөнд үрэгдсэн мянга мянган хүний булш, үе үе гарах хүчирхийлэл, доромжлогдон хөөгдсөн үндэстний цөөнх болох 100 мянган узбек иргэдийн хоосон орон гэр л ул мөр нь болж үлдээд байгаа юм.

Швейцарийн Ай эс эн сэтгүүлийн нийтлэлээс ишлэв

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж