Хүйтэн сэрүүний улирал эхэллээ. Гадаа автобус хүлээж удаан зогсохыг хэн ч хүсэхгүй. Хэн хүнгүй л өглөө ажилдаа хоцролгүй очиж, орой гэртээ хурдан харихыг бодно. Хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр /2019.11.13/ зарим автобусанд сууж, иргэдтэй буу халав. “Автобус өвлийн улиралд хүйтэн, цонх нь цантдаг, гадаа удаан хүлээж зогсдог байдлыг шийдвэрлэх” гэхчлэн саналуудыг иргэд түүнд хэлж байв. Гэхдээ хотын дарга ганц удаа автобусаар явж иргэдийн үгийг сонслоо гээд энэ бүх асуудал шийдэгдчихгүй.
Нийтийн тээврийн үйлчилгээнд явах боломжтой нийт 1200 автобус бүртгэлийн санд байдгаас өнөөдрийн байдлаар 95 чиглэлд 900 автобус нийтийн тээвэрт үйлчилж байна. Харин ажлын өдрүүдийн ид оргил цагаар өглөө 18, орой есөн чиглэлд нэмэлтээр 27 автобусыг нийтийн үйлчилгээнд гаргадаг гэх. Гэсэн ч өдөр бүр нийтийн тээврээр үйлчлүүлдэг 600 мянган хүний хэрэгцээг эдгээр автобус хангаж байгаа эсэх нь тунчиг эргэлзээтэй. Нийтийн тээврийн дундаж хурд 12-11 км цаг болсон бөгөөд бүр түгжрэлтэй үед найман км цаг хурдтай явж буй. Энэ бол алхаж яваа хүнтэй ижил хурдтай гэсэн үг. Гэхдээ өвлийн тэсгэм хүйтэнд хэн л алхахыг хүсэх вэ дээ.
Ажил, гэр, хичээл, сургуульдаа нийтийн тээврээр зорчдог хагас сая хүний зовлон үүгээр дуусахгүй. Ажил тарах цагаар Улаанбаатар хотын автобусны зогсоолууд зах аятай болно. Хагас болон бүтэн цагаар нийтийн тээвэр хүлээсэн хүмүүс зогсоол дээр автобус ирэх үед хурд, хүчээ үзнэ. Энэ нь иргэд бидэнд нэг л дотно дүр зураг байгаа биз. Нийтийн тээвэрт үйлчилж буй автобуснуудад энэ мэт асуудал гарсаар байвал зорчигчид бухимдахгүй гээд яах билээ. Автобусаар явж үзээгүй дарга нарт ард түмэн явган алхах уу, автобусаар явах уу гэдэг нь хамаагүй байж болно л доо. Гэхдээ нийтийн тээврийн үйлчилгээнд анхаарал хандуулж болдоггүй юм уу дарга нар минь.
Э.БУРАМ