Хивс арчилгааны талаарх БАГЦ ЗӨВЛӨГӨӨГ эндээс | News.MN

Хивс арчилгааны талаарх БАГЦ ЗӨВЛӨГӨӨГ эндээс

Хивс арчилгааны талаарх БАГЦ ЗӨВЛӨГӨӨГ эндээс

Хивс арчилгааны талаарх БАГЦ ЗӨВЛӨГӨӨГ эндээс

Гэрийнхээ дасал болсон хэв маягаас уйдсан үедээ хивснийхээ байрыг сэлгэх, шинэ хивс худалдан авах нь хамгийн хялбар, хямд шийдэлд тооцогдоно. Энэ удаад гэрийн тав тух, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэгч хивс худалдан авахад юуг анхаарах, хэрхэн арчлах талаар цогц зөвлөгөөг хүргэж байна.

ХИВС ХУДАЛДАН АВАХААР ЗЭХЭЖ БУЙ БОЛ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААРААРАЙ

  • Чанарын шаардлага хангасан эсэхийг шалгах

Хивс худалдан авахдаа олон улсын ISO, Wool mark /Wool mark blend Scheme, Australian carpet Classification Scheme, the Fern mark Scheme зэрэг чанарын шаардлага хангасан эсэхийг шалгаарай.

  • Хивсний хэмжээг сайтар тооцоолоорой

Хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаа бол хивснийхээ хэмжээг багадуулах. Харамч хүн хоёр дахин төлнө гэгчээр том хивс сонгох нь багадуулах, дахин хивс авахаас сэргийлэх ухаалаг сонголт болно. Нэмж хэлэхэд хивсийг өрөөнд бүтэн бүрдэггүй, дорожийг л зай завсаргүй дэвсдэг гэсэн шүү. Мөн тавилгын доор хивс дэвсэх нь үеэ өнгөрөөсөн, хуучны болхи арга барил гэдгийг сануулъя.

  • Унтлагын болон зочны өрөөнд нягт өндөртэй хивс сонгох

Өглөөг хүйтэн шал биш зөөлөн хөвсгөр хивсэн дээр гишгэж угтах шиг тааламжтай зүйл хаана байх билээ. Унтлагын болон зочны өрөөндөө нягт өндөртэй хивс сонгосноор илүү тав тухтай, бамбалзсан, дулаан мэдрэмжийг авах боломжтой. Хивс худалдан авахаас өмнө унтлагын орны талбайг хэмжихээ бүү мартаарай.

  • Гаднаас дуу чимээ их сонсогддог өрөөндөө хивс дэвсээрэй

ДЭМБ-ын судалгаагаар орчны дуу чимээний бохирдол нь чих шуугих, нойргүйдэх, судасны нарийсалтай болох, таргалах, чихрийн шижин тусах, дутуу төрөх, сэтгэн бодох чадвараа алдах зэрэг өвчний шалтгаан болдгийг тогтоожээ. Тиймдээ ч олон улсын эрдэмтэд гэртээ дуу чимээнээс ангид амьдрах нэг арга нь хивсний хэрэглээг бий болгох гэж үздэг. Чимээ шуугиан гаднаас гэрт тань их сонсогддог бол өрөөндөө хивс дэвсэж энэ асуудлаа шийдэж болох нь ээ.

  • Хивсний өнгө болон хээгээр тоглохоос бүү санаа зов

Хивс нь өрөөнд өнгө үзэмж, тааламжтай уур амьсгал нэмэх чухал хөшүүрэгт тооцогддог. Тиймээс хөшиг эсвэл буйдангийнхаа өнгийг дагуулж, гэрийнхээ интерьертэй төгс зохицох өвөрмөц загваруудаас сонгоорой. Хэзээ ч уйдамгүй авангард, абстракт, классик, винтаж, ретро хэв загваруудаас сонгож гэрийнхээ интерьерээ шинээр бүтээх боломжтой.

НООСОН ХИВСЭЭ ХЭРХЭН АРЧЛАХ ВЭ?

Гэртээ хамгийн ухаалаг хөрөнгө оруулах нэг арга бол гарцаагүй ноосон хивс сонгох юм. Ноосон хивс нь дулаан хадгалах чанартайгаас гадна, эдэлгээ удаан, галд тэсвэртэй, дуу шуугианыг намсган гэрийн ямар ч интерьертэй төгс зохицдог. Мөн бактерийн үржлийг зогсоох, тоосонцрыг өөртөө шингээх тослог бодис болох ланолинийг агуулдаг.

Хайртай хивснээ шинэ мэт байлгахад анхаарах

Шинэ хивсээ дэвсэх нь догдлом хэдий ч амархан бохирдох газар дэвсэж буй эсэхээ ахин нэг тунгаагаарай. Үнэтэй хивсээ ус алдах, хоол унд асгарах, галын оч үсрэх магадлалтай газар бүү дэвс. Иймээс зөвхөн гал тогоондоо хооллон, хивсэн дээгүүр гадуур гуталтай гишгэхгүй, муур нохой зэрэг тэжээвэр амьтнаа хивсэн дээрээ шээлгэхгүй байх зэргээр зөв дадалд гэр бүлийн гишүүдээ сургаарай.

Хэрхэн цэвэрлэх вэ?

Хивсний тоосыг соруулах нь цэвэрлэгээний хамгийн чухал хэсэг. Шинэ хивснээс очёс /ноосон утасны сул богино ширхгүүд/ их гарвал санаа зоволтгүй. Хонины ноосон утас шинэ дээрээ ингэж хөвөрдөг. Тиймээс хивс худалдан авсан эхний сардаа долоо хоногт хамгийн багадаа хоёр удаа соруулахаа мартаж болохгүй. Чигжүү сойзон үстэй, сайн чанарын тоос сорогч сонгох нь цэвэрлэгээний бас нэг чухал хэсэг.

Хэрэв хивс тань зах хэсэгтээ цацагтай бол хивсний гол хэсгээс эхэлж тоосыг нь соруулаарай. Нэгхэн удаа нэг захаас нөгөө зах хүртэл соруулаад орхичихдог юм биш биз? Тийм бол та дутуу цэвэрлэдэг байжээ. Баруунаас зүүн чиглэлд соруулсан бол үүний дараа яг эсрэг тал руу сөрж тоосыг нь авах хэрэгтэй. Энэ үйлдлээ 3-5 удаа давтаарай. Ингэж байж тоос тортог, хог шороо бүрэн цэвэрлэгдэж хивс тань шинээрээ байх болно.

Мөн хивсээ соруулахаасаа өмнө тоос сорогч тань хогоор дүүрсэн эсэхийг шалгаарай. Мөн гадуур өмссөн гуталтайгаа гишгэхгүй байх нь хивсний насжилтад хамгийн чухал нөлөөтэй.

ХИВСИЙГ ГҮН ЦЭВЭРЛЭХ 7 АЛХАМ

  • Гадаа гаргаж тоосыг нь гөвөх: Дулаахан өдөр хивсээ гадаа хэцэнд өлгөөд шүүр эсвэл саваагаар сайтар гөвөөрэй.
  • Тоосыг нь соруулах:Хивснийхээ өнгөн талыг нь соруулж дууссаны дараа буруу харуулан арын хэсгийг бас сайтар соруулна.
  • Хөөстэй порлоноор нэгээс нөгөө булан хүртэл үрж угаана: Хивсийг хэзээ ч усаар угааж болохгүй. Хэрэв та ноосны зориулалтын шингэнээр угаадаг бол шингэнээ усанд найруулж зөвхөн хөөсөөр нь угаадгийг санаарай. Мөн шүршдэг болон нунтагт төрлийн цэвэрлэгээний бодис байдаг ба аль ч тохиолдолд ус хэрэглэхгүй.
  • Чийгийг цаасанд шингээж авах: Харин одоо хивснийхээ чийгийг ариун цэврийн цаас эсвэл хуурай алчуураар шингээж аваарай. Хивсний гадаргуу, угаасан хэсэгт үлдсэн ноос, хог зэргийг цаасаар арчиж байж бүрэн цэвэрлэгдэнэ.
  • Угаасан хивсээ яарч дэвсэлгүй бүрэн хатаагаарай: Өлгөөтэй хивсээ бүрэн хатааж байж дэвсээрэй. Өлгөх нь газар дэвсэхээс илүү агаарын солилцоо сайн явагддаг тул хурдан хатна. Мөн хивс дэвсэхээс өмнө шал хатсан байх ёстой.
  • Хатсаны дараа үслэг гадаргууг сэргээнэ: Цэвэрлэгээний хамгийн сүүлийн алхам бол хивс тань хатсаны дараа үсийг шүүрээр нэг чиглэлд самнан сэргээж болно.

НООСОН ХИВСНИЙ ТОЛБЫГ ХЭРХЭН АРИЛГАХ ВЭ?

  • Шинэ толбыг хэзээ ч хүчтэй үрж угааж болохгүй.Ингэснээр толбо хивсний гүнд гүн шингэх эсвэл өөр талбайг бохирдуулах аюултай. Толбо болсон даруйд зөөлөн цаасанд шингээгээрэй. Харин шавар, шавхайны хувьд хатсаны дараа цэвэрлэх нь илүү үр дүнтэй.

  • Ноосны зориулалтын толбо арилгагч хэрэглээрэй.Зориулалтын бус цэвэрлэгээний бодис нь цайруулагч бодис агуулдаг тул хивсний будгийг арилгах аюултай. Толбыг цэвэрлэгээний шингэн бодисоор цэвэрлэхдээ ус хэрэглэхгүй.
  • Амьтны шээсний үнэрийг арилгах, хивсний өнгийг сэргээхийн тулд нунтаг хуурай цэвэрлэгээний бодис цацаж, соруулаарай. Мөн алимны цуу эсвэл цууны хүчлийн уусмал хэрэглэж болно.
  • Харин хлор, аммион, хүчилтөрөгчийн уусмал зэрэг бодисыг ноосон хивсэн дээрээ хэрхэвч дусааж болохгүй. Энэ мэт хүчтэй химийн нэгдлүүд ноосон утсыг гэмтээж өнгийг нь алдагдуулдаг.
"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-15 103.229.123.218

Хивс цэвэрлэгээний талаар мэргэжлийн хүн бичээгүй бололтой .Ийм л болждээ …..

Avatar

Зочин 2019-11-15 202.9.42.208

Улаанбаатар хивсний үйлдвэрийн хивс бас ч гоё шүү баярлалаа

Avatar

Зочин 2019-11-15 192.82.65.168

Эрдэнэт хивс гоё шүү. Сайхан зөвлөгөө өгсөнд баярлалаа

Avatar

Зочин 2019-11-15 66.181.161.81

Баярлалаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж