"Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог байх систем рүү орох хэрэгтэй"

Хуучирсан мэдээ: 2019.11.14-нд нийтлэгдсэн

"Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог байх систем рүү орох хэрэгтэй"

"Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог байх систем рүү орох хэрэгтэй"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжсэн саналуудаар санал хураалт явагдаж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн сонгуулийн холимог тогтолцоог дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн юм.

Тэрбээр “Зарчмын хувьд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий. Энэ үүднээс хуулийн төслийг би дэмжиж байгаа. Хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд бид Монголын төрийг яаж хүчтэй болгох уу, төрийн албыг яаж тогтвортой болгох уу, цаашид Монголын хөгжилд чөдөр тушаа болж байгаа асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх үү гэдэгт чиглэгдэж байгаа. Гурав дахь хэлэлцүүлгээр орж ирсэн саналын томьёолуудад төрийн тогтолцоотой холбоотой хоёр асуудал орж ирээгүй байна. Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог байх АН-ын санал орж ирсэнгүй. УИХ-ын гишүүд гараа өргөөд 100 хувь дэмжих ийм санал байсан.

Хоёрдугаарт, сонгуулийн холимог тогтолцоо буюу сонгуулийн жагсаалтыг оруулж ирснийг би дэмжихгүй. Үүнд би анхнаасаа л байр сууриа хатуу илэрхийлж ирсэн. Нам улс төрийн хүчний зүгээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудалд ямар нэгэн байдлаар хайрцаглах эсвэл улс төрийн бодлого гэж тулгах шаардлагагүй. Шинэ Үндсэн хуульдаа эрхзүйт төрийг бий болгох гэж байгаа бол орж ирж байгаа саналуудад гишүүд бүр чөлөөтэй байр сууриа илэрхийлж, сонгогчдынхоо дуу хоолойг илэрхийлэх үүрэгтэй. Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог байх АН-ын саналыг яагаад гацаачихав. Зөвшилцлийн ажлын хэсэг юун дээр очоод гацав, ямар эрх ашгийн үндсэн дээр ярилцав. Д.Эрдэнэбат гишүүний ярьж байгаагаар энэ саналаа АН татаагүй гэдгээ хэлсэн байна лээ. Уг нь энэ асуудалд намчирхалгүйгээр, улстөржихгүйгээр нэгдсэн байр суурь, ойлголцолд хүрч шийдвэрлэх асуудал байсан.

1992 оноос хойш УИХ болон Ерөнхийлөгчийн нийт долоон удаагийн сонгууль явагдсан. Нийт таван удаа ерөнхийлөгч сонгогдсон. Таван ерөнхийлөгч тавуулаа муу байсан гэж бид хэлж болохгүй. Тэгэхээр хүндээ бус тогтолцоондоо асуудал байгааг илтгэнэ. Тогтолцоо нь хүнээ эвдээд байна гэсэн үг. Үүнийг цэгцлэх үүднээс Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог байх систем рүү орох хэрэгтэй. Энэ нь цаашид Монголын хөгжлийн төлөвшилд хэрэгтэй гэж харж байгаа. Ерөнхийлөгчөө парламентаас томилдог байх парламентын сонгодог жишиг рүү орох цаг нь болсон. Яагаад энэ асуудалд зөвшилцлийн ажлын хэсэг санаачилга гаргаж ажилласангүй вэ. Үе үеийн парламент нь Ерөнхийлөгчдөө тал зассаар эрх мэдлийг нь нэмсээр тогтолцооны согогтой болгочихсон. Үүнийг өөрчлөх ёстой.

Дараагийн асуудал бол сонгуулийн холимог тогтолцоо. Намын жагсаалтын ард нуугддаг эргээд очих тойрог, буцах хаяг, эзэнгүй ийм гишүүд хэрэггүй гэж ард түмэн хэлдэг. Сонгуулийн холимог тогтолцоо хэрэгжих боломжгүй гэж харж байгаа. 30 намаас тус бүр 25 хүн нэр дэвшүүллээ гэхэд нийт 750 хүнээс сонгогчид яаж сонголтоо хийх вэ. Техник технологи болон цаг хугацааны хувьд асуудалтай. Энэ тохиолдолд эмэгтэйчүүд, залуус жагсаалтын хойгуур л жагсана. Энэ нь шударга зарчмыг хангаж чадах уу. Холимог тогтолцоог нь улс төрийн намууд цэвэрших тогтолцооны эсрэг болно. Өнөөдөр нийгэмд улс төрийн намуудын нэр хүнд унасан, намууд нь төлөвшөөгүй ийм цаг үед тохиромжгүй заалт. Хэдийгээр намын жагсаалтад орсон нэр дэвшигчийг сонгоно гэж байгаа боловч эхний тав, 10-т хэн хэн жагсах вэ гэдэг нь тухайн улс төрийн нам хүчнээс бүрэн хамаарна. “Бух залсан” гэдэг шиг  эхний тав, 10-т  байнгын сонгогддог, 10-20 жилээр төрд байсан хүмүүс л жагсана. Ноёны бөхийг сонгохгүй гэж байгаа ч ноёны бөх нь ноёнтойгоо орж ирэх тогтолцоог бий болгох гэж байна. Ардчилсан шударга зарчмаараа явж, ард түмнээрээ дүнгээ тавиулдаг энэ зарчаараа явсан нь зөв. Ард түмний хүсэхгүй байгаа зүйлийг бид хүчлээд хэрэггүй байх” гэлээ.

"УИХ-ын сонгуулийг олонхын болон хувь тэнцүүлсэн зарчмыг хослуулан явуулна. Сонгогч тойрогт нэр дэвшсэн болон намын жагсаалтад орсон нэр дэвшигчийн төлөө санал өгнө" гэсэн заалтыг Үндсэн хуульд оруулах эсэхээр санал хураалт явуулахад 59.4 хувийн саналаар дэмжигдсэнгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж