"Эцэг эхчүүдийн гар утсанд нь сургуулийн автобусны мэдээлэл очно"

Хуучирсан мэдээ: 2019.11.14-нд нийтлэгдсэн

"Эцэг эхчүүдийн гар утсанд нь сургуулийн автобусны мэдээлэл очно"

"Эцэг эхчүүдийн гар утсанд нь сургуулийн автобусны мэдээлэл очно"

Ерөнхий боловсролын сургуулийн /ЕБС/ сурагчдын хичээл амрахаар түгжрэл буурдгийг хэн хүнгүй мэднэ. Тэгэхээр түгжрэлийг бууруулах хамгийн зөв шийдвэр бол ЕБС-иудыг автобустай болгох юм.  Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас маргааш буюу арваннэгдүгээр сарын 15-наас эхлэн Ерөнхий боловсролын 29 сургуулийн 3000 орчим хүүхдийг хоёр ээлжээр сургууль руу нь зөөх  сургуулийн автобус явж эхлэх юм. Үүнд зөвхөн хоёроос тавдугаар ангийн сурагчид хамрагдах бөгөөд нийт 33 чиглэлд 40 автобус хүүхдэд үйлчлэх аж. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүхээс тодрууллаа.


Маргаашаас эхлэн сургуулийн автобус явж эхэлнэ. Мэдээж эхний ээлжид алслагдсан дүүргүүдийн 27 сургуулиудыг сонгосон байх?

-Тийм ээ. Эхний ээлжид нийслэлийн ЕБС-ын 27 сургуулийг сонгож аваад сургуулийн автобусыг туршиж үзэх гэж байна. Ерөнхийдөө 40 автобус 33 чиглэлд явахад бэлэн болсон. Олон улсын жишгээр Улаанбаатар хот байгаа нөхцөл бололцоондоо тулгуурлан энэхүү ажлыг эхлүүлж байна. Ингэхдээ 27 сургуулийн 3000 орчим хүүхдийг сургуулийн автобусаар тээвэрлэх юм. Хүүхдүүдийг автобусаар тээвэрлэснээр зам тээврийн осолд өртөхөөс сэргийлнэ. Мөн нийслэлийнхний толгойны өвчин болсон түгжрэлийг бууруулна. Ерөнхийдөө түгжрэлийг 30-40 хувь бууруулна гэсэн тооцоолол бий. Энэ ажил бодит үр дүнгээ өгөх юм бол цаашид төрийн хэвшлийн бүх сургуульд хэрэгжүүлнэ гэсэн бодолтой байна.

-Нийтийн тээвэрт 1200 гаруй автобус үйлчилгээнд явдаг. Эдгээр автобусны ихэнх нь насжилт өндөртэй буюу иргэдэд үйлчлэх боломжгүй болсон гэж холбогдох байгууллагаас мэдээлж байсан удаатай. Хүүхдүүдэд үйлчлэх 40 автобусны аюулгүй байдлыг хэрхэн хангасан бэ?

Нийслэлийн Тээврийн үйлчилгээний газар  сургуулийн 40 автобусыг маш сайн шалгасан. Утаа шүүгч, суудлын бүсээс нь авхуулаад жолооч нарын харилцаа тал дээр хүртэл анхаарал хандуулж ажиллаж байна. Автобусанд байршил тогтоогч суулгасан учраас эцэг эхчүүдэд байршлын мэдээлэл утсанд нь очих юм. Сургуулийн удирдлагууд эцэг эхчүүдэд сургуулийн автобусны маршрут зэрэг илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгч байгаа.

Жолоочдын цалин болон шатахууны мөнгөний санхүүжилтийг Нийслэлээс олгох уу?

-Сургуулийн автобусны зардлыг бид 7.5 сараар тооцон 1 тэрбум орчим төгрөгийн зардал санхүүжилт гаргаж байгаа. Нийтийн тээвэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагууд нийгмийн хариуцлагаа ухамсарлаад бидэнд 40 автобусыг гаргаж өгсөн гэдгийг энд онцолмоор  байна. Нийслэлээс зөвхөн жолоочдын цалин, нийгмийн даатгалын шимтгэл, бензин шатахууны зардлыг гаргаж байгаа. Бид сургуулийн автобусыг 2019 он дуустал туршина. Эхний сарын байдлаар ерөнхий дүр зураг нь гарчих байх. Үнэхээр зам тээврийн осол аваар, замын түгжрэл буурсан бодит үр дүн гарвал цаашид Нийслэлийн төсөвт суулгуулах бүрэн боломжтой гэж харж байна.

ТАНИЛЦ: СУРГУУЛИЙН АВТОБУС ЯВЖ ЭХЛЭХ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 29 СУРГУУЛЬ 

СУРГУУЛИУДЫН МАРШРУТ

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж