II салбар хуралдаан боллоо

Хуучирсан мэдээ: 2015.09.16-нд нийтлэгдсэн

II салбар хуралдаан боллоо

ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурал гурван салбар хуралдаанаар үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр /2015.09.16/ үдээс хойш “Бүс нутагт тулгараад буй эдийн засгийн сорилт бэрхшээлүүд, хүнсний аюулгүй байдал, гамшгийн эрсдэлийг бууруулах ба усны менежмент: Олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах нь” сэдэвт 2-р салбар хуралдаан боллоо.

Тус хуралдааныг ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн Эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, байгалт орчны Ерөнхий хорооны дарга Роза Акназарова даргалж, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн гишүүн С.Оюун, НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага /ХХААБ/-ын Улаанбаатар дахь Орлогч суурин төлөөлөгч Кевин Галлахер нар илтгэл тавив.

Улсын Их Хурлын гишүүн С.Оюун “Монгол Улсын усны аюулгүй байдал, уул уурхай-эрчим хүч, усны ашиглалт” сэдэвт илтгэлдээ манай улс дахь усны нөөц, тархацын онцлог, энэ салбарт тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэхийн тулд хэрэгжүүлж буй бодлогын талаар дэлгэрэнгүй ярьсан юм. “Тогтвортой хөгжлийн гол цөм болсон ус нь дэлхийн хэмжээний цогц нөөц бөгөөд Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг “Дэлхийн эрсдэлийн тайлан”-д хүн төрөлхтний хөгжилд нөлөөлөх магадлалын хувьд ус нь хамгийн эрсдэл өндөртэй баялагт тооцогддог. Хүн амын өсөлт, хотжилт, хүмүүсийн амьжиргааны түвшний дээшлэлт зэрэг олон хүчин зүйл усны нөөцөд дарамт үзүүлж ирсэн бөгөөд дэлхийн хүн амын тоо XX зуунд 3 дахин нэмэгдэхэд усны нөөцийн хэрэглээ 6 дахин нэмэгдсэний дийлэнх хувь хөдөө аж ахуйд ногдож байсан”-ыг илтгэгч онцлон тэмдэглэлээ.

Монгол Улсын хувьд усны хомсдол ихтэй орнуудын тоонд багтдаг бөгөөд усны асуудал 2 зүйл дээр хамгийн хурцаар тавигддаг, тухайлбал, хүн амын 40 хувь нь оршин суудаг Улаанбаатар хот болон уул уурхайн гол үйл ажиллагаа явагддаг говийн бүсэд ус болон эрчим хүч маш чухал үүрэг гүйцэтгэдгийг илтгэгч дэлгэрэнгүй тайлбарлав. Тэрбээр мөн Монгол Улс устай холбоотой хууль тогтоомж болон Үндэсний аюулгүй байдлын бодлогодоо усны нөөцийг улс орны стратегийн чухал ач холбогдол бүхий баялаг хэмээн хуульчилж, усны хэрэглээний түвшин болон экологийн хүчин зүйлд суурилсан зарим зохицуулалтыг хийж, тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэж ирсэн, мөн шийдвэрлэж хараахан амжаагүй байгаа ямар асуудлууд байгааг дурдаад усны ач холбогдол улам нэмэгдэж буй нөхцөлд Засгийн газрууд байгаль орчны асуудлыг шийдвэрлэхэд олон улсын болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийнхэн, хувь хүмүүсийн үүрэг роль нэн чухал болохыг тэмдэглэж, орон нутгийн түвшинд ард иргэдтэйгээ ойрхон ажиллах, тэдний туршлага, аргачлалыг авч хэрэгжүүлэх нь хамгийн зохистой арга зам гэж үзэж буйгаа мэдэгдсэн юм.  

НҮБ-ын ХХААБ-ын Улаанбаатар дахь Орлогч суурин төлөөлөгч Кевин Галлахер илтгэлдээ дэлхийн хүнсний хангамж, түүнд тулгарч буй асуудал хүн ам ихтэй, хотжилт хурдацтай хөгжиж байгаа Ази тивд илүү нөлөөлж  буйг онцлоод 1996 онд болсон хүнсний асуудлаарх дэлхийн дээд хэмжээний уулзалтын үеэр улс орон бүр хүнсний нөөцөөр өөрийгөө заавал хангах боломжтой байх бус, гол нь өөр орноос худалдан авахтай холбоотой эдийн засгийн асуудал чухлаар тавигдаж байгаа тухай яригдсаныг тэмдэглэсэн юм. Тэрбээр бас хүнсний чиглэлээр дэлхийд зарим ахиц дэвшил гарч, ирээдүйн хүнсний эрэлт хэрэгцээг хангах шинэ шинэ арга зам хайн, ногоон хувьсгалаас далайн гаралтай бүтээгдэхүүн давамгайлсан цэнхэр хувьсгалд шилжих, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх, тус салбарын ажиллах хүчний нийгмийн байдалд анхаарах, органик хөдөө аж ахуйг хөгжүүлэх, ялангуяа газар тариаланд ашиглаж буй химийн бодис, пестицид зэрэг хүний аюулгүй байдалд нөлөөлөх хүчин зүйлс зэрэг хүнстэй холбоотой олон асуудлыг хөндөөд “Хүнсний аюулгүй байдал бол хүний аюулгүй байдал мөн. Хүнс бол хүний эрхийн нэг чухал хэсэг юм” гэсэн үгээр илтгэлээ өндөрлөсөн юм.

Салбар хуралдаанд оролцогчид дээрх хоёр илтгэлтэй холбогдуулан нээлттэй хэлэлцүүлэг хийсэн бөгөөд энэ үеэр, хүнс, ялангуяа далайн болон мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний хадгалалт хамгаалалт, улс орнууд энэ чиглэлийн уламжлалт болон шинэлэг, оновчтой технологио хоорондоо солилцох,  чөлөөт худалдааг хөгжүүлэх, ХАА-н салбарын фермерүүдийн асуудал, түүгээр үл барам Европ руу дүрвэгчдийн болон хүүхдийн хоол хүнсний хангамж зэрэг олон асуудлыг давхар хөндсөн юм.    

Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн гишүүн С.Оюун хэлсэн үгэндээ:

-Өнгөрсөн долоо хоногт Голландад болсон хог хаягдлын менежментийн асуудлаарх дэлхийн хэмжээний хурал дээр дэлхийн хог хаягдлын ирээдүйн хэтийн төлөвийн талаар онцлог илтгэлийг хэлэлцсэн. Энэ асуудал ялангуяа Ази, Номхон далайн бүс нутагт илүү чухлаар тавигдаж байгаа бөгөөд энд яригдсан олон сэдвээс аюултай хог хаягдлын асуудал хамгийн их анхаарал татаж байсныг онцолсон юм. Түүнчлэн уур амьсгалын өөрчлалт, терроризм, кибер аюулгүй байдал зэрэг дэлхий нийтийг хамарсан олон асуудлаас гадна Орос болон барууны ертөнцийн улс төрийн үл ойлголцол улам өсөн тэлж байгаа нь болгоомжлол төрүүлж байгааг тэмдэглээд энэхүү сөргөлдөөнийг шийдвэрлэхийн тулд улс орнууд бүхий л хүчин чадлаа дайчлан ажиллах нь чухал байгааг уриалсан юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж