Нийслэлийн Засаг даргын орлогч, зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээс сургуулийн автобус явж эхлэхээр болсон талаар тодрууллаа.
–Нийслэл маргаашнаас эхлэн бага ангийн хүүхдүүдийг тээвэрлэх сургуулийн автобусыг туршилтаар явуулж эхлэнэ гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Улаанбаатар хотод 1.6 сая хүн амьдарч байгаагаас 1.2 сая нь ямар нэгэн байдлаар замын хөдөлгөөнд оролцож, 500 гаруй мянган машин замын хөтөлгөөнд оролцдог. Нөгөөтэйгүүр авто замын түгжрэлд сурагчдыг зөөх авто машинууд нэлээдгүй ачаалал өгдөг. Тиймээс Нийслэлийн Засаг даргын захирамжаар авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор “Сургуулийн автобус”-ыг туршилтаар явуулж эхлэхээр болсон. Эхний ээлжинд Ерөнхий боловсролын 27 сургуулийн 3000 гаруй хоёроос тавдугаар ангийн сурагчдыг хоёр ээлжээр гэр, сургууль гэсэн маршрутаар зөөхөөр болсон. Мэдээж бид хүүхдийнхээ аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавиж ажиллаж байна. Сурагчдыг автобусанд нийгмийн ажилтан харгалзаж явах юм. Төвийн зургаан дүүргийн ЕБС-ийн сурагчид хамрагдана. Энэ ажил нь дан ганц түгжрэлийг бууруулаад зогсохгүй эцэг эхчүүдэд ажлаа амжуулах, цаг хугацаа, зардал хэмнэх, сурагчдаа унаа тэрэг олдохгүй даарч хөрөх, сургуулиасаа хоцрох гэх мэтчлэн олон асуудлуудыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм.
–Сургуулийн автобусны зардлыг хэн хариуцах вэ?
-Эхний ээлжийн туршилтын хүрээнд гарах бүх зардлыг нийслэлийн санхүүжилтээр хийж байна. Цаашид энэ ажил үр дүнгээ өгөөд тогтмол хийгдэх тохиолдолд жил бүр нийслэлийн төсөвт санхүүжилтийг суулгаад явах төлөвлөгөөтэй байгаа. Нийслэлээс чамлахааргүй санхүүжилт гарч байгаа. Нийт 40 автобусны шатахууны зардал, жолоочийн цалин, НДШ зэрэг. Ажлын 22 хоногт 30 орчим сая төгрөгийн үйл ажиллагааны зардал гарах тооцоо байна.
–Цахим орчинд иргэдийн зүгээс энэ ажлыг маш их дэмжиж байна. Гэвч яагаад зөвхөн бага ангийн сурагчдыг зөөхөөр болов, дунд ангийг нь хамруулж болоогүй юу зэрэг саналууд их бичсэн байсан?
-Эхний ээлжинд бид туршилтаар явуулж эхэлж байна. Туршилтын хугацаанд асуудлууд гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ бид тухай бүрт нь цаг алдалгүй шийднэ. Энэ ажил нь нийслэлийн төсөвт суугдсан ажил биш учраас санхүүжилтийг зохицуулах, иргэдийнхээ тулгамдсан асуудлыг яаралтай шийдвэрлэхийн төлөө Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан харьяа газруудад үүрэг, чиглэл өгч маргаашнаас ажил болгож эхлүүлэхийг үүрэг болгосон. Энэ хүрээнд Нийслэлийн боловсролын газраас судалгаан дээр үндэслэж сургуулиудаа тогтох, нийтийн тээврийн газраас маршрутаа гаргах, автобусны аюулгүй байдлыг хангах зэрэг бэлтгэл ажлуудыг хийж байна. Миний бие салбар хариуцсан төслийн удирдагчийн хувиар тогтмол хяналт, шалгалт хийж, удирдлагаар ханган ажиллаж байна.
–Сургуулийн (хүүхдийн) автобус нь бусад нийтийн тээврийн автобуснаас ялгагдах шинж тэмдэг байгаа юу?
-Сургуулийн автобуснууд дээр чиглэлийн маршрут болон “хүүхдийн автобус” гэсэн тусгай тэмдэглэгээг хийж байгаа. Мөн эцэг, эхэд нь маршрутын мэдээлэл гар утсанд нь очино. Бүх сургуулийн автобусанд байршил тогтоох чип суулгасан учраас эцэг эхчүүд хүүхдээ хаана явж байгааг хянах боломжтой юм. Энэ талын холбогдох мэдээллүүдийг сургуулийн захиргаа, нийгмийн ажилтан тогтмол эцэг эхчүүдэд өгөөд явна.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Холбоотой мэдээ