Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд Татварын ерөнхий газраас татвар төлөгчийн харилцааг зохицуулах 35 журмыг олон нийтээр хоёр үе шаттай хэлэлцүүлж байна. Ээлжит хэлэлцүүлгээр өнөөдөр /2019.11.14/ татварын хураалт, буцаан олголттой холбоотой журмын төслийг Татварын ерөнхий газрын Татвар төлөгчдийн танхимд олон нийтэд танилцуулж, иргэдээс санал авч байв.
10 САЯ ХҮРТЭЛ ТӨГРӨГИЙН ӨРТЭЙ ТАТВАР ТӨЛӨГЧИЙН МАШИНЫ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАНА
Хэлэлцүүлгийн эхэнд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авах журмын төслийг Татварын ерөнхий газрын Орлогын газрын татварын улсын байцаагч Д.Энхтуяа танилцуулсан юм. Тэрбээр “Албан татварыг иргэн, хуулийн этгээд 100 хувь төлөх ёстой ч одоогийн байдлаар 10-20 хувь нь татвараа төлдөггүй. Тэгвэл энэ журмаар татварын өр төлөх нэхэмжлэлд заасан хугацаанд татвараа төлөөгүй иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшил дэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сануулах байдлаар хязгаарлана. Ингэхдээ татварын 10 сая хүртэл төгрөгийн өртэй татвар төлөгчийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг ажлын тав хүртэл хоногоор хязгаарлах. Энэ үед авто тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг өртэй татвар төлөгч хариуцдаг байхаар заасан.
Өмнө нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, автомашины дугуйг түгжих арга хэмжээг огт хэрэгжүүлж байгаагүй. Хэрвээ албан татвараа төлөхгүй бол дансыг нь хааж, хөрөнгийг нь хураан авч, хөдөлгөөнгүй битүүмжлээд, төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэх өгөхөд процесс нь их уддаг байсан. Тиймээс Татварын багц хуулийг хэрэгжүүлэх хүрээнд томоохон өөрчлөлт орж байна” гэж хэлсэн юм.
“ТАТВАРЫН АЛБА ТОДОРХОЙ ХЭМЖЭЭНИЙ АЛБАДЛАГЫН ҮЙЛДЭЛ ХИЙХ ЭРХ НЬ ҮҮСЧ БАЙГАА”
Энэ үеэр “Хүний өмчийг барьцаалах нь үндсэн хуулийг зөрчиж байна. Нөгөө талдаа дахин нэг илүү цаас бий болгох гээд байгаа юм биш үү. Дахиад л нэг журам, дахин нэг дүрэм. Үүнийг дагаад зардал чирэгдэл гарч ирнэ” гэдэг саналыг иргэд хэлж байв.
Асуултад Татварын ерөнхий газрын Орлогын газрын дарга Д. Цогтжаргал тайлбар өгөхдөө “Татварын албанаас хүний өмчид яагаад халдаж байгаа юм бэ гэдэг асуултыг тавьдаг. Татвар төлөх нь Монгол Улсын иргэний үндсэн үүрэг. Манай хуулийн этгээдүүд компани байгуулахдаа тодорхой хариуцлага хүлээдэг. Тэр хариуцлагын хүрээнд Монгол Улсад одоо мөрдөгдөж буй татварын хууль, тогтоомжийг мөрдөх үүрэгтэй. Хуулиар тогтоосон татварыг тухайн төрлийн хуулинд нь төлөх хугацааг нь нарийвчлан тогтоосон байгаа. Жишээлбэл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулинд сар бүрийн 10-ны дотор төлөх ёстой байтал 11-нд төлж байгаа нь хуулийн зөрчил болно. Тиймээс хугацаанд нь төлөөгүй татварыг төлж барагдуулахын тулд Татварын алба тодорхой хэмжээний албадлагын үйлдэл хийх эрх нь үүсч байгаа юм” гэв.
Татварын албанаас арга хэмжээ авахдаа:
- Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, дотор болон ачаа тээшний хэсэгт түргэн муудах, хөдлөх бараа, хүнсний бүтээгдэхүүн, бараа материал, үнэт эдлэл, зорчигч байгаа эсэхийг шалгаж, хөдөлгөөнийг хязгаарласан тэмдэглэлээр баталгаажуулна. Хөдөлгөөнийг хязгаарлахдаа дугуй түгжигч эсвэл салхины шилний хаалт ашиглана.
- Татварын албаны мэдэгдэлийг харагдахуйц газар байрлуулна.
- Тээврийн хэрэгслийг зориулалтын зогсоол, талбайд шилжүүлнэ.
- Өртэй татвар төлөгч болон тээврийн хэрэгслийг эзэмшигч этгээдийн төлөөллийг байлцуулна.
- Хөдөлгөөн хязгаарлах ажиллагааг давтан хийж болно.
Хэлэлцүүлгийн үеэр саналаа хэлсэн иргэн Ү.Галмандах “Нийтээр дагаж мөрдөх зайлшгүй шаардлагатай хууль тогтоомжийг олон нийтэд танилцуулж, хэлэлцүүлэх ёстой. Татварын шинэ хууль 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжихтэй холбоотойгоор дагаж мөрдөгдөх журмын хэлэлцүүлэг өнөөдөр өрнөж байна. Энэ нь маш зөв юм. Одоо татвар хураахтай холбоотой алданги тооцох тухай асуудлыг ярьж байна. Хөөн хэлэлцэх хугацаа таван жил байсан нь дөрвөн жил болж, тооцогдохоор болж байна. Хоёрдугаарт хуулиар тогтоосон хугацаа гэдгийг юу гэж үзэх юм бэ гэдэг асуулт байсан. Татвар төлөгчдөд Татварын албанаас нэхэмжлэх олгохдоо боломж олгож байх шиг байна. Энэ ажлын 20 хоног хуулиар тогтоосон хугацаанд орох юм уу, татвар төлөх хөнгөлөлтийн хугацаа нь хуулиар тогтоосон хугацаанд орох юм уу гэдгийг асуулаа. Татварын албаны зүгээс өгч буй хариултаар энэ хугацаа нь хуулиар тогтоосон хугацаанд орохгүй гэдгийг хэлж байна” гэж саналаа хуваалцсан юм.
А.СҮРЭН
Гэрэл зургийг Д.БҮЖИН
Холбоотой мэдээ