Дээр өгүүлсэн дуулиан шуугианы улмаас озэки Котомицүки сумогийн ертөнцөөс хөөгдсөн анхны арслан цолтон болсон төдийгүй макүүчи зиндааны зургаа, жюүрё зиндааны таван бөх нагоя башёд зодоглох эрхээ хасуулсан билээ. Тиймдээ ч өнгөрөгч ням гаригт өндөрлөсөн долдугаар сарын нагоя башё сумогийн түүхэн дэх нэгэн “хар” тэмцээн болж дууслаа.
Япон даяар үндэсний баатар, үлгэр дуурайл нь болдог сумочид ийм хууль бус хэрэгт орооцолдсонд японы ард иргэд, сумо сонирхогчид туйлын таагүй хүлээн авч, 1953 оноос хойш мэргэжлийн сумо бөхийн дээд зиндааны барилдааныг тасралтгүй шууд дамжуулж ирсэн NHK телевизэд хүсэлт гаргасны дагуу тус телевиз хагас зуун жилийн дараа анх удаагаа барилдааныг дамжуулахгүй болсон юм. Харин оронд нь үдэш бүр 20 минутын тойм нэвтрүүлгийг NHK цацаж байсан бөгөөд башёгийн дундуур энэ тойм нэвтрүүлгийг ч гаргахгүй байх санал тус телевизийн санал гомдол хүлээн авах албанд ирж байсан гэнэ. Сүүлийн үеийн шинэ мэдээллүүдээс харвал, ирэх есдүгээр сарын аки башёг шууд дамжуулах эсэх нь ч эргэлзээтэй байгаа ба энэ талаар хуралдаж, шийдвэрлэхээр ярилцжээ.
Ингээд нэгэнт Япон, цаашлаад олон улс оронд сумогийн барилдаан цэнхэр дэлгэцээр гарахгүй болсон тул ивээн тэтгэгч байгууллагууд нүүр буруулж, шагналын мөнгөндөө гар татах болсныг Японы сонин хэвлэлүүд өдгөө ид бичиж байна. Тавдугаар сарын сүүлчээр нагоя башёгийн ивээн тэтгэгч Нагатаньен /Nagatanien/ гэх хоолны сүлжээ газар 12 сая иен /130 мянган ам.доллар/-ий шагналын сангаа цуцалснаа зарлаж, “Японы уламжлалт үндэсний сумо цэвэр ариун болно гэдэгт найдаж байна. Тэр үед дахин хамтран ажиллана” хэмээн мэдэгджээ. Гэтэл мөн Fuji Xerox компани башёг ивээн тэтгэхгүй гэдгээ зарлав. Харин башё эхлэхэд цөөн хэдэн ивээн тэтгэгчдийн дотор McDonald’s багтсан байсан бөгөөд тус компани барилдааны шагналыг олгосон хэвээр байгаа юм.
1955 оноос эхлэн ивээн тэтгэгч байгууллагууд барилдаан бүрийн дараа сумочдод мөнгөн шагнал олгох болсон байдаг. Анх нэг удаагийн шагналын хэмжээ 10 мянган иен байсан бол 1991 оны зуны башёгоос эхлэн шагналын хэмжээг 60 мянган иен болгон нэмжээ. Өнгөрсөн жилийн нагоя башёгийн 15 өдрийн турш нийт 1033 мөнгөн шагналыг сумочдод олгож байснаас зөвхөн эхний өдөр 86, эхний гурван өдөр нийлээд 180 гаруй мөнгөн шагнал сумочдод ирж байв. Гэтэл энэ жилийн нагоя башёд тийм “ид шидийн зүйл” огтхон ч байсангүй, жишээ болгон дурдахад, башёгийн дөрөв дэх өдөр ердөө 11-хэн мөнгөн шагнал олгогджээ. Түүнчлэн башёгийн үзэгчдийн тоо ч буурч, зарим өдөр бүр ордны тал хувьд нь л үзэгч цуглаж байв. Эдгээрээс үзэхэд Японы сумогийн холбоо санхүүгийн хувьд том цохилт амссан нь мэдээж. Зөвхөн үүгээр ч зогсохгүй олон зуун жилийн түүхтэй, тогтсон дүрэм журмын дагуу үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн Японы сумогийн холбоо томоохон өөрчлөлт, шинэчлэл хийхээр ярилцаж эхлээд байгаа юм.
Өнгөрсөн нагоя башёгийн банзүкэ буюу бөхчүүдийн чансааны жагсаалтыг сумогийн холбооноос зургадугаар сарын 28-нд гаргах ёстой байсан ч өнөөх л бооцоотой, мөрийтэй тоглоомын балгаар долоо хоногоор хойшлуулж, долдугаар сарын 5-нд албан ёсоор зарласан билээ. 1946 оноос хойш сумогийн түүхэнд гараагүй бас нэг онцгой тохиолдол нь энэ болов. Түүнчлэн башё эхлэхийн өмнөх өдөр дохё-мацүри буюу дэвжээнд хүндэтгэл үзүүлэх ёслолын үеэр Японы сумо бөхийн холбооны 200 гишүүн дэвжээнд гарч, толгой гудайлган уучлал хүссэн байна.
Нагоя башёгийн “хар” тэмдэглэл үүгээр дуусаагүй. Хамгийн дуулиантай, урьд хожид сумогийн түүхэнд тохиож байгаагүй зүйл нь башёгийн ялагчид олгодог “Эзэн хааны цом” энэ удаад эзэндээ очсонгүй. Анх 1926 онд Японы эзэн хааны нэрэмжит башёд түрүүлсэн бөхөд олгож эхэлсэн цом энэ цаг үеэс хойш түүхэндээ анх удаа сүүлийн өдөр дэвжээнд гараагүй тохиолдол нь энэ болсон юм. Түүнчлэн 1968 оноос хойш уламжлал болсон Ерөнхий сайдын нэрэмжит цомыг ч мөн нагоя башёгийн түрүү бөх гартаа атгах хувь тохиосонгүй. Гэхдээ Японы сумогийн холбооноос түрүүлсэн бөхөд олгодог 10 сая иений мөнгөн шагналыг их аварга Хакуход өгчээ. Их аварга Хакухо ч “Цом өгөхгүй” гэсэн холбооны шийдвэрт тун тааламжгүй хандаж байгаагаа илэрхийлсэн байгаа. Ийнхүү Нигата мужийн захиргаа их аваргын сэтгэлийг тайтгаруулж, мужийнхаа “Кошихикари” нэрийн будаанаас 600 кг-ыг их аваргад бэлэглэснийг эс тооцвол бидний төсөөлж байсан сумо түүхэндээ юм юм л үзэж байх шиг байна.
С.ШҮР