Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг баталлаа

Хуучирсан мэдээ: 2019.11.14-нд нийтлэгдсэн

LiveҮндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг баталлаа

18 : 02
2019-11-14

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг баталлаа

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг баталлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар төслийн зүйл заалт бүрийг УИХ-ын гишүүдэд уншиж, танилцуулснаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар баталлаа. Чуулганы хуралдаанд 63 гишүүн оролцсон бөгөөд саналыг гар өргөж баталгаажуулсан юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт батлагдлаа. 20 гаруй жил яригдаж, сүүлийн гурван парламент дамжин, идэвхтэй өрнөсөн, дөрвөн төсөл өргөн баригдсан Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, ирээдүйн зам мөрөө тэгшлэн засах олон жилийн, олон хүний хүсэл эрмэлзэл ажил хэрэг боллоо. Монголын ард түмний сонголтоор байгуулагдсан долоо дахь удаагийн Улсын Их Хурал энэхүү үйл хэргийг гурван жилийн турш өрнүүллээ. Нэмэлт, өөрчлөлтийн төслийн эх өргөн баригдсанаас хойш Улсын Их Хурал таван сарын турш тасралтгүй хэлэлцэж, зуны сард ч завсарлагагүй ажилласан. Энэ хугацаанд чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанаар нэмэлт, өөрчлөлтийн төслийг 36 удаа 105.9 цаг хэлэлцжээ. Улсын Их Хурлын гишүүд төслийн танилцуулга, хэлэлцүүлгийг 21 аймаг, есөн дүүрэгт зохион байгуулж, иргэдээс 306.0 мянган санал ирсэн байна. Төрийн ордонд олон өдөр үргэлжилсэн хэлэлцүүлгээр төрийн болон төрийн бус байгууллага, улс төрийн намууд, эрдэмтэн судлаачдаас 600 гаруй санал гарсан. Эдгээр санал нэг бүрийг нухацтай авч үзэж, хэлэлцлээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг нийгмийн зөвшилцлийг хангаж, өргөн хүрээг хамруулан хэлэлцэж, баталж байгаа юм. Энэ үйл хэрэг амар хялбар байгаагүй ээ. Гэхдээ бэрхшээл саад тохиолдсон гэхээсээ илүүтэй асар их хариуцлага, эх орон, ард түмэн, ирээдүй маргаашаа бодсон чин сэтгэл, хичээнгүй тууштай зүтгэл, нөр их хөдөлмөрийг шаардсан гэж хэлж болно. Ойлголцол, зөвшилцлийг гүнээ эрхэмлэж, түмний төлөөх үйл хэрэгт хүчээр түрэхийг бус, хүлцэн тэвчих, нэгдэн хамтрах зарчмыг баримталж ажилласан. Төсөл, санал ирүүлж, зөвшилцөн хэлэлцэж, хамтарч ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурлын эрхэм гишүүд, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудад гүн талархлаа илэрхийлье. Энэхүү үйл хэрэг зөв оновчтой, бүтэмжтэй сайн байгаасай хэмээн мэргэн ухаан, үнэт сургаалаа харамгүй хайрласан Монголынхоо нийт ард түмэнд, эрдэм мэдлэг, оюун билгээ шавхан дайчилсан эрдэмтэн судлаачдадаа, түүний дотор ачааны хүндийг үүрсэн Ажлын дэд хэсгийн гишүүдэд, нүсэр ажлын найдвартай ар тал болж ажилласан Улсын Их Хурлын Тамгын газрын хамт олонд, онцгойлон Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын албаныханд чин сэтгэлийн талархал дэвшүүлье.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл 2020 оны тавдугаар сарын 25-ны 12.00 цагаас улс орон даяар дагаж мөрдөх бөгөөд түүнээс өмнө УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийг батлах юм. Энэ  хууль нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт мөрдөгдөх хүртэл УИХ хууль эрх зүйн орчныг сайжруулах, бэлтгэл ажлын хийх зохицуулалтыг тусгасан юм.  

Ийнхүү УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн баталсан учраас төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч ёсчлох юм.

13 : 26
2019-11-14

Чуулган: Сонгуулийн холимог тогтолцоо дэмжигдсэнгүй

УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг гуравдугаар хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авлаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Зөвшилцсөн хэлбэр нь хууль зөрчсөн байна. Нийт ард түмнээр, УИХ-д суудалтай намтай зөвшилцөх болохоос намууд зөвшилцөл хийхгүй. Хэрэв зөвшилцөхөөр бол нэг нам бус 35 намтай зөвшилцөх байсан шүү. Зөвшилцөхдөө ард түмний эсрэг зөвшилцсөнд их харамсч байна. Намд зориулсан Засгийн газар байгуулах зөвшилцөл хийсэн шалтгаанаа тайлбарлана уу.

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын 62 гишүүн өргөн барьсан. Өнгөрсөн хугацаанд Монголын эдийн засаг, нийгмийн хямрал нь 2000 онд хийсэн долоо өөрчлөлт байсан. Нэмэлт, өөрчлөлтийн төсөл гурван парламент дамнан, хэлэлцэгдэж буй. Бид ард нийтийн саналыг сонсох, эрдэмтэн судлаачдын үгийг сонсох, намуудтай зөвшилцөх ажлуудыг хийсэн. Бид ард түмнээс асуух, санал асуулга явуулах байсан ч Ерөнхийлөгч хориг тавьсан. Тиймээс бид зарим нэг асуудлаа эргэж харах шаардлага гарч, зөвшилцлүүд хийгдсэн. Энэ хүрээнд Ерөнхий сайд нь сайд нараа томилдог, хариуцлага тооцдог байх санал орсон. Ард түмний эсрэг зөвшилцөл хийсэн зүйл байхгүй. МАН 64 суудалтай, дангаараа батлах боломжтой ч бид нам, Ерөнхийлөгч, олон нийттэй зөвшилцөх, хэлэлцсээр ирсэн. Ямар нэг зөрчил, хүч түрсэн асуудал байхгүй.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

-Төрөө төр шиг болгох, тогтвортой байлгах заалтууд орж ирж байгаа санал нэг байна. Гэхдээ нөгөө талдаа олон Засгийн газар солигдсон, засгийн тогтворгүй байдал, төрийн байгууллагуудын нэр хүнд муудсан, төрд итгэх иргэдийн итгэл доройтсон ч Үндсэн хуулиас болсон гэж үзмээргүй байгаа юм. Өнгөрсөн хугацааны олон жилийн болох, болохгүй зүйлээ Үндсэн хууль руу хандаж яриад байгаатай санал нэгдэхгүй. Анх 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн заалтууд их чухал заалтууд байсан. Орон нутаг, аймаг, сумдын сонгууль, жалга довны үзэл гаргадаг асуудлыг гайгүй болгох гэж гайгүй хэдэн санал оруулж ирсэн ч босго давж чадсангүй. Аймаг, орон нутгийн асуудлыг энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр бүр хойш нь тавилаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар зөвшилцсөн саналууд дараа нь Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц дээр дуудагдах вий. Ард нийтийн санал асуулгаар явсан бол зүгээр байсан юм. Зөвшилцлийн хүрээнд орон нутгийн засаг захиргаатай холбоотой асуудлыг яагаад хэлэлцсэнгүй вэ. Сөрөг хүчин маш чухал заалтууд оруулж ирнэ гэж баахан бойкот хийсэн ч оруулж ирсэн санал нь ердөө л намын жагсаалт гэдэг асуудал байлаа. Энэ нь өөрөө зөв шийдвэр мөн үү. Хариуцлагыг нь хэн хүлээх бэ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Ардчилсан намаас оруулж ирсэн хоёр зарчмын саналууд нь журмын тухай хууль зөрчөөгүй. Орон нутагтай холбоотойгоор сумын Засаг даргыг ард түмнээс сонговол төрдөө удирдагдахгүй байж болзошгүй гэж үзэж, нээлттэй үлдээж шийдэх бололцоотой гэдэг үүднээс хойшлуулсан. Өөрөөр хэлбэл, органик хуулиар шийдэх боломжтой. Нутгийн удирдлагын чиглэлээр төвлөрлийг сааруулах, өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх,  орон нутагт эрх мэдлийг шилжүүлэх, хот тосгон байгуулах эрхийг нээж өгч байгаа. Энэ мэтээр нутгийн удирдлагатай холбоотой зохицуулалтууд орж байгаа.

УИХ-ын гишүүн Б.Ундармаа:

-Иргэдийн зүгээс төрийн буруу бодлогоос болж эдийн засгийн хямрал, ажилгүйдэл, ядуурал үүсч, нийгмийн тогтворгүй байдал үүсч, аж ахуй нэгжүүд үүсч байна, эдийн засаг талдаа яаж анхаарч байна вэ гэдэг саналыг их хэлж байсан. Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлт бол нийгмийн захиалга юм. Улс орны хөгжлийн төлөвлөлт, бодлогын заалтыг тусгасан нь онцлог юм. Өнгөрсөн хугацаанд 14 Засгийн газар солигдож, 1,8 орчим жилийн настай байсан энэ үед эдийн засгийн өсөлт тогтворгүй, халамжийн эдийн засаг нүүрлэсэн үе ирсэн учраас энэ чиглэлээр бид бодлого боловсруулах ёстой. Тиймээс Ерөнхий сайдад илүү их хариуцлага, үүрэгжүүлж, төрийн албан хаагчдын хариуцлага, сахилга энэ бүгдэд хамаарч байгаа гэдгийг онцолж хэлмээр байна. Бид улс орны хөгжлийн бодлого гэх заалтыг оруулж ирсэн. Хөгжил, бодлогын төлөвлөлттэй холбоотой заалтыг оруулж ирснээр ямар бодитой үр дүн гарах вэ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Энэ нэмэлт, өөрчлөлтийн нэг том асуудал бол Монгол Улсын төрийн хар хайрцагны бодлоготой байх ёстой гэдгийг суулгаж өгсөн. 1990 оноос өмнө бид төлөвлөгөөт төлөвлөгөөтэй эдийн засагтай байсан. Төлөвлөсөн бүхнээ биелүүлж ирсэн. 1992 оноос хойш төвлөрсөн төлөвлөгөө дэмий бүх зүйлийг чөлөөлт өрсөлдөөн, зах зээл нь зохицуулна гэж 1992 оны Үндсэн хууль батлагдсан гэж би ойлгож байгаа. Энэ удаад төлөвлөх, урт дунд хугацааны бодлоготой, хоорондоо уялдаатай, салбар, орон нутгийн бодлоготой, ялсан нам бүр өөр бодлого хэрэгжүүлэхгүй байхын тулд төрийн хар хайрцагны тогтсон бодлого байхгүй байсаар ирсэн. Ямар ч нам, Засгийн газар гарч ирсэн төрийн хар хайрцагны бодлого тасралтгүй үргэлжлэх ёстой гэж үзэж тодорхой заалтууд орж ирж байгаа.  Хөгжлийн бодлого төлөвлөлт нь тогтвортой байна гэж нэмэлт өөрчлөлтөд тусгасан. Ямар ч нам гарч ирсэн өөрийн бодлого хэрэгжүүлэхгүй, төрийн залгамж чанарыг хадгалж, алсын харааг тодорхойлж, аль нам Засгийн газар, иргэн, аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байж тогтвортой хэрэгжинэ. Энэ нь өөрөө нийгэм, эдийн засгийн амьдралд эергээр нөлөөлнө.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Ерөнхий сайдын эрх мэдлийг чангатгах, хүчтэй ерөнхий сайдын эрх мэдлийг сайжруулах асуудлыг оруулж ирсэн. Бид өмнө нь хэлэлцүүлэг дээр оруулж ирсэн ч олонхын дэмжлэг авч чадаагүй. Өнөөдрийн Монгол Улсын хямралтай байдал хууль гэхээс илүү хүнээсээ шалтгаалж байна. Бид өнөөдөр Үндсэн хууль дагалдах хууль зэрэг хуулийн шинэчлэлүүд хийгээд явна. Хууль бол хариуцлага. Тодорхой хэмжээнд Засгийн газар, УИХ, холбогдох алба төрийг хэрхэн авч явах вэ гэдгийг тодотгохын тулд хариуцлагатай, ёс зүйтэй, хуулиа дагасан, төрийн байгууллагын удирдах албан тушаалтан. Хүн, хүнтэй холбоотой ёс зүй болон хариуцлагын асуудлыг бид яаж сайжруулах вэ. УИХ-ын хариуцлагатай холбоотой асуудал бол ард иргэдийн хяналтаас шалтгаална. Холимог тогтолцоонд шилжих хараахан болоогүй л гэж бодож байна.

Ийнхүү гишүүд тодруулга авсны дараа зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалаа. Тухайлбал, сонгуулийн тогтолцоог холимог тогтолцоогоор явуулах бөгөөд хэрэгжилтийг 2024 оноос хэрэгжих саналыг дэмжсэнгүй. Ардчилсан намын зүгээс гурван санал ирүүлсний хоёр санал нь ийнхүү дэмжигдсэнгүй. Харин тус намын Ерөнхий сайд нь танхимаа бүрдүүлэх заалтыг гишүүдийн олонх дэмжсэн юм.

УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй 14 санал тус бүрээр санал хураалаа. Ийнхүү санал хурааж дууссаны дараа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн зүйл заалт бүрийг боловсруулах үүргийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлснээр чуулганы хуралдаан түр завсарлалаа.

11 : 46
2019-11-14

Г.Занданшатар: Холимог тогтолцоог 2020 оноос хэрэгжүүлэх боломжгүй

УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийг хэлэлцэж байна. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд санал дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцууллаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт, тодруулга авлаа. Тухайлбал,

УИХ-ын гишүүн  Ц.Даваасүрэн:

-Өнөөдрийн хэлэлцэж буй асуудал нь сонгуулийн тогтолцоог хэзээ хэрэгжүүлэх вэ гэдгийг л хэлэлцэж байгаа юм. Бид ард түмнийхээ сонгох эрхэд халдаж байна. Жишээлбэл, Ерөнхийлөгч хориг тавьсан байхад шинэ саналууд орж ирүүлсэн нь Үндсэн хууль зөрчиж байна. Энэ хуулийг хэлэлцэхдээ журмын тухай хууль зөрчиж болохгүй. Ерөнхийлөгч орж ирээд дур зоргоороо аашилж болохгүй гэдгийг сануулж байгаа юм.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Үндсэн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн анхны хэлэлцүүлэг, үүний дараа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэнэ. Ардчилсан намын зөвлөлөөс Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх, сонгуулийн холимог тогтолцоо, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох саналууд ирүүлснийг зөвшилцлийн ажлын хэсэг болон байнгын хороо хоёр саналыг нь дэмжсэн.

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат:

-Дарааллаараа бид Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтөө батлаагүй байхад дагаж мөрдөх журмын тухай ярьж болохгүй. Яагаад өөрчлөгдсөн бэ. Нэмэлт өөрчлөлт батлагдаагүй байхад батлагдан гэсэн журмыг хэлэлцэж болохгүй. Эхлээд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зарчмын зөрүүтэй асуудлаар санал хураалт явуулах хэрэгтэй. Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах хугацааны асуудал шийдэгдээгүй байгаа. Дараагаар нь хуулийн зөрчил болж хувирна.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгээр журмын тухай хуулийн төсөл батлагдахад "Үндсэн хууль бүхэлдээ 2020 оны тавдугаар сарын 25-наас хүчин төгөлдөр болно" гэж заасан. Түүнээс хойш хугацаа тавигдаж болно. Сонгуулийн холимог тогтолцоог урагшлуулах бололцоогүй. Сонгуулийн журмыг хуулиар тогтооно. Нэг жилийн өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж  болохгүй гэсэн заалт хүчин төгөлдөр Тиймээс Сонгуулийн  тогтолцоог 2020 оноос өмнө мөрдөх хуульзүйн болон техникийн бололцоогүй. Сонгуулийн хууль дээр энэ асуудлыг жич хэлэлцэж болно.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

-Гишүүд хоёр зүйлийг хольж хутгахгүй, анхааралтай хандана уу гэж хүсч байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гуравдугаар хэлэлцүүлэг, мөрдөх журам хоёр өөр асуудал шүү. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын төслийг 4-р заалт дээр 2020 оны долдугаар сарын 1-ний өдрөөс өмнө томилогдсон Улсын дээд шүүхийн шүүгчийн бүрэн эрхийн хугацаа нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсон өдрөө эхлэн 12 жил байна гэсэн заалт байгаа юм.  Холимог систем нь өөрөө 4-р зүйл заалт хоёр чинь эрсдэлтэй, техникийн алдаа гаргасан байна.  Хуулийн техникийн зөрчил байна. Өргөн баригдсан 4-р заалт дээр нэмж, сонгуулийн холимог тогтолцооны заалтыг нэмэх гэж байгаа юм уу.

УИХ-ын Тамгын газар:

-Дагаж мөрдөх журмын тухай хуульд тусгаснаар нийт зургаан хасагдах санал байгаа. Энэ нь эхний хэлэлцүүлгээр дэмжигдсэн. Материал дутуу тараагдсан байна.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

-Нэмэлт өөрчлөлтөө хийчихээд журмын тухай хуулиа хэлэлцсэн нь зөв гэж бодож байна. Ер нь аливаа зүйлийг эхний хэлэлцүүлгээсээ эхлээд үндэслэлтэй явуулдаг. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд холимог тогтолцоог оруулна гэж яаж мэдээд хугацааг нь батлах гээд байгаа юм бэ. Өөрчлөлтөд орохгүй бол энэ хуулийн хэлэлцүүлгийг хийх шаардлагагүй болно. Анхнаасаа дарааллаар нь оруулаад ирж болдоггүй юм уу. Батлагдаагүй саналыг хэзээ хэрэгжүүлэх вэ гэж хэлэлцэж болохгүй.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Гишүүдийн ярьж байгаа агуулга зарчмыг ойлгож байгаа. Гэхдээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийнэ. Журмын тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Гуравдугаар хэлэлцүүлгийн дараа хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх учраас засч болно. Гишүүд нам дугуйлна гэсэн ойлголттой байгаа учраас журмын тухай хуулийг эхлээд хэлэлцэж байгаа юм. Хууль зөрчсөн алдаа байхгүй.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журамд шилжихийн тулд Дархан, Эрдэнэт хотуудыг хот болгохтой холбоотойгоор Улаанбаатар хотын ачааллыг бууруулахын тулд Багахангай, Налайхыг хот болгох саналыг оруулмаар байна.

Ийнхүү гишүүд асуулт, тодруулга авсны дараа зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явууллаа.  Ингээд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг  дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж, дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.

Чуулганы хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Гуравдугаар хэлэлцүүлэг хийсэн санал дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга танилцууллаа. 

10 : 54
2019-11-14

Чуулган: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы хуралдааны өнөөдөр /2019.11.14/-ийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бүхэлдээ 2020 оны тавдугаар сарын 25-аас эхлэн хэрэгжихээр тусгасан.

Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хуралдааны эхэнд хэлэлцэх горимын саналыг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат гаргасан бөгөөд санал хурааж, гишүүдийн олонх дэмжсэнгүй. Тиймээс УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийг хэлэлцэж эхэллээ.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд санал дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж