ОХУ-д Украйны гурван сая дүрвэгч амьдардаг

Хуучирсан мэдээ: 2015.09.16-нд нийтлэгдсэн

ОХУ-д Украйны гурван сая дүрвэгч амьдардаг

Улаанбаатар хотноо эхэлсэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын ассамблейн намрын хурал “Бүс нутагт тулгараад буй эдийн засгийн сорилт бэрхшээлүүд, хүнсний аюулгүй байдал, гамшгийн эрсдлийг бууруулах ба усны менежмент” сэдвийн дор өрнөлөө. Энэ хүрээнд Европын холбооноос ОХУ-д хэрэгжүүлж байгаа хориг арга хэмжээ нь бусад улс орны хөдөө аж ахуйн салбарт хүндрэл учруулж, Франц, Исландад жагсаал болж буйг оролцогчид хэллээ.

ОХУ-ыг төлөөлөн энэхүү хуралд оролцож байгаа төлөөлөгчийн зүгээс “ОХУ ямарваа нэг хориг арга хэмжээний эсрэг зогсож ирснийг тодотгоод Европын холбооны зүгээс авсан эдийн засгийн хориг арга хэмжээ нь хөдөө аж ахуйн салбарынх нь үйлдвэрлэлийг сэргээсэн тухай хөндсөн юм. Энэ тухай тэрээр “Манай парламентын гишүүд гадаад оронд зорчиход хориг тавьж байгаа учраас бид ч бас хариу арга хэмжээ авахаас аргагүй байна. Энэ хугацаанд ОХУ дотоодын хүнсний хангамжаа сайжруулахын тулд үйлдвэрлэлээ нэмэгдүүлж чадлаа. Хиам, бяслагийг дотооддоо үйлдвэрлэж байна, хориг Оросын хувьд сайнаар нөлөөлсөн.

Хориг арга хэмжээ дуусах үед ердийн хамтын ажиллагаандаа эргэж орох боломжтой. Хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хамтарч ажиллахад бэлэн.  Хориг дэлхийн хүнсний аюулгүй байдлыг хөндөж байгаа учраас ОХУ ердийн хэвийн бүтээлч хамтын ажиллагаанд ороход бэлэн. Гол нь харилцан ашигтай байх ёстой. Энэ нөхцөлд Франц, Исландад хөдөө аж ахуйн салбарт ажиллагсад нь жагсах шаардлагагүй болно.

Хүнсний аюулгүй байдлыг дагаад дүрвэгсдийн хоол хүнсний хангамжийн асуудал хөндөгдөж байна. ОХУ-д Украйнаас 3 сая дүрвэгч ирсэн, бусдын нэгэн адил ажиллаад амьдарч байна. Тажикстан, Узбекистанаас ирсэн дүрвэгчид ч бий. Гэвч ОХУ-ын зүгээс дүрвэгчид амьдрахад хүндрэлтэй нөхцлийг гаргаагүй. Дүрвэгсдийн асуудлыг аль болох соёлтойгоор шийдэхийг чармайж байна. Харамсалтай нь, бусад орон дүрвэгчид хандахдаа нохойд хоол шидэж өгч байгаа юм шиг хандаж байна” гэсэн юм.

ӨЛСГӨЛӨН ИРГЭДИЙН ТОО БУУРЧ БАЙНА

НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагыг төлөөлөгч энэхүү хуралдаанд илтгэл тавих үеэрээ дэлхий дээр өлсгөлөн иргэдийн тоо буурч байгааг онцоллоо. Гэхдээ Азийн хувьд хүн ам хамгийн ихтэй орнууд багтдаг нь анхаарах асуудал их аж. Хятад улс 1.3 тэрбум хүн амтай, тэдний 10 хувь буюу 130 сая иргэн өлсгөлөн амьдардаг. Энэтхэгт мөн ийм проблем бий аж. БНАСАУ-д энэ үзүүлэлт өндөр байсан ч буруулах тал дээр ахиц дэвшил гарчээ. Иргэд нь ажил орлоготой болох тусам хүнсний хомсдол багасна.

Гэхдээ улс орнууд цаашид хүнсний аюулгүй байдалд анхаарахдаа хоёр зүйлийг чухалчлах ёстой аж. Нэгдүгээрт, эрчим хүч чухал.

Хоёрдугаарт, хэт таргалалттай хүмүүс энэ бүс нутагт нэмэгдэж байгаа аж. Энэ нь хөгжилтэй мөн холбогддог. Түргэн хоол зэргийг ихээр хэрэглэдэгтэй холбоотой. Эргээд энэ нь нийгэмд бас их зардал дагуулдаг. Чихрийн шижин зэрэг өвчнийг нэмэгдүүлж байгаа аж. Эцэстээ хоол хүнсний хэрэглээгээ зохицуулаагүйгээс өвдөж, гэр бүлдээ, нийгэмдээ дарамт учруулдаг.

Азийн бүс нутагт мөн хэт таргалалттай хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Үүнтэй мөн тэмцэх шаардлагатай.

Ирээдүйд хүн амын тоо өсөх дүр зураг бууж байгаа учраас түүнийг дагаад хүнсний хэрэглээ өсөн нэмэгдэнэ. Үүнд дэлхий дахин бэлтгэлтэй байх ёстой. Гол нь аюулгүй байдалд анхаарч эрүүл органик бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэхэд улс орон бүрийн хүчин чармайлт чухал болохыг онцлов. Өсөлтийн таамаглал хийж үзэхэд дэлхий дахин 2050 он гэхэд одоо хэрэглэж байгаагаасаа 2 дахин их хүнс хэрэглэх тооцоо гарчээ.

ДЭЛХИЙН ДУЛААРАЛ МОНГОЛД ГУРАВ ДАХИН ИХ

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-ЕАБХАБ-ын ПА-тай харилцах бүлгийн гишүүн С.Оюун “Монгол Улсын усны нөөц” сэдвээр илтгэл тавилаа.

Монгол Улс гадаргын усны нөөцийн тархалт жигд биш, өвөлдөө маш хүйтэн, ус багатай говийн бүс нутагт уул уурхайн томоохон төслүүд хэрэгждэг гээд онцлог асуудал их аж.

Гадаргын усны 63 хувийг бүрдүүлдэг Хөвсгөл нуур нь Монгол Улсын хойд хэсэгт оршдог. Монголын хамгийн том усны нөөц. Гэхдээ хүн амын 40 хувь нь Улаанбаатар хотод амьдардаг. Нийслэлд амьдардаг иргэдийг хоёр хувааж болно. Оршин суугчдын 50 хувь гэр хороололд амьдардаг бол 5 хувь орон сууцанд амьдардаг. Гэр хорооллынхон усаа саванд хийж зөөж хэрэглэдэг.

Эдийн хөгжихийн хэрээр орон сууцны хорооллууд олноор баригдаж байна. Энэ нь гэр хорооллын иргэд орон сууцанд шилжиж орох боломж олгож байгаа ч усны хэрэглээ хэд дахин өсдөг. Энэ тохиолдолд усны хэрэглээ улам бүр өснө. Цаашдаа гадаргын усыг цуглуулж аваад Туул голын орчимд нөөцөлж авч хэрэглэх. Эрчим хүчний хэрэглээ 2030 онд одоогийнхоос 4 дахин өсөх магадлалтай байгаа.

Уул уурхайн салбар эдийн засагт чухал нөлөөлтэй салбар. Гэвч уул уурхайн ихэнх төсөл усны хомсдолтой хэсэгт хэрэгждэг. Ирээдүйд усны хүндрэлтэй тулах эрсдэлтэй.

Уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болсон хүлэмжийн хийн ялгаруулалд Монгол Улс нэг их оролцоо байдаггүй ч дэлхийн дулаарал Монголд гурав дахин их байна. Энэ нь газар зүйн байршил, далайгаас хол байгаатай холбоотой аж. Үүнээс болж жижиг гол горхи  хатаж ширгэх, цөлжилт нэмэгдэх, мөсөн гол болон мөнх цэвдэг багасахад нөлөөлдөг.

Монгол Улсын хүн амын гуравны нэг нь малчин. Малчдын ажил эрхлэлт мал аж ахуйгаасаа хамаарна. Харин мал аж ахуй нь бэлчээрээс их хамааралтай. Дээр нь усны хангамж чухал. Энэ бүхний шийдлийг олох ёстой. Тиймээс хоёр жилийн өмнө Засгийн газрын гишүүнээр ажиллаж байхдаа УИХ-аар Монгол Улсын ногоон хөгжлийн стратегийг батлуулсан. Түүнд томоохон зорилтууд туссан. Мөн УИХ-аар байгаль орчны багц хуулийг баталсан. Түүнд усны стандарт, ой болон уул уурхайн нөхөн сэргээлтийн стандартыг оруулсан.

Усны нөөцийн цогц менежмэнтийг бүрдүүлэх чиглэлээр нэлээд ажил хийж байна. Усны сав газрын захиргааг байгуулсан. Нийт 28 газар байгуулагдсан. Нийт газар нутгийн 17 хувь тусгай хамгааллалттай газар нутагт хамаардаг. Үүнээс гадна орон нутаг хамгаалалттай газраа тогтоодог.

2009 онд УИХ-аас уул уурхайн үйл ажиллагааг ой, усны эх бүрдэх газарт эрхлэхийг хориглосон хууль баталсан. Энэ хуулийг хэрэгжүүлэхэд удаашралтай байгаа ч хэрэгжүүлж байна.

Байгалийн нөөц ашигласны төлбөрийг нэмэгдүүлсэн, энэ нь аж ахуйн нэгжүүдэд хамааралтай. Аж ахуйн нэгжүүдэд тогтоосон байгалийн нөөц ашигласны төлбөрийг өмнөхөөс нь 2-4 дахин нэмэгдүүлжээ. Ингэснээр усыг хэмнэх талд аж ахуйн нэгжүүд анхаарах болсон. Оюутолгой ашигласан усаа дахин боловсруулж ашиглах болсон.

Уул уурхайн хоёр том төсөл хэрэгжиж байгаа Өмнөговь аймаг 60 мянган хүн амтай. Усны нөөцийн орлогоороо нэлээд мөнгийг орон нутгийн төсөвтөө төвлөрүүлэн авах боломжтой, үүнийгээ байгаль орчныг хамаалахад ашиглах бүрэн боломжтой тухай энэ үеэр тодотголоо.

Онцлоход, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын ассамблейн намрын хуралдаанд 47 улсаас 300 гаруй төлөөлөгч,  олон улсын 13 байгууллагаас 19 төлөөлөгч оролцож байна. Энэхүү хуралдаан есдүгээр сарын 18-н хүртэл үргэлжилнэ.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж