Цагдаагийн Ерөнхий газраас/ЦЕГ/ иргэн Ц.Пүрэвдоржийн гаргасан гомдлын дагуу шалгалт хийж буруутай алба хаагчдад хариуцлага тооцсон талаар өнөөдөр /2019.11.14/ мэдэгдлээ.
Тодруулбал, ЦЕГ-ын Дотоод хяналт, шалгалтын хэлтсээс албаны шалгалт явуулахад Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Эрдэнэчимэг, тус цагдаагийн газрын чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Г.Баасанжав нар нь албан тушаалаа урвуулан, цагдаагийн алба хаагчийн ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн байна.
Улмаар ЦЕГ-ын даргын тушаалаар дээрх хоёр алба хаагчийн цагдаагийн цолыг хурааж, албанаас чөлөөлсөн хэмээн мэдэгдлээ.
Хэргийг эргэн сануулахад, иргэн Ц.Пүрэвдорж арваннэгдүгээр сарын 6-ны өдөр сэтгүүлчдэд хандан, Монголын цагдаа энгийн иргэнд бүртгэлгүй хэргийг хэрхэн тулгаж, эрүүдэн, гэр бүлээр нь дарамталж, айлган сүрдүүлж буй талаар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр "Намайг Ц.Пүрэвдорж гэдэг. Хувиараа бичил бизнес эрхэлдэг. 2019 оны аравдугаар сарын 23-ны өдөр БЗД-ийн цагдаагийн I хэлтсийн хошууч Б намайг гэнэт баривчилсан. Учрыг нь лавлахад "Чамд залилангаар Эрүүгийн хэрэг үүсгэсэн" гэж хэлсэн хэр нь надад хэргээ огт танилцуулахгүй байгаа нь хэрэг үүсгээгүй гэсэн үг.
Иймээс үүсгээгүй хэргээ үүсгэсэн мэтээр дарамталж, ялын тогтоолтой ялтан шиг харьцаж байна. Ингэхдээ өмнөө сөхрүүлж суулгачихаад хүчээр хэрэг тулгах гэж оролдсон. Өөрөөр хэлбэл, хошууч Б гэх эрхэм намайг дарамталсаар байгаад зургаан сая төгрөгийн өртэй гэдэг бичиг дээр хүчээр гарын үсэг зуруулсан. Үүнээс гадна гэр бүлийг минь хамт дарамталж байна. Регистрийн дугаараар бүх мэдээллийг минь харангуутаа "Чи чинь айлын ганц хүүхэд юм байна. 70 настай ээжтэй, таван настай хүүхэдтэй учир чиний хойноос хэн ч явахгүй юм байна. Одоо чамайг Ганц худагт хорино. Хэрэв хоригдохыг хүсэхгүй байвал бичиг дээр гарын үсэг зур" гэсэн. Би аргагүйн эрхэнд тус бүр зургаан сая төгрөгийн өртэй гэсэн дөрвөн ширхэг бичиг дээр гарын үсэг зурж байж суллагдсан. Хэрэг үүгээр дуусахгүй, намайг өдөрт гурван удаа ирж мэдүүлэг өгөхийг шаарддаг. Сүүлдээ өрөө төлж чадахгүй бол бизнесийн хувиас авна гэж шаардсан" хэмээн ярьсан юм.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ