"Манай улсын гадаад эдийн засгийн орчин эрсдэлтэй болсон"

Хуучирсан мэдээ: 2019.11.14-нд нийтлэгдсэн

"Манай улсын гадаад эдийн засгийн орчин эрсдэлтэй болсон"

"Манай улсын гадаад эдийн засгийн орчин эрсдэлтэй болсон"

УИХ Монгол Улсын 2020 оны төсвийг баталсантай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Амарзаяагаас зарим зүйлийг тодрууллаа.


-УИХ-аар 2020 оны төсвийн хуулийг баталлаа. Төсвийн алдагдал асар ихээр өсчээ. Төсвийн байнгын хороо алдагдлыг бууруулах чиглэлээр санаачилга гаргаж ажиллаж чадав уу. Ирэх оны төсвийг хэрхэн батлагдлаа гэж дүгнэж байна вэ?

-Төсвийн алдагдал 2.0 их наяд төгрөг. Өнгөрсөн жилийнхээс эрс нэмэгдсэн. Төсөв ч урт дунд хугацаанд ачааллаа дийлж чадахгүй хэмжээнд хүрч байна даа. Засгийн газрын өргөн барьсан төсвөөс урсгал зардлыг бууруулснаар алдагдлыг 1.0 их наядаар бууруулах боломжийн талаар яригдсан. Энэ мэт өөрчлөлтүүдийг хийж чадаагүй.

-Хэлэлцүүлгийн үеэр та гадаад зээл тусламжийн зээлийн зарцуулалтыг нэлээд шүүмжилж байсан?

-2020 онд нийт гадаад зээл тусламж 1,446.6 тэрбум төгрөг бөгөөд үүнээс 1,296.3 тэрбум төгрөг нь гадаад улсууд, олон улсын байгууллагаас авч ашиглах зээл байна. Эдгээр зээлийн өр төлбөрийн асуудал тодорхойгүй, төслийн зээлийг байгаль орчныг хамгаалах, цэвэрлэх байгууламж, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн үйлчилгээг өргөжүүлэх зориулалтаар ашиглах бөгөөд нефть бүтээгдэхүүн, эрчим хүчний хангамж, дэд бүтцийн хөгжилд нийт зээл тусламжийн 35 хувийг зарцуулах юм. Эдгээрээс үзэхэд бүтээн байгуулалт, нийгмийн хөгжлийн арга хэмжээ үндсэндээ гадаадын төслийн зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжиж байна. Энэ нь манай үндэсний санхүүгийн зах зээл бүтээн байгуулалтын томоохон хөтөлбөрт оролцож чадахгүй байгааг харуулж байна. Үүгээрээ 2020 оны төсвийг муу төсөв боллоо гэж үзэж дэмжээгүй.

-Орон нутгийн төсвийн бодлогод нааштай, дорвитой өөрчлөлт байна уу?

Төсвийн нийт зарлага нь 13.8 их наяд төгрөг болж, 2.2 их наядаар өссөн. Урсгал зарлага 9.9 их наяд төгрөг, энэ юуг илэрхийлж байна гэхээр хотод гурван ээлжээр хичээллэж байгаа, харин хөдөөд нэг ээлжээр хичээллэж байна. Гурван ээлжийг хоёр ээлж болгож, нийгмийн дэд бүтэц рүү хөрөнгө оруулалт чиглэсээр. Хөдөө эзгүйрсээр, хүн ам цөөрсөөр, аймаг хот руу шилжиж, төвлөрөл ихэссээр. 2014 онд төсвийн орлого 4.7 их наяд, зарлага 5.6 их наяд, 2017 онд төсвийн зарлага 7.7 их наяд, зарлага 2014 оноос 8.2 их наядаар өссөн байна.

Гэтэл орон нутгийн төсвийн суурь орлого, орон нутгийн хөгжлийн санд зарим нэмэлт орлогыг тусгаж, орон нутгийн төсвийн нийт орлого, зарлага ДНБ-д 8.11 хувийг эзэлж байна. Орон нутгийн хөгжлийн санг өнгөрсөн жилийнхээс 45,0 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж байна. 2.2 их наяд төгрөгийн зарлагын өсөлтөөс зөвхөн 2 хувийг орон нутгийн хөгжил рүү зарцуулж байна гэхээр харамсалтай тоо. Улсын хэмжээнд эдийн засгийн бодит сектор томоохон бүтээн байгуулалт хийх чиг бодлого тодорхойгүй байгаа юм чинь төвлөрлийг сааруулах, бүс нутгийн хөгжлийг хангах, сумдаа жигд хөгжүүлэх, орон нутгийн бие даасан хөгжлийн бодлогыг дэмжих чиг хандлага ч бүр тодорхойгүй байгаа юм байна. Миний хувьд уул уурхай дагасан бүтээн байгуулалтаа яаралтай хийх шаардлагатай гэж үзэж байна. Тухайлбал зам, ус, цахилгаан гэх мэт орон нутгийн иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхгүй бол байгаль орчинд сөрөг нөлөөтэй, эдийн засгийн бодит дэмжлэггүй учраас нутгийн иргэдийн шүүмжлэл ихэссээр. Иймээс 2020 оны төсвийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Ер нь эдийн засгийн гол түшиц салбар болон бүс нутгаа төрийн бодлогоор дэмжиж байж эдийн засгийн бааз суурь нэмэгдэх нь төсвийг боловсруулж байгаа төрийнхний харах хамгийн чухал өнцөг байсан л даа, үүнийг ойлгохгүй байна. Төрийн болон төсвийн бодлогоор л зохицуулалт хийх нь үгүйлэгдэж байна. Үнэхээр боломжгүй төсөв байсан бол би үүнийг ойлгоно.

– 2019 оны төсвийн гүйцэтгэлийг ямар түвшинд тооцоолж харж байна вэ?

-2020 онд нэгдсэн төсвийн орлого 12.9 их наяд төгрөг буюу ДНБ-ний 31.71 хувийг эзэлж байна. Төсвийн орлого 2019 оны батлагдсан хэмжээнээс 16,6 хувиар буюу 1.8 их наяд төгрөгөөр өсгөж төлөвлөсөн байна. 2019 оны эхний хагас жилд эдийн засгийн өсөлт 7.3 болсон, нүүрс, төмрийн хүдэр, алтны экспорт нэмэгдсэнээс шалтгаалан экспортын хэмжээ гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан. 2019 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр гадаад худалдааны эргэлт 13.9 тэрбум ам.доллар, гадаад худалдааны тэнцэл 1.5 тэрбум ам.доллар болохоор байна. Гадаад худалдааны тэнцэл сайжирч байгаагаас урсгал тэнцэн улмаар төлбөрийн тэнцэл 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр ашигтай гарах төлөвтэй. 2019 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт өссөн зэргээс үзэхэд 2019 он бол тус улсын эдийн засаг, бизнесийн хөгжилд харьцангуй тогтвортой жил болжээ гэж харагдаж байна.

-2020 онд энэхүү тогтворжилт хэрхэн хадгалагдах бол. Төсвийн орлогын өсөлтөд юу юу нөлөөлж  байгаа вэ? 

-Ирэх онд төсвийн орлогын өсөлтөд гол нөлөөг хил гаалийн нэвтрүүлэх чадвар тоног төхөөрөмжийг эрс сайжруулах замаар гаалийн шинэчлэлийг үргэлжлүүлж, татварыг бүрэн хураах, татварын шинэчлэлийн үр дүнд татварын бааз суурь өснө гэж үзсэн байна. Би үүнд шүүмжлэлтэй байгаа. Сангийн сайдын мэдээлснээр Гашуунсухайт зэрэг хэд хэдэн боомтуудыг сайжруулах талаар ярьсан. Гэхдээ эдийн засагт чухал нөлөө үзүүлж буй хилийн боомтуудаа жигд хөгжүүлэх асуудал чухал. Энэ нь сүүлийн хоёр жил хийгдэж байгаа, цаашид ч дунд хугацаанд хийгдэнэ. Манай аймаг хоёр хилийн боомттой. Шивээ хүрэн хилийн боомт дээр шинэчлэл хийгдэхгүй удаашралтай байна. Ер нь усгүй, тоггүй, замгүй, тохижилт муу, хил дээр ажиллаж байгаа хүмүүсийн ажиллах, амьдрах нөхцөл муу байна. Ийм байхад Цагаан дэл гээд гурав дахь хилийн боомтыг шинээр нээнэ гэдэг асуудлыг нутгийн иргэд хүлээн зөвшөөрөхгүй үгүйсгэж байгаа.

Тогтворжилт хадгалагдах нь амаргүй, хүнд нөхцөл байдлууд үүссээр. Манай улсын улс төр, хууль эрх зүй, эдийн засаг, санхүүгийн үйл ажиллагааны увайгүй байдлаас шалтгаалан саарал жагсаалтад орсон явдал нь гадаадын шууд хөрөнгө оруулалт хумигдах, дотогшлох хөрөнгийн урсгал багасах сөрөг, үр дагавар бий болох эрсдэлтэй боллоо. Мөн Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар шийдвэрлэсэн АМНАТ-ийн хууль эрх зүйн орчны асуудал бүрхэг байна, Сангийн яам, Уул уурхайн яам ойлголцлын зөрүүтэй мэдээлэл өгсөөр байна. Санхүүгийн хямралтай холбоотой ОУВС-ийн хөтөлбөрөөр 2017 онд НДШ-ийн хувь хэмжээг жил бүр өсөхөөр хуульчилсан, энэ нь бизнес эрхлэгч, ААН-үүдэд хүнд тусч байна. Ажил олгогчдоо төрийн бодлогоор дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, тогтвортой жигд хөгжүүлэх, дотоодын үйлдвэрүүдээ дэмжих бодлого орхигдож байна. Мөн саарал жагсаалттай холбоотойгоор манай улсын гадаад эдийн засгийн орчин эрсдэлтэй болсон гэдгийг анхаарах хэрэгтэй.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж