-Хэзээнээс АНУ-д ажиллаж амьдрах болсон бэ. Хүний газар гүний хошуунд харь хэлээр ажил алба гүйцэтгэнэ гэдэг эрдэм мэдлэгээс илүүтэй тэвчээр хатуужил шаарддаг юм шиг санагддаг?
-Би 2002 оноос АНУ-д амьдарч байна. 2005 оноос Миззурийн их сургуулийн Боловсролын их сургуульд ахлах судлаачаар ажиллаж байна. Энэ хугацаандаа докторын зэргээ хамгаалсан. Гадаад оронд ажиллаж, амьдарна гэдэг эх орондоо ажиллахаас мэдээж бэрхшээлтэй. Хоёр орны нийгэм эдийн засгийн хөгжил эрс ялгаатайн дээр ажиллаж буй байгууллагын соёл ч өөр өөр байдаг. АНУ-д бизнесийн байгууллага болон их дээд сургууль зэрэг академик байгууллагад ажиллах нь хоорондоо ялгаатай байдаг. Би ихэвчлэн академик байгууллагад ажиллаж байлаа. АНУ-ын академик байгууллагуудад ажиллахад судалгаа хийх нөхцөл бололцоо илүү бүрдсэн байдаг онцлогтой. Манай улсад мэдээлэл авах “зам” хаалттай, төвөгтэй байдаг бол АНУ-ын хувьд хэдийгээр их хэмжээний төлбөр төлдөг ч мэдээллийн эх үүсвэрүүд нээлттэй.
-Онлайн мэдээллийн сэдвээр докторын зэрэг хамгаалсан юм байна. Уншигчид мэдээг мэдээллээс ялгахгүй байгаа тухай таны яриа сонирхолтой санагдлаа?
-Миний хувьд докторын диссертациа “Орчин үед хүмүүс мэдээллээ олж авч буй зан үйл”-ийн сэдвээр хамгаалсан. АНУ-ын уншигчид онлайн мэдээллийг ямар эх сурвалжаас авч байгаа болон эх сурвалжаа үнэлэх үнэлэмж нь ямар байгааг, тэдний мэдээ мэдээлэлд хандах хандлага ямар байна гэхчилэн бүхий л асуудлыг судалсан. Судалгаанаас харахад онлайн уншигчдын хувьд мэдээ, мэдээлэл хоёрын ялгаа төдийлөн арилаагүй байгаа нь ажиглагдсан. Интернетэд байгаа бүхий л зүйлийг уншигчид мэдээ гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, өнөөдөр интернет гэдэг янз бүрийн мэдээ, мэдээллийг багтааж байдаг том хэмжээний агуулах сав болчихоод байна. Зарим мэдээллийн эх сурвалж хаанаас гарсан, ямар эх сурвалжтай нь мэдэгдэхээ больчихоод байна. Маш олон холбоосоор холбогдчихсон байдгаас эх сурвалж нь чухам хэн нь вэ гэдгийг ялгахад хүндрэлтэй болж байна. Тиймээс мэдээг мэдээллээс ялгахад төвөгтэй.
-Таныхаар бол мэдээ буюу “news” гэж чухам юуг хэлэх вэ?
-Энэ бол нэг үгээр илэрхийлэхэд хэцүү асуудал л даа. Зөвхөн Монголд ч биш, АНУ-д хүртэл мэдээ /news/ гэж юу юм, мэдээлэл /information/ гэж юу вэ гэдгийг тодорхойлоход маргаантай хэвээр байна. Миний бодлоор мэдээ гэдэг бол нэгдүгээрт, хүмүүст шинэ мэдээг өгч байх, хоёрдугаарт, баттай эх сурвалж дурдсан үнэн бодит мэдээлэл байх учиртай. Энэ талаар би америкчуудтай санал солилцож байхад нэг хүн “Би нохойгоо салхилуулж яваад цэцэрлэгт хүрээлэнгээс нэгэн төрлийн өвс нээлээ гэж бодъё. Тэгвэл энэ бас мэдээ юу” гэж асууж байсан. Тэгэхээр энэ бол их өргөн ойлголт.
-Та эх орныхоо талаарх мэдээ, мэдээллийг интернет сайтуудаас авдаг л байх. Монголын интернет сайтууд элдэв мэдээллээс илүү мэдээг уншигчдадаа хүргэж чадаж байна уу. Уншигчдын хандлага, төвшин ямар байгааг дүгнэн хэлнэ үү?
-Яг одоогоор би Монголын интернет мэдээллийн өнөөгийн байдлыг шинжлэх ухааны нарийн үндэстэйгээр судлаагүй гэдгээ тодотгох хэрэгтэй байх. Ер нь бол Монголын интернет мэдээний талаар судалгаа хийхээр төлөвлөчихсөн байгаа. Онлайн мэдээллээр судалгаа хийдгийн хувьд төдийгүй эх орноосоо алсад ажиллаж, амьдардагийн хувьд нутагтаа болж буй үйл явдлын мэдээг мэдээж интернетээс голчлон уншдаг. Ажиглаад байхад манай интернет сайтуудын мэдээ, мэдээлэл өдрөөс өдөрт баялаг болсоор байгаа. Харин агуулга чанар, үнэн бодит байдалд нь би хааяа эргэлздэг. Түүнчлэн хэвлэл мэдээллийн байгууллагынхны хувьд аливаа үйл явдлыг байнга мэдээлэх явдал үгүйлэгдэж байдаг. Барууны хэвлэлд үйл явдлыг нэг удаа мэдээлээд орхих бус тухайн үйл явдал өрнөж байгаа бол үйл явц болгоныг дуустал нь мэдээлдэг. Гэтэл манайд мэдээллийг байнга шинэчлэх чанар үгүйлэгдэж байгаа. Энэ нь хүн хүчний дутмаг байдлаас шалтгаалдаг байхыг үгүйсгэхгүй. Бас нэгэн онцолж хэлэх зүйл бол мэдээллийн баталгаат эх сурвалжийн асуудал юм. Түүнчлэн манайд өөрсдөө мэдээллээ бэлтгэдэг сайтууд тун цөөн. Агрегат вэбсайт буюу олон төрлийн мэдээллийн эх сурвалжаас мэдээ, мэдээлэл цуглуулан тавьдаг нь илүү олон юм шиг санагдсан. Уншигчдын тухайд Монголд ч ялгаагүй аль нэг байгууллагын танилцуулгыг хүртэл мэдээ буюу “news” гэдэг ангилалд багтаан ойлгох нь бий. Тиймээс ч хэрэгтэй, хэрэгггүй маш олон мэдээлэл сайтуудаар цацагдаж байна. Гэвч энэ бол хөгжлийн нэг л үе шат. Тэр олон мэдээлэл дундаас өөрт хэрэгтэйгээ сонгон авч унших нь тухайн уншигчийн эрхийн асуудал төдийгүй хүмүүст өгөөжгүй мэдээлэл цацдаг сайтуудыг аяндаа уншигчид орхих болно.
-Уншигч олонтой, хандалт сайтай сайтуудад уншигчдын сэтгэгдэл ч олон байх нь бий. Гэтэл уншигчдын бичсэн сэтгэгдлийн төлөө тухайн байгууллагыг буруутгах байдал мэр сэр байдаг л даа. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Уншигчдын амьд холбоо гэдэг маш чухал зүйл шүү. Үүнийг интернетийн интерактив чанар гэж нэрлэдэг. Дээр үед бол “Редакцийн захидал” гэж байсан даа. Зарим захидлыг нь сонин дээрээ хэвлэдэг байсан. Үүний л орчин үеийн хэлбэр нь уншигчдын сэтгэгдэл юм. Комент буюу уншигчдын сэтгэгдлээс санаа авах зүйл их байдгийн дээр “Иргэний сэтгүүл зүй”-н үндэс ч эндээс гарах сайн талтай. Тиймээс барууны сэтгүүл зүйд иргэдийн санаа бодлыг их хэмжээгээр тусгадаг болсон. Зарим идэвхтэй уншигчдын блогийг өөрийн сайтдаа холбосон байдаг. Гэхдээ манай зарим уншигчийн интернетийн соёл сул байгаагаас бичсэн зүйлийг үгүйсгэсэн, хүмүүсийг доромжилсон зүйлс их хэмжээгээр гарч байна.
-Интернет сайтууд хөгжөөд ирэхээр цаасан хэвлэл, сонин сэтгүүлийн редакциуд алдагдалд орж, эхнээсээ хаалгаа барьж эхэлж байгаа юм байна. Тэгэхээр алсдаа цаасан хэвлэл халаагаа интернет хэвлэлд өгөх нь ээ дээ?
-Цаасан хэвлэл халаагаа өгөх эсэх асуудал бас л маргаантай зүйлийн нэг л дээ. Барууны орнуудын судлаачид болоод бизнесийнхний дунд байнга гарч байдаг сонирхолтой бөгөөд чухал асуудал. Сүүлийн хоёр жилийн дотор АНУ-д маш олон сонин хаагдаж, олон арван сэтгүүлч ажилгүй болсон. Сонин сэтгүүлийн редакциуд хямралд өртөж байна. “The New York Times”-ын цаасан хувилбар, “Boston Globe” гэхчилэн газрууд ч хүндхэн байдалд ороод байгаа. Нэг редакциас л гэхэд 60-100 сэтгүүлч ажилгүй болж байх жишээтэй. Цаашдаа сонинг авч үлдэхийн тулд яах вэ хэмээн аргаа барж байна шүү дээ. Хүмүүсийн үнэлэмж, хандлага их өөр болж байна. Дэлхий нийтийн хэмжээнд экологийн асуудал хурцаар тавигдах болсон үед их хэмжээний мод устгаж, сонин унших хэрэг байна уу гэсэн асуудлыг ч хөндөн тавьж эхлээд байна. Уншигчид номноос хүртэл татгалзаж эхэлжээ. Номыг электрон хэлбэрээр унших нь хэвийн үзэгдэл болсон байна.
-Бүх салбарт цааснаас татгалзана гэдэг манай нөхцөлд арай эрт байна л даа. Архив, хадгалалт хамгаалалтаас эхлээд хүндрэл учирч мэдэхээр санагдаад байгаа юм?
-Харин би энэ талаар таниас эсрэг бодолтой байна. Монголд хуучин сонин хэвлэлийн архив үзэх гэхээр электрон хувилбар байдаггүй. Номын санд сууж сонин шүүж, түүнийгээ канондож авахын тулд асар их цаг зарцуулж байна. Гэтэл барууны орнуудад сонин хэвлэлийн байгууллагын бүх архив онлайн болон цаасан хэлбэрээр хадгалагдсан байдаг. Онлайн архив маш хялбар. Тухайн сэтгүүлчийн бүхий л бүтээл нэрээр нь ороод хайхад гарч ирдэг. Тэгэхээр цаасыг халснаар архивгүй хоцорчих вий гэдэг болгоомжлол байж болохгүй. Тухайн байгууллага болон хувь хүн мэдээллийн технологийг яаж шийдэж байгаагаас шалтгаалж байгаа хэрэг.
-Та “Missouri Columbia” сонинд сэтгүүлчээр ажиллаж байжээ. АНУ-д сэтгүүлчийн хөдөлмөрийн нөхцөл ямар байдаг бол?
-АНУ-д аль ч чиглэлээр суралцахад практикийг их чухалчилдаг. Тиймээс сэтгүүл зүйн сургуульд сурч байхдаа “Missouri Columbia” сонинд ажиллаж байсан. Сургуулиа төгсөөд хотдоо хоёрдугаарт тооцогддог нэгэн сонинд сэтгүүлч хийж байсан. Мэдээж эхлээд их хүнд байсан. Өөр хэл дээр, өөр орны тухай бичихийн тулд шантрах үе тохиолддог л юм. Гэхдээ аль ч улсад сэтгүүлчийн үүрэг бол ижил шүү дээ. Манайхаас эрс ялгаатай нэг зүйл нь сэтгүүлчийн мэдээлэл олж авах эх сурвалжийг хуулийн төвшинд шийдсэн байдаг. Миссурийн их сургуулийн хоёр профессор Монголд ирж ажиллаад очихдоо “Монголын сэтгүүлчид Засгийн газартаа хандахад асар хүндрэлтэй байдаг юм байна” гэж хэлж байсан. АНУ-д мэдээллээ маш нарийвчлан ангилсан байхын дээр сэтгүүлчид нээлттэй мэдээллийг өгөөгүйнхээ төлөө тухайн байгуулага хариуцлага хүлээх хуулийн заалт байдаг.
-Хэвлэл мэдээллийн чиглэлээр хийж буй судалгаагаа Монголд үргэлжлүүлнэ гэлээ. Хэзээнээс ирэхээр төлөвлөөд байгаа вэ?
-АНУ-д би маш олон төрлийн судалгаа хийж байгаа. Тэдгээрээс хэвлэл мэдээлэл, онлайн мэдээллийн судалгаагаа Монголдоо үргэлжлүүлэх бодолтой байна. Гэвч цаг хугацаа товлоогүй. Судалгаа хийнэ гэдэг маш их хөдөлмөр орохын сацуу санхүүгийн асуудал ч яригддаг. Үүнийг судлаач хүмүүс л ойлгох байх. Холоос ирэхэд зардал мөнгөнөөс эхлээд мэдээлэл цуглуулна, их зүйл уншиж судална, эцэст нь анализ хийнэ. Энэ бүхний үр дүнд ганцхан цаас л гардаг. Тийм болохоор цаг товлох боломжгүй байна.
-Гадаадад ажиллаж амьдарч буй хүмүүс эх орондоо ирэхээсээ төвөгшөөх бэрхшээх байдал ажиглагддаг. Та гэр бүлээрээ АНУ-д амьдраад арваад жил болж байгаа юм байна. Нутагтаа ирж амьдрах уу?
-Ирэлгүй яахав. Бид нутагтаа ирнэ. Хичнээн хөгжилтэй сайхан оронд сайн яваа ч эх орон маань үгүйлэгддэг. “Сиймхий ч гэсэн гэр минь, сэгсгэр ч гэсэн ээж минь” гэдэг үг байдаг даа. Хүний төрж өссөн нутаг бүхнээс эрхэм. Гадаадын улс орнуудад ажиллаж, амьдарч буй монголчууддаа эх орныхоо талаарх сайн сайхан мэдээллийг хүргэж гэмээнэ тэдний нутгаа гэх сэтгэлийг татах нэг гол хүчин зүйл шүү гэдгийг үзэг нэгт сэтгүүлчиддээ дуулгамаар байна. Гадаадад байгаа монголчууд сонин хэвлэл, интернет сайтуудаас хар бараан голдуу мэдээлэл уншиж байдаг. Энэ нь тэдний сэтгэхүйд маш хүчтэй нөлөөлдөг. Манай найзууд хүртэл “Чи Монгол явж яах гээд байгаан бэ, тэнд чинь эдийн засаг хямраад, инфляци өсөөд их хэцүү байгаа гэнэ” гэж цааргалдаг. Тийм болохоор саарыг сайнтай нь хамт мэдээлж байгаач гэж л хүсмээр байна даа.
Ярилцсан Д.Цээпилмаа