Энэ өвөл нийт 500 тонн давс нөөцөлжээ

Хуучирсан мэдээ: 2019.11.14-нд нийтлэгдсэн

Энэ өвөл нийт 500 тонн давс нөөцөлжээ

Энэ өвөл нийт 500 тонн давс нөөцөлжээ

Намрын налгар өдрүүд биднээс алхам алхмаар холдож, тачигнасан хүйтэн өвөл ирлээ. Харин Нийслэлчүүд бид өвөлд бэлэн үү. Цас орсны улмаас автозамууд хөлдөж, улмаар халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй болдог. Явган хүний болон авто замыг мөстөхөөс урьдчилан сэргийлэх үүднээс давс бодис цацдаг ажээ. Бид энэ удаагийн сурвалжлагаа халтиргаа, гулгаа ихтэй зам талбайгаас бэлтгэлээ.

Ус, цаг уур, шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр энэ жил дулаан боловч урт өвөл болно гэж мэдээлсэн. Өвөлжилтийн бэлтгэл ажил улсын хэмжээнд бүрэн гүйцэт хангагдаж байна. Ойрын өдрүүдэд цаг агаар сэрүүсч, хүйтний эрч чангарах төлөвтэй байгааг Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс анхааруулж байгаа. Саяхан орсон цасны улмаас нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай цасанд дарагдаж, халтиргаа, гулгаа үүсэх нөхцөл бүрджээ.

Энэ жилийн хувьд давс бодис цацах техник хэрэгслийн тоо хангалттай байгаа гэдгийг Нийслэлийн хот тохижилтын газраас мэдээлсэн юм. Зам талбайн халтиргаа, гулгааг арилгахын тулд энэ өвөл нийт 500 тонн давс нөөцөлжээ. Даваа гаригт орсон их хэмжээний цастай холбоотойгоор нийслэлийн хот тохижилтын газраас халтиргаа үүсч болзошгүй цэгүүдэд 212 тонн бодис, 16 тонн давс цацаж арга хэмжээ авсан байна. Энэ ажилд хот тохижилтын 500 гаруй ажилтан оролцон, уртасгасан цагаар ажиллажээ.

Дээрх асуудлаар Хот тохижилтын газрын хэвлэл олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Тэмүүжингээс тодруулав.

-Саяхан орсон цас нийслэлийн хотын өвөлжилтийн бэлтгэлийг шалгачихлаа. Энэ жил урт өвөл болно гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байгаа. Нийслэл хотын өвөлжилтийн бэлтгэл бүрэн хангагдсан уу?

-Манайх томоохон гудамжуудын цэвэрлэгээ үйлчилгээг хариуцаж ажилладаг. Нэг өвөлдөө 1500 орчим тонн бодис нөөцөлж авахад тухайн жилдээ хангалттай байдаг. Энэ жил манайх 1752 тонн бодис, 626 тонн давс нөөцөлж авсан. Сая цас орсон өдрүүдэд хот тохижилтын газар шөнийн ээлжийн зохион байгуулалтад орж, 350-400 гаруй ажилтан шөнийн ээлжид ажиллаж, өнөөдрийн байдлаар 274 тонн бодис, 16 тонн давс цацсан. Нийтдээ 60 гаруй машин ажиллаж байна. Замын шүүрний машин гэхэд 13 байна.

-Төвийн замуудад хэр хэмжээний бодис цацсан бэ?

-Ер нь нийслэлийн төвийн гудамжуудад давс, бодис цацаж ажиллаж байна. Манайх өвөлжилтийн бэлэн байдлыг зуун хувь хангасан. Төвийн замын халтиргаа гулгаа байхгүй болгохоор ажиллаж байна. Урьд шөнө хялмаа хаяад хоносон байсан. Шөнийн 00.00 цагаас эхлэн 20 тонн бодисыг халтиргаатай газар цацсан байна. Цаг агаар хүйтэрч, цас орох тоолонд шаардлагатай бодис, давсыг цацаж, хүн хүчээ хуваарилж ажиллана.

Явган хүний зам дээрх цасыг бичил төхөөрөмжөөр цэвэрлэж байгаа. Ер нь бол хүний хөдөлмөрийг хөнгөвчилж, техник хэрэгслийн хүчээр цэвэрлэхээр зорьж ажиллаж байна. Нийслэлийн 300 гаруй ажилтан цас орох тоолонд явган хүний замыг хуваагдаад цэвэрлэдэг. Замын гадаргууг гөлөнтөж, хальтирхаас сэргийлж давс бодис цацаж байгаа.

ХОГОО ХАМНА, ТАЛБАЙГАА ТОХИЖУУЛНА ГЭЭД ЦАС ОРОХООР АЖИЛ ИХ

“Ногоон сэрүүн” тохижилтын компанийн ажилтан Н.Даваадоржоос тодруулав.

-Зам талбай хэр хальтиргаатай байна вэ?

-Явган хүний замын зарим хэсгээр ер нь их хальтиргаатай байна. Ялангуяа хорооллын хойд талын уруудаж орж ирдэг, Гандангийн зүүн талаар гулгаатай, цас нь арай арилж амжаагүй байна. Бусад газрууд зарим газраар гайгүй байна лээ. Нэгдүгээр хорооллын явган хүний зам бас л хальтиргаатай байна лээ.

-Цас орсноор таны ажлын ачаалал нэмэгдэв үү?

-Ачаалал нэмэгдсэн. Хогоо хамна, талбайгаа тохижуулна гээд цас орохоор ажил их.  Би ганцаараа гэхэд хоёроос гурван га газрыг цэвэрлэдэг. Өнөөдөр явган хүний зам, ногоон байгууламжаа цэвэрлэсэн. Өвөл хар зам дээр давс цацдаг. Ногоон байгууламжийн ойролцоо давс цацдаггүй.

-Иргэдэд зөвлөж хэлэх зүйл бий юу?

-Орон сууцны айл өрхүүд нохойгоо эрхлүүлээд гудамж талбайд баалгаж, шээлгэдэг. Гэтэл бид үүнийг гараараа цэвэрлэж байгаа шүү дээ. Тэгээд татсан тамхины ишээ явган хүний зам дээр хаяж болох байтал модны ёроол руу шидчихдэг. Зориулалтын хогийн саванд хогоо хийчихвэл бидний ачаалал арай гайгүй юм болов уу.

ЦАС ОРСОН ДАРУЙД ДУУДАГДАЖ АЖИЛЛАДАГ

Хот тохижилтын газрын ажилтан Я.Доржсүрэн "Бид ачаалал ихтэй ажиллаж байна. Цас орсон даруйд шөнө ч хамаагүй дуудагдаж очоод цасаа цэвэрлэдэг. Хүүхэд хөгшид халтираад гэмтэх вий гэдгээс сэрэмжлээд чадахаараа л ажиллаж байгаа. Энэ бямба гаригт дахиад цас орно гэж байна. Цас орсны дараа хүний мөр гараагүй байхад нь шүүрдэхэд дагтарших нь хамаагүй бага, хальтиргаа багатай байдаг. Бид ихэвчлэн хүрз, жоотуу гар багажаар цас цэвэрлэдэг. Төв замуудад давс бодис цацдаг бол явган хүний замд цацдаггүй. Тэгэхээр иргэд маань аль болох болгоомжтой яваасай гэж бодож байна"  гэлээ.

АВТОБУСНЫ БУУДЛЫГ САЙН ЦЭВЭРЛЭХИЙГ ХИЧЭЭДЭГ

Хот тохижилтын газрын ажилтан Н.Оюун-Эрдэнэ "Цас орохоор бид чинь ачаалал ихтэй ажилладаг. Явган хүний замыг анхааралдаа авдаг. Бид үүрийн 04.00 цагаас эхлээд цас цэвэрлэдэг. Хүн амьтан яваагүй үед шүүрдчихвэл амар байдаг юм. Гол нь автобусны буудлыг сайн цэвэрлэхийг хичээдэг. Энэ дээр хүн унавал бидний буруу болдог шүү дээ. Зориулалтын гар багажаар цэвэрлэнэ. Цас орлоо л бол манайхаас арав гаруй машин давс бодис цацдаг" гэв.

Харин иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшлийн газар болон тухайн орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам, талбайг цэвэрлэх үүрэгтэй. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг өөрийн эзэмшил газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, арчилгааг хариуцах, өвлийн улиралд байнгын хүн томилж цас, мөсийг тухай бүрт нь арилган, халтиргаа гулгаа үүсэхээс урьчилан сэргийлж, давс, бодис цацах, иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлж ажиллана гэсэн журам бий. Иймд дүүргийн нутаг дэвсгэрийн иргэн, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг ойр орчныхоо 50 метр газрын цас, мөсийг цэвэрлэх үүргээ хэрэгжүүлэхийг зөвлөж байна. Ингээд нийслэлчүүд бид хувийн бэлтгэлээ базаан өвлийг өнтэй давах л үлдлээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж