XX зууныхны хүүхэд насыг үлгэргүйгээр төсөөлөх аргагүй байлаа. Боролдой өвгөний нисдэг бор морийг унаж, 15 толгойтой атгаалжин мангасыг сөнөөж, Сүн далайг гаталж, Сүмбэр уулыг давж, Цуутын цагаагч гүү цолмон цоохор унага, 72 ижил сүрэгтэйгээ үлгэрийн ертөнцөд амилж, сэтгэл догдлуулна. Үргэлжлүүлээд үдэш бүр эмээгийн маань ярьж өгөх домог нүд бүлтийлгэж, чих дэлдийлгэн гайхшируулсаар зүүдний ертөнцөд зочилдог байсан минь хүүхэд насны хамгийн гэгээн дурсамжийн нэг.
Үлгэр бүхэн эрт урьдын цагт гэж эхлээд л хүний санаанд оромгүй сонин сайхныг өгүүлж, ухаарал, гуниг, аз жаргал мэдрүүлж, эцэст нь амар сайхандаа жаргадаг нь гайхмаар. Харин өнөөдөр хүүхдүүд үлгэрт дургүй болжээ. Ээж аав, эмээ өвөөгөөсөө үлгэр биш чихэр жимс, тоглоом, гар утас нэхэх болсон нь тэдний буруу биш.
Шалтгаан нь хүүхдүүд Монгол ардын үлгэрүүдээ уншиж, сонссоор байгаад “уйдсан” гэнэ. Тиймээс гар утастайгаа найзлах нь илүү хөгжилтэй санагдах болжээ. Нөгөө талаас хүүхдүүд ном уншихаас илүү гар утасны тоглоомонд дурлах болсон нь та бидний гэр бүлдээ гаргаж буй үйлдэл, хүүхдэдээ хандаж буй хандлагаас шалтгаалж буй. Магадгүй ээж аав нар дуртай киногоо үзэх, хоолоо хийхийн тулд хүүхдээ гар утасны тоглоомоор саатуулдаг болсон нь орчин цагт залуу гэр бүлд нийтлэг дүр төрх болсон гэхэд хилсдэхгүй.
БИД ҮЛГЭРЭЭС УЙДСАН
Хүүхдүүдийн хэлж буйгаар ээж аавууд нь үлгэр ярьж өгдөг, гэхдээ утсан дээрээс тоглуулдаг болохоор нэгэн хэвийн олон дахин уншиж, сонссон үлгэрээсээ залхсан тэд ээж аавыгаа дагаад утсанд дурлах болсон гэнэ.
Үй-цай бүрэн дунд сургуулийн 3в ангийн сурагч М.ЭНХХҮСЛЭН:
Сургуульд орсноос хойш үлгэр уншиж, сонсохоо больсон. Ихэнх нь сонссон үлгэрүүд байдаг болохоор сонирхолтой санагддаггүй. Эрхий мэргэн, болдоггүй бор өвгөн гээд л. Ээж аав маань гар утаснаасаа үлгэр, хүүхэлдэйн кино тоглуулж өгдөг. Гэхдээ надаа 20 гаруй үлгэрийн ном бий. Ихэнх нь монгол ардын үлгэрүүд бий. Би бүгдийг нь уншсан болохоор утаснаас л гоё үлгэр, хүүхэлдэйн кино үзэх дуртай.
Үй-цай бүрэн дунд сургуулийн 5А ангийн сурагч Ч.ИДЭР:
–Үлгэр унших дургүй. Сургуульд орохоосоо өмнө сонсох дуртай байсан. Ихэвчлэн монгол ардын үлгэрүүдээс мэднэ. Цуутын цагаагч гүү гэдэг үлгэрээс ээж аавынхаа үгэнд сайн орох ёстой гэдгийг ойлгож авсан. Аав ээж орой үлгэр ярьж өгдөггүй, утсаараа тоглодог. Би ч бас үлгэрийн номноос илүү гар утсаар сонирхолтой хүүхэлдэйн кино үзэж, тоглох дуртай.
Үй-цай бүрэн дунд сургуулийн 4В ангийн сурагч н.БАТБАЯСГАЛАН:
-Хааяа л үлгэр уншдаг. Би өөрөө үлгэрээ голдог. Харин дэлхийн музейнүүд сонирхдог. Монголдоо үлэг гүрвэлийн музейгээр орж үзсэн, их сонирхолтой санагддаг. Ардын үлгэрүүдээс илүү Монголын нууц товчоо унших дуртай гэлээ.
Бага ангийн сурагчдын хувьд үлгэр сонсохоос илүү гар утсаар хүүхэлдэйн кино үзэх дуртай гэдгийг илэрхийлж байлаа. Тэдний үлгэрт дургүй болсон шалтгаан нь Монгол ардын үлгэрүүд шинэчлэгддэггүй, олон дахин сонссоор байгаад уйдсан гэх. Хүүхдүүд үлгэрт дургүй гэхээсээ шинэ цагийн өвөө эмээ нар үлгэр мэддэггүйд хамаг учир байгаа юм биш үү. Чухам тиймээс ч Гэр бүл хүүхэд залуучуудын газраас жил бүрийн арваннэгдүгээр сарын 11-ны өдрийг “Үлгэрч аав ээж” болгон тэмдэглэхээр болж, ийм аяныг өрнүүлжээ.
ҮЛГЭРЭЭР ДАМЖУУЛЖ УЛАМЖЛАЛТ АМАН ЯРИАГ ДЭЛГЭРҮҮЛЖ, ГЭР БҮЛИЙН ХАЛУУН ДУЛААН ОРЧНЫГ БҮРДҮҮЛЭХ ЗОРИЛГОТОЙ
Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын Оролцоо хамтын ажиллагааны мэргэжилтэн н.ЭНХНАРАН
-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас орон даяар Үлгэрч ээж аав аяныг санаачлан зохион байгуулж байгаа юм. Аяны гол зорилго нь гар утаснаас хамааралтай байдлыг өөрчилж, гэр бүлд амьд харилцаа, халуун дулаан орчныг бүрдүүлэх зорилготой. Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ нийлж, үлгэр зохиосноор ардын аман яриагаа уламжлал болгон авч үлдээнэ гэлээ.
Энэхүү аяныг хэрэгжүүлснээр “Үндэстний баялаг өв болсон аялгуу сайхан монгол хэлээ дээдлэн хүндэлж, ардын аман зохиол, үлгэр туульсаа дэлгэрүүлэх зорилго” бий болно гэж төслийн багийнхан хэлж байгаа ч хамгийн энгийн болоод эгэлгүй зорилго нь хүүхдүүдийг үлгэрт дурлуулах байж мэдэх юм.
Эцэг эхчүүдийн хувьд багадаа сонсч өссөн, сэтгэлд хоногшсон үлгэрүүдээ хүүхдэдээ ярьж өгдөгөө хэлж байсан юм. Гэхдээ орчин цагт Монгол ардын хуучны үлгэрүүд ном зохиол дээр хэвлэгдэн гарахдаа үг утга найруулгын хувьд өөрчлөгдсөнийг шүүмжилж байв. Тиймээс ч хүүхдэд орчин цагийн Монгол үлгэр уншиж өгөх нь тийм ч ач холбогдолтой байхаа больсон гэнэ.
ХУУЧНЫ ҮЛГЭРҮҮДЭЭС ӨӨР ШИНЭ ҮЛГЭР БАЙДАГГҮЙ
Нийслэлийн 42 дугаар цэцэрлэгээс хүүхдүүдээ авч яваа ээжүүдийн сэтгэгдлийг сонссон юм.
ИРГЭН Ш.ДОЛГОРМАА:
-Үлгэр гэхээсээ илүү зурагтай ном хүүхдэдээ үзүүлэх нь илүү сонирхлыг нь татдаг. Бидний багадаа сонсч өссөн Цуутын цагаагч гүү, алтан загасны үлгэр зэргийг л би өөрөө хүүхдүүддээ ярьж өгдөг. Хүүхдэд үлгэр уншиж, ярьж өгөхөд гурван настай хүүхдийн төсөөлж бодох чадвар нь илүү хөгждөг гэсэн. Манай хүүхэд гэхэд л манжингийн үлгэрт дуртай. Бидний багадаа уншиж байсан үлгэр тийм ч их өөрчлөгдөөгүй, гэхдээ утга найруулга үгийн сонголт өөрчлөгдсөн болов уу.
ИРГЭН Ц.ДАРИЙМ:
-Би ач зээ нартаа хааяа л үлгэр ярьж өгдөг. Алтан загасны үлгэрт манай багачууд их дуртай. Би ч хүүхэд байхдаа хөдөө радиогоор сонсч өсч байлаа. Миний багад манай ээж аав, эмээ өвөө нар домог их ярьж өгдөг байлаа шүү дээ. Харин орчин цагт залуус хүүхдэдээ үлгэр ярьж өгөх, ном уншиж өгөхөө больсон байна. Бүгд л томчууд хүүхэд гэлтгүй гар утсаараа оролдож харагдах юм. Түүнийг нь болиулдаг арга байдаг юм уу
ИРГЭН н.БАТТОГТОХ
-Хүүхдүүддээ үлгэр ярьж өгдөг. Орой бүр унтахаас нь өмнө үлгэр уншиж өгнө, манай хүүхдүүд ч их дуртай. Гэхдээ бидний багад сонсч өссөн үлгэр өнөөдөр их өөрчлөгдсөн. Утга найруулгын алдаатай, зарим нь хүүхдэд уншиж өгөхөөс ч санаа зовмоор үг хэллэгтэй байдаг. Уг нь Монгол ардын үлгэрээ баяжуулах л хэрэгтэй. Номын дэлгүүрт орохоор үлгэрийн номны сонголт маш бага. Бумбардайгаас өөр зүйл алга гэлээ.
Судалгаанаас үзвэл шинэ үлгэр нь шинэ тоглоомноос хэд дахин илүү баяр хөөрийг хүүхдэд бэлэглэдэг байна. Хүүхэд аав ээжтэйгээ, үлгэрийн баатруудтай харьцах, шинийг мэдэрч байгаа зэрэгтээ хязгааргүй баярладаг аж. Хүүхэд эцэг эхдээ наалдаж суугаад үлгэрийн баатруудтай хамт сэтгэл зовж байхдаа жаргалтай байдаг. Өнөөдөр та хүүхдэдээ чихэр авч өгөх мөнгөөрөө үлгэрийн ном авч, орой нь хамтдаа уншиж, таалагдахгүй бол тэрхүү үлгэрээс сэдэвлэн өөрөө үлгэр зохиосноор хүүхдийнхээ ирээдүйд оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт байж болохыг ч үгүйсгэхгүй юм.