Жон Леннонгүй Йоко Оно

Хуучирсан мэдээ: 2019.11.14-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС
Жон Леннонгүй Йоко Оно

"Жон энд эзгүй байгаа нь үнэхээр гунигтай байна. Тэр хүмүүсийг ойлголцуулах онцгой чадвартай хүн байсан юм" хэмээн намрын сэрүүхэн үдэш Йоко Оно өгүүлжээ.

1980 оны арваннэгдүгээр сарын найман. Дакота дахь гэрийнхээ гадаа домогт Битлз хамтлагийн дуучин Жон Леннон идэр залуу 40 насандаа шүтэн бишрэгчдээ таван ч удаа буудуулж, хорвоогоос үүрд буцаад явчихсан гэдгийг бидний сэтгэл зүрх мартаагүй байгаа.

Тэр цагаас хойш Оно нөхрийнхөө зохиосон дуунуудаас эрч хүч аван, өөрийгөө аргадан 40 жил өөрийн уран бүтээлээ туурвиж байна. Гэхдээ Йоко Оногийн урлаг бол Жон Ленноноос ангид зүйл. Түүнийг ихэнх хүмүүс нэг их сайн ойлгоод байдаггүй. Йоко Оно бол дэлхий дээрх хамгийн буруу ойлгогдсон уран бүтээлч ч байж магадгүй.

Йоко оно 1933 оны хоёрдугаар сарын 18-нд Токиод төрсөн, өдгөө 86 настай. Нью Йорк хотод амьдардаг. Анх 1956 онд Тоши Ичияаги гэх залуутай суугаад, 1962 онд салсан. Мөн ондоо Энтони Кокстой гэрлэж, 1968 онд салсан. Эцэст нь 1969 онд Жон Леннонтой гэрлээд, 1980 онд нас барснаас нь хойш дахиж эр хүнтэй нэр холбогдоогүй нэгэн. Тэрбээр Кёоко Чан Кокс, Сийн Леннон гэх хоёр хүүхэдтэй.

Йоко Оно Жонтой учрахаасаа өмнө Зэн буддизм, дадайзмаар зэвсэглэсэн хүчирхэг уран бүтээлч байсан юм. Тэрбээр анхныхаа бие даасан шоуг "Йоко Оно: Ганц эмэгтэйн шоу" нэрээр 1960 онд орчин үеийн урлагийн музейд нээж, 1969 онд Жон Леннонтой гэрлэснээс хойш гурван жил буюу 1971 он хүртэл үргэлжлүүлжээ.

Оно Жонтой учрахаасаа өмнө болон дараа ч өөрсдийгөө хөдөлгөөн гэж нэрлүүлэх дургүй хөдөлгөөн "Флаксус хөдөлгөөн"-ий алдарт гишүүн байсан юм. Хөдөлгөөнд бүгд харьяалагдаж бас хэн ч харьяалагддаггүй. Оно, Флаксус хоёр яг ижил тийм ч амар ойлгогдохгүй бие даасан урлаг байлаа. 1993 онд Майкл Орен Флаксус хөдөлгөөнийг тайлбарлахыг оролдож "Урлаг сөнөтүгэй буюу урлагийн түүхийн төгсгөл" эссэ бичиж байсан.

Түүний алдартай үзүүлэх урлагийн бүтээлүүд

1961 он. Алхаар зурсан хадаасны зураг

Йоко Оногийн 1960-аад онд хамгийн их танигдсан үзэсгэлэн бол "Удирдамжтай хэсэг" үзэгч үзэсгэлэнг тусгай удирдамж, зааврын дагуу үзэж, өөрөө урлагийн нэг хэсэг болох ёстой. Тэрхүү үзэсгэлэнд алх гинжээр дүүжилсэн модон самбар, хажууд нь сандал дээр варианы шилтэй хадааснууд байсан юм. Үзэгч нэг хадаас авч модон самбарт хадаад түүндээ өөрийн үсний хэсгээс ороож үлдээх ёстой. Энэ бүтээл Лондонгийн музейд 1966 он хүртэл дүүртлээ байсан гэнэ.

Йоко Оно үүгээрээ Жон Кэйжийн 1952 онд хийсэн "Дөрвөн минут гучин секунт"-тэй ижлээр "Жинхэнэ урлагийг үзэгчид л бүтээдэг" гэсэн санааг илэрхийлжээ.

1964 он. Ууттай хэсэг

Өмнөх шигээ тусгай удирдамжийн дагуу үзэх ёстой энэ үзүүлбэр ердөө том хар уут болон үзэгчдээс бүрдэнэ. Хоёр хүн дотроо тас харанхуй хар уутруу ороод хувцсаа тайлан, хэдэн минутын дараа буцаан хувцсаа өмсөөд гарч ирэх ёстой. Хар уутанд байх хугацаандаа үзэгчид юу ч хийж болно гэсэн дүрэмтэй юм. Ингэснээр уутан дотор хүний нас, хүйс, арьсны өнгө, шашин, иргэншил бүгд арилж бүх хүн ижилхэн болж байгааг ойлгож болно.

1964 он. Тасарсан хэсэг

Магадгүй түүний хамгийн алдартай бүтээл. Ууттай хэсэгтэй ижил Токиогийн Согэцү урлагийн төвд болсон. Оно өөрийн хамгийн дуртай хувцсаа өмсөөд гартаа хайч барин тайзан дээр суугаад үзэгчдийг урин өөрийн хувцаснаас дурын хэсгийг нь хайчлуулж байв. Ийнхүү Оно дотуур хувцастайгаа үлдтэлээ ямар ч дуугүй, хөдөлгөөнгүй суусан юм.

Оно баян хунтайж болж төрөөд бүх зүйлийг орхиж модон доор долоон жил сууж гэгээрсэн Буддаг ерөнхийдөө дуурайсан бөгөөд эмэгтэйчүүд ч гэсэн бүгдийг орхиод явахыг заримдаа хүсдэг гэдгийг давхар бодитоор харуулахыг зорьсон гэдэг. Энэ үзүүлбэр анхны олон нийтэд ил бэлгийн хүчирхийллийн шинжтэй үзүүлбэр хэмээн бүртгэгдсэн бөгөөд цаашдаа үзүүлэх урлагийн хамгийн тод жишээнүүдийн нэг болж алдаршсан юм.

Түүний алдартай дуунууд

  • "Yes, I’m your angel" (1980)
  • "You’re the one" (1984)
  • "My man" (1982)
  • "No, no, no" (1981)
  • "Open your box" (1971)
  • "Every man has a woman who loves him" (1980)
  • "Hell in paradise" (1985)
  • "Death of Samantha" (1973)
  • "Kiss kiss kiss" (1980)
  • "Walking on thin ice" (1981)

Оно Жон хоёр энэ дуун дээр хамтарч ажиллаж байсан. Жон Ленноны энэ дуунд бичсэн ая түүний сүүлчийн бүтээл байлаа. Харин нас барснаас нь хойш сар хүрэхгүй хугацааны дараа Ёоко Оно энэ дуугаа цацсан юм.

 

Б.Амарбаясгалан 

Эх сурвалж: daily.jstor.org  theartstory.org  ultimateclassicrock.com  relix.com theguardian.com

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж