Нийслэлийн орон сууцны корпораци /НОСК/ агаарын бохирдлыг бууруулах зорилгоор иргэдийн газрыг бэлэн орон сууцаар солих ажлыг зохион байгуулахаар болсон талаар өнгөрөгч долоо хоногт мэдээлсэн. Энэ талаар тус корпорацийн Газрын менежментийн хэлтсийн дарга М.Эрдэнэбулганаас зарим зүйлийг тодрууллаа.
-Нийслэлийн гэр хорооллын 25 байршилд амьдарч буй иргэд нэгдэж, газраа бэлэн орон сууцаар солих боломжтой талаар мэдээлсэн. Энэ ажлыг эхлүүлэхэд ямар судалгааг хийсэн талаар яриа эхлэх үү?
-Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийг хөгжүүлж, хотын агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах зорилгын хүрээнд төлөвлөлтүүдийг үе шаттайгаар хийж ирсэн. Ер нь судалгаанаас харахад өнгөрсөн хугацаанд хожихоосоо илүү алдсан нь их байсан. Хувийн компаниуд орж, иргэдийг ихээр хохироосон асуудлууд байсан учраас судалгаа хийсний үндсэн дээр орлогод нийцсэн орон сууцаар хангах зорилт тавин энэ удаагийн төслөө хэрэгжүүлж эхэлж байна. Энэ төслийг Нийслэлийн орон сууцны корпорациас хэрэгжүүлэх Засаг даргын захирамж гарч, нийслэлийн зургаан дэд төв, 19 байршилд гэр хорооллын нийт 25 байршил дахь газрыг бэлэн орон сууцаар солих ажлыг эхлүүллээ.
-Иргэдийн хувьд газраа орон сууцаар солихын тулд дөрвөн га газар буюу 90-100 айл нэгдэж, газраа чөлөөлөх юм уу?
-Яагаад заавал дөрвөн га газар чөлөөлөх ёстой вэ гэдэг асуулт гарч ирнэ. Нийслэлийн орон сууцны корпораци бол төрийн өмчит газар. Аль нэг хувийн компани шиг ойрын хугацаанд ашиг олох зорилгыг агуулаагүй. Энэ бүтээн байгуулалтыг дагаад иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрахаас эхлүүлээд олон асуудал үүснэ. Тухайн дөрвөн га газар дээр баригдсан орон сууцны хороололд оршин суугчдын хүүхдийн сургууль, цэцэрлэгийн асуудлыг заавал шийдэх ёстой. Тэгэхгүйгээр бид 10 айлын газрыг худалдаж аваад есөн давхар орон сууц барьж болно шүү дээ. Бид дөрвөн га газар дээр орон сууцны хороололд байрлах сургууль, цэцэрлэгийн байр, зам, талбай, ногоон байгууламжийг цогцоор нь шийдэх ёстой гэдэг утгаар нь газрын хэмжээг тогтоосон юм.
-Ойролцоогоор хэдэн гудамжны айл газраа чөлөөлнө гэсэн үг вэ?
-Бид судалгаа хийж үзээд, зураг гаргахад айлуудын тоо янз бүр гарч байна. Жишээлбэл, Сүхбаатар дүүргийн 11, 12 дугаар хороо гэхэд хүн ам шигүү суурьшдаг учраас нэг айлын газарт олон айл амьдарч, хашааны талбай багатай. Тэр хорооны иргэд дөрвөн га газар чөлөөлбөл дунджаар 100 орчим айл болох байх гэж бодож байна. Харин хотын захдуу хэсэг болох Баянхошуу дэд төвийн хажууд дөрвөн га газарт 70 айл багтчих байх. Өөрөөр хэлбэл хотын төвийн дүүргүүдийн гэр хорооллын иргэд шигүү суурьшиж байхад захын гэр хорооллын айлын газрын хэмжээ арай том хэмжээтэй байх жишээтэй.
-Иргэдийн зүгээс орон сууцанд орохын тулд 90-100 айл нэгдэж, сайн дураараа газраа чөлөөлөх боломжтой юу гэдэгт эргэлзэж байна?
-Иргэдийн хувьд бүтэхгүй гэхээсээ илүүтэй бүтээнэ гэж хичээх хэрэгтэй. Мэдээж болохгүй, бүтэхгүй гээд суугаад байвал юу ч шийдэгдэхгүй. Энэ бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд ярвигтай олон асуудал гарч ирнэ. Бидний зүгээс яг 100 айл нэгдэж, газраа чөлөөлнө гэж бодохгүй байна. Хамгийн дээд тал нь 80 айл нэгдэх болов уу. Бид өмнө нь тав, зургаа, 10 айлын газрыг чөлөөлөх явцад яг газрын асуудал дээрээ их ярвигтай байдаг. Гэхдээ бид хэн нэгэнд хий хоосон зүйл амлаагүй. Гэр хорооллын иргэд маань шууд түлхүүрээ авч, байрандаа нүүгээд орох бэлэн орон сууцаар солъё гэдгийг хэлж байгаа.
Яг үнэндээ гэр хорооллын иргэд “Манай газрыг нь хэн нэгэн хүн ирээд, өндөр үнээр авах байх” гэдэг итгэл үнэмшилтэй болсон байгаа. Иргэд маань энэ итгэл үнэмшлээ өөрчлөх хэрэгтэй. Өмнөх жилүүдэд “Газрыг чинь үнэд хүргэнэ. Дэд бүтцэд холбоно” гэж газрын үнийг нэлээд хөөрөгдсөн. Тэглээ гээд гэр хорооллын цөөн хэдэн айл өрхүүд хожсоноос бус дараа дараагийн ээлжинд хамрагдах айлуудын газар хэзээ газарт орох нь мэдэгдэхгүй байдалтай байсаар байна. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт үүний дараагаар гэр хорооллын дэд бүтцийг сайжруулахаар олон ч нээлттэй тендерийг зарлаж байсан. Зарим тендерт хувийн компаниуд ч үр ашиг муутай гээд оролцохоо больсон. Энэ үед иргэдэд хий хоосон хүлээлт үүсгэхгүйгээр бодит байдал дээрээ буух хэрэгтэй.
-Гэр хорооллын иргэдийн газрыг хэрхэн үнэлж, орон сууцанд хамруулах вэ?
-Манай байгууллагаас иргэдийн орон сууцыг метр квадрат нь хэдэн төгрөг гэж үнэлэхгүй. Учир нь, энэ удаа төр иргэний хувийн өмчийг үнэлэхгүй. Зах зээлийнхээ зарчмаар тухайн иргэний хувийн өмчит газрын үнэлгээ гаргах өстой. Тухайн үл хөдлөх хөрөнгийн эзэн өөрөө газраа үнэлж, өндөр үнэ хэлэх магадлалтай. Тиймээс гэр хорооллын иргэдийн газрыг үнэлэхдээ хөндлөнгийн үнэлгээний компанийг оруулахаар ярьж байна. Жишээ татахад, хоёр машин мөргөлдөхөд хохирлыг нь тэр үнэлгээний компаниас гаргадаг шүү дээ. Хоёр машины жолооч, замын цагдаа үнэлэхгүйгээр хөндлөнгийн үнэлгээний компани таны машины засварт хэдэн төгрөг зарцуулна гэдэг. Үүнтэй ижил зарчмаар явна гэж бодож байна.
Тухайн иргэний газрын хэмжээг үнэлгээний компаниар үнэлүүлэхээс гадна байршил болон үл хөдлөх хөрөнгө маш чухал. Мэдээж байшин барилгын хувьд насжилтыг нь тооцно. Тэгж үнэлсний дараагаар яг зах зээлийн ханшаар худалдан авах болно. Зарим иргэд “Танай байгууллага төрийн өмчит газар учраас хувийн компаниас хямд үнээр худалдан авах вий дээ” гэж хэлж байсан. Хувийн компани байсан ч ялгаагүй зах зээлийн үнээр л газрыг тань худалдан авья гэнэ.
-Гэр хороооллын нийт 25 байршлыг яаж сонгов?
-Хороодын хувьд Улаанбаатар хотод инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжтой гэр хорооллын хорооллын бүсийг сонгосон. Нэгэнтээ улсаас гэр хорооллыг уулын орой хүртэл дэд бүтцийг шийдэх боломжгүй байгаа учраас эхний ээлжинд дэд бүтцэд ойрхон газраасаа чөлөөлөөд явах нь зөв юм.
-Бэлэн байр гэхээр саяхан ашиглалтад орсон “Буянт-Ухаа 2” 972 айлын хорооллыг хэлж байна уу. Өөр бэлэн болсон орон сууц бий юу?
-Тийм. Өөр бэлэн болсон орон сууцны хороолол байхгүй. Ер нь нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор “Буянт-Ухаа 2” 972 айлын орон сууцны 40 хувийг нь газар чөлөөлөлтөд зарцуулна гэж тусгасан. Үүний дагуу нийт 390 байранд иргэд хамрагдана гэсэн үг. Энэ бол дөнгөж эхний ээлж. Нийт 390 айлыг орон сууцанд хамруулснаар нийслэлд эхний ээлжинд 25 га талбай суларна. Бид энэ талбайд дараагийн газар чөлөөлөлтөд орох айлууд болон түрээслээд өмчлөх, түрээсийн байраа барих юм. Төсөв санхүүгийн хувьд шинэ төслүүдийн санхүүжилт нь эхний ээлжинд шийдэгдээд явж байгаа.
-Газраа чөлөөлсөн иргэдийг ажлын байраар хангасан гэсэн шүү дээ?
-“Буянт-Ухаа 2” орон сууцны хороолол нь иргэдийн амьдарч дассан газраас нэлээд зайтай газар. Манай байгууллагаас тухайн хорооллын сууц өмчлөх холбоог хариуцдаг. Учир нь, тэр хүмүүсийн хувийн эзэмшил болоогүй учраас бид өнөөдөр давхар хариуцах ёстой болж байна. Хорооллын хэмжээнд харуул манаач, үйлчлэгч, засварчин гэх мэт ажлын байруудыг оршин суугчид дундаасаа ажилд авах юм. Одоогийн байдлаар дөрвөн иргэн ажлын байртай болоод байна. Оршин суугчдын зүгээс хорооллын нэг давхарт оёдолчин, үсчин зэрэг үйлчилгээ эрхлэх хүсэлтээ олноор өгч байна.
-Газраа байраар солих хүсэлтэй иргэд нэгдэж чадвал ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай вэ?
-Иргэд илүү, дутуу ямар нэгэн материал бүрдүүлэх шаардлагагүй. Эхний ээлжинд нийслэлийн орон сууцны корпорацид өргөдлөө өгөх ёстой. Ингэхдээ тухайн дөрвөн га газарт амьдардаг иргэд нэгдэн нэг өргөдөл бичиж, ард талд нь бүгдээрээ гарын үсгээ зурах ч юм уу. Бид иргэдийн өргөдлийг хүлээн аваад үнэлгээний компаниар тухайн иргэний газар, үл хөдлөх хөрөнгийг үнэлнэ. Үүний дараагаар бид тухайн хорооны иргэн нэгбүрчлэнтэй “Таны эд хөрөнгө зах зээлийн ханшаар ийм үнэлгээтэй юм байна. Манай байр ийм үнэлгээтэй. Ямар боломж бололцоо байна вэ” гээд тохиролцоно. Манайд 55 саяас 100 сая хүртэлх үнэтэй орон сууцнууд бий.
Хэрвээ манай байрны үнэд үл хөдлөх хөрөнгийн үнэ нь хүрэхгүй бол арилжааны банкнаас найман хувийн зээлд хамруулж, таван жилийн хугацаанд төлж барагдуулахаар зээл авч болно. Манай байрны үнээс илүү гарсан тохиолдолд хоёр байр авах боломж бий. Яагаад гэвэл нийслэлийн Орон сууцны корпорациас иргэний газрыг зөвхөн орон сууцаар солих ёстой байдаг.
Газрыг орон сууцаар солих байршлууд:
- Сонгинохайрхан дүүрэг 7, 8, 9, 10, 28 дугаар хороо Баянхошуу дэд төв
- Чингэлтэй дүүрэг 14, 18-р хороо, Сүхбаатар дүүрэг 14-р хороо Сэлбэ дэд төв
- Сүхбаатар дүүрэг 16, 17-р хороо Дамбадаржаа дэд төв
- Чингэлтэй дүүрэг 10, 11, 12, 13-р хороо Дэнжийн 1000 дэд төв
- Баянзүрх дүүрэг 9, 17, 19, 24-р хороо Шар хад дэд төв
- Сүхбаатар дүүрэг 9, 10, 11, 12-р хороо Орон сууцны долдугаар хороолол
- Баянзүрх дүүрэг 2, 4-р хороо Мамба дацан
- Баянзүрх дүүрэг 13, 14-р хороо орон сууцны 14-р хороолол
- Баянзүрх дүүрэг 12-р хороо Чулуун овооны тойргоос хууль сахиулах Их сургууль орчим
- Сонгинохайрхан дүүрэг 1, 2, 20-р хороо Цэргийн хотхон орчим А хэсэгчилсэн талбай
- Чингэлтэй дүүрэг 9, 10, 11-р хороо дэнжийн 1000 орчим В хэсэгчилсэн талбай, 39-р сургуулийн баруун хойд талд Г хэсэгчилсэн талбай зэрэг газруудад амьдарч буй айлууд өөрийн хүсэлтээр нэгдэн нийлж, дөрвөн га газрыг орон сууцаар солих боломжтой.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ