Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр ажлаа “өгнө”

Хуучирсан мэдээ: 2019.11.14-нд нийтлэгдсэн

Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр ажлаа “өгнө”

Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр ажлаа “өгнө”

БНСУ-д зорчихдоо онгоцонд ёс зүйгүй үйлдэл гаргасан хэргээр торгууль хүлээж, хоригт орсон Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр өнөөдөр /2019.11.14/ эх орондоо ирэх сурагтай. Түүний хувьд БНСУ-д 10 хоног хилийн хоригтой байсан бөгөөд долоон сая орчим воноор торгуулаад эх орондоо ирж байна. Үйл явдал чухам хэрхэн өрнөснийг бид өмнө нь мэдээлсэн.

Олон нийтийн зүгээс ч ажлаа өгөх байх гэсэн шүүмжлэл их байгаа юм. Монгол Улсын Үндсэн хуулийг баримтлах Цэцийн дарга нь ийм ёс зүйгүй үйлдэлд холбогдсон нь өөрөө гадаад дахь Монгол Улсын нэр хүндийг унагасан үйл явдал болсон гэдгийг монголчууд ярьж буй. Тиймээс ч түүнийг ирснийхээ дараа өөрийн хүсэлтээр ажлаа өгөх болов уу гэсэн таамаг бий. Тэгвэл Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр ирснийхээ дараа ажлаа өгнө хэмээн улс төрийн хүрээнд яригдаж эхэллээ. Түүний хувьд ч ажлаа өгнө гэдгээ холбогдох дарга нарт мэдэгдсэн гэсэн мэдээлэл байна.

ХЭРЭВ ЦЭЦИЙН ДАРГА Д.ОДБАЯР ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР АЖЛАА ӨГВӨЛ ЦААШИД ЮУ ӨРНӨХ ВЭ?

Хуулийн дагуу Цэцийн даргыг Цэцийн гишүүд дотроо хэлэлцэж, олонхын санал авсан хүнийг сонгох зохицуулалттай. Гэхдээ түүнийг эхлээд УИХ Цэцийн гишүүн болгосон байх учраас түүний асуудал Цэцийн гишүүний эрх үүргээр зохицуулагдана. Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 5.4-т “Цэцийн гишүүнийг хувийн хүсэлтээ гаргасан, эрүүл мэндийн улмаас, эсхүл Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн болон энэ зүйлийн З дахь хэсэгт зааснаас бусад үндэслэлээр бүрэн эрхийн хугацаа дуусахаас нь өмнө уг албан тушаалаас чөлөөлөх, эгүүлэн татах, өөр ажилд шилжүүлэхийг хориглоно” гэж заасан. Өөрөөр хэлбэл, хувийн хүсэлт гаргасан, эрүүл мэндийн улмаас, тэтгэврийн нас болсон зэрэг тохиолдлуудад түүнийг чөлөөлөх боломжтой.

Хэрэв чөлөөлөгдөх хүсэлтээ өгвөл Цэцийн тухай хуулиар дараагийн гишүүнийг томилохдоо чөлөөлөгдсөн гишүүнийг анх томилсон байгууллагаас санал болгож, УИХ томилно.

Харин хуулийн дагуу нөхөн томилогдсон гишүүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс нь эхлэх юм байна. Цэцийн есөн гишүүний гурвыг УИХ, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын Дээд шүүхийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилох хуулийн зохицуулалттай.

4.2.Цэцийн бүрэлдэхүүнд шинээр буюу нөхөн томилогдсон гишүүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхэлж, бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ.

3.4. Цэцийн гишүүнийг нөхөн томилохдоо орон гарсан гишүүнийг урьд томилох санал болгосон эрх бүхий байгууллага, албан тушаалтан саналаа арван дөрвөн хоногийн дотор гаргах бөгөөд түүнийг Улсын Их Хурал гуч хоногийн дотор шийдвэрлэнэ.

Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярыг 2016 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр УИХ-аас нэр дэвшүүлэх Цэцийн гишүүнээр томилсон. Тэрбээр 2017 оны зургадугаар сарын 14-ний өдөр Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийн олонхийн саналаар Цэцийн дарга болсон юм. Өөрөөр хэлбэл, түүний бүрэн эрхийн хугацаа 2022 оны арваннэгдүгээр сард дуусгавар болох байсан юм. Гэвч тэрбээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгвөл УИХ Цэцийн шинэ гишүүнийг санал болгож, томилно. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга Г.Занданшатарт “өөрийн” хүнээ томилох бүрдэж буй гэсэн үг. Тиймээс улс төрийн хөшигний ард ч дараагийн Цэцийн гишүүн хэн байх, Цэцийг хэн даргалах вэ гэсэн таамаг, тохироо өрнөж эхэлсэн сурагтай.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХахаХаха
9
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
4
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж