Чөлөөт бүс байгуулах нь байгальд халтай гэв

Хуучирсан мэдээ: 2015.09.16-нд нийтлэгдсэн

Чөлөөт бүс байгуулах нь байгальд халтай гэв

УИХ-ын 75-р тогтоолоор "Халх гол"-д чөлөөт бүс байгуулахаар болсон. Гэхдээ энэхүү шийдвэр нь Монгол Улсын үндсэн хууль, Газар өмчлөх тухай хуулиудын хэд хэдэн заалтуудыг зөрчсөн гэж нутгийн иргэд үзэн, асуудал маргаантай хэвээр буй. Харин өнөөдөр зарим судлаачид Халх гол сумыг чөлөөт бүс болгож, 500 мянган га газрыг хашвал байгаль хамгаалалын олон асуудал хөндөгдөнө гэж тайлбарлаж байна. Хамгийн энгийн жишээ л гэхэд Монгол оронд 460 гаруй зүйл шувуу байдгаас 330 нь Халх голын бүсэд амьдардаг аж. Тодруулбал 58 зүйл шувуу дээрх бүс нутагт суурьшсан бол 160 гаруй нь хавар, намартаа нүүдэллэн ирж, өндөглөдөг гэнэ. Хэрэв тус бүс нутагт хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулаад,  суурин газар байгуулвал 330 гаруй зүйл төрлийн шувуу нүүдэллэн одож, устах аюултай. Энэ нь эргээд огтоно, хорт шавьж ихэсч, хөрс бохирдох магадлалтай гэж эрдэмтэд ярив.

Халх голын хөрс эмзэг. Өнгөрсөн хавар хөрсний судалгаа хийхээр судлаачид тухайн газрын хөрсийг нэг метрийн гүнтэй ухахад нэг ч чулуу гарч ирээгүй гэнэ. Энэ нь газар тариалан эрхлэхэд тохиромжтой гэж тодорхойлогдсон. Гэвч одоогийн суурьшиж буй хүн ам, мал дахин нэмэгдвэл хөрс үржил шимээ алдаж, тэнд ургадаг ургамал ногоо устана гэж хөрс судлаач Б.Саяхүү тайлбарлав. Нөгөө талдаа одоогийн 3200 малчин өрх малаа бэлчээх бэлчээргүй болно гэдгийг бэлчээр судлаач Д.Ариунгэрэл онцоллоо.

Сүүлийн жилүүдэд манай орны нийт нутаг дэвсгэрт улс орны эдийн засгийн хөгжилтэй уялдан уул уурхай, хөдөө аж ахуй, дэд бүтэц эрчимтэй хөгжих болсон. Мөн үүнтэй зэрэгцэн бүс нутгийн хэмжээнд биологийн төрөл зүйлийн хамгааллын асуудал яригдах учиртай. Гэвч уг асуудал орхигдож, байгаль, хөрс шорооны экосистем алдагдаж эхэлсэн тухай салбарын эрдэмтэд тодотгов.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж