Өнөөгийн Өмнөд Солонгосын нийгэмд аль их сургуулийг төгссөн нь тухайн хүний ирээдүйг тодорхойлдог. Улсын нэр хүндтэй их сургуулийг төгссөн оюутан хүссэн ажилдаа орж, амжилт гаргах цаашлаад гэр бүл зохиох боломж өндөр байдаг. Тиймээс ч дунд сургуулийн сурагчдын хувьд элсэлтийн шалгалт ирээдүйг нь шийдвэрлэх гол зүйл болдог байна. Эцэг, эхчүүд ч хүүхдээ элсэлтийн шалгалтдаа өндөр оноо авч, нэр хүндтэй их сургуульд оруулахын тулд аль болох сайн дунд сургууль, хэлний дамжаа бусад сургалтуудад хамруулахыг хичээдэг. Өмнөд Солонгост нэр хүндтэй элит хувийн дунд сургуулийн жилийн төлбөр улсын сургуулийнхаас гурав дахин өндөр байдаг аж. Түүнчлэн эцэг, эхчүүд эдгээр элит сургуулиудад хүүхдээ оруулахын тулд 1,5-1,7 дахин их мөнгийг боловсрол олгох хувийн институтэд зарцуулдаг гэсэн судалгаа гарчээ. Харин ирэх 2025 оноос эхлэн эдгээр элит хувийн сургуулийн статусыг өөрчилж, сургалтын кредит системтэй болгох шийдвэрийг Өмнөд Солонгосын Боловсролын сайд гаргажээ. Боловсролын сайд Ёо Юн Э мэдэгдэхдээ боловсролын ялгаатай систем нь нийгмийн анги давхаргын ялгааг нэмэгдүүлж байгааг шүүмжилж, цаашид шударга боловсролын тогтолцоог бий болгохоо амлажээ. Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар Өмнөд Солонгост тусгай боловсролын 79 институт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг ч дунд сургуулийн сурагчдын ердөө 4 хувь нь тэдгээрт хамрагддаг байна. Гэтэл орон даяарх 1555 энгийн дунд сургуульд 1,1 сая хүүхэд суралцдаг аж. Түүнчлэн өнгөрсөн есдүгээр сард явуулсан судалгаагаар 13 их сургуулийн сурагчдын 25 хувь нь хувийн элит дунд сургууль эсвэл тус их сургуулийн лицейг төгссөн сурагчид эзэлж байгааг тогтоожээ. Харин 2025 оноос эхлэн дунд сургуулийн систем сурагчдын хэрэгцээ, сонирхолд нийцсэн системээр ажиллаж эхлэх аж. Өөрөөр хэлбэл өрсөлдөөнд суурилж, зэрэглэлд анхаарсан боловсролын системийг хувь сурагчдад чиглэсэн болгож өөрчилнө гэсэн үг. Тухайлбал, ахлах ангийн сурагчид хүссэн чиглэлээрээ хичээлээ сонгож болох ба урлаг, дууны чиглэлээр ч хичээлээ гүнзгийрүүлэн үзэх боломжийг нээж өгөх гэнэ. Мөн энгийн сургуулийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор таван жилийн хугацаанд улсын төсвөөс хоёр их наяд вон буюу ойролцоогоор 2,3 тэрбум ам.долларыг зарцуулах аж. Элит дунд сургуулийг үгүй болгох нь Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Иний 2017 оны сонгуулийн амлалтын нэг аж. Түүнчлэн өнгөрсөн наймдугаар сард 10 элит дунд сургуулийн лицензийг цуцалсан байна.
Өмнөд Солонгосын боловсролын системийн энэхүү том өөрчлөлт нь нийгмийн бүх давхаргад ижил боломж, шударга өрсөлдөөнийг нээгээд зогсохгүй, элсэлтийн шалгалтын дарамтаас сурагчдыг гаргах боломжтой. Өмнөд Солонгост элсэлтийн шалгалтаас үүдсэн стресс, дарамт сурагчдын дунд их байдгийг уран сайхны болон олон ангит киногоор дүрслэн харуулсан байдаг. Түүнчлэн нийгмийн давхаргаас шалтгаалсан сургууль дээр сурагчид нэгнээ дээрэлхэх, дарамтлах үзэгдэл (school bullying) хэрээс хэтэрчээ. Өмнөд Солонгост 15-24 насны хүүхэд, залуучуудын дунд амиа хорлолт өндөр байдаг аж. Сурагчид ихэвчлэн хичээл сурлагын ширүүн өрсөлдөөнөөс үүдсэн стресс бухимдал эсвэл сургууль дээр дээрэлхүүлж, дарамтлуулснаас амиа хорлодог байна. Албан ёсны судалгаагаар 2015 оны байдлаар Өмнөд Солонгосын 10 сурагчийн 3 нь ямар нэгэн байдлаар сургуулийн орчинд бусдад дарамтлуулж, дээрэлхүүлсэн гэж мэдүүлжээ. Аргаа барсан эцэг, эхчүүд хүүхдээ сургууль дээрээ дарамтлуулахаас сэргийлэн булчин шөрмөслөг, шивээстэй “хуурамч” ах нарыг хөлсөх болжээ. Өмнөд Солонгосын хэвлэлд мэдээлснээр эдгээр хуурамч ах нар өдрийн 450-1790 ам.долларын хөлсөөр тухайн сурагчийг бусдад дээрэлхүүлсэн нөхцөлд бичлэг хийх, зургийг нь авах зэргээр баримт цуглуулж, тэднийг айлгах зэрэг ажлыг хийдэг гэнэ. Улмаар хохирогч сурагчдын эцэг, эхчүүд шүүхэд зарга мэдүүлэх нь нэмэгдсэн байна.