Д.Лүндээжанцан: Бид зөвшилцөх бүх боломжийг ашигласан

Хуучирсан мэдээ: 2019.11.14-нд нийтлэгдсэн

Д.Лүндээжанцан: Бид зөвшилцөх бүх боломжийг ашигласан

Д.Лүндээжанцан: Бид зөвшилцөх бүх боломжийг ашигласан

УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэнэ. Хуулийн төслийг ард нийтийн санал асуулга явуулахгүйгээр гуравдугаар хэлэлцүүлгээр нь УИХ батлахаар болсон. Энэ талаар УИХ-ын гишүүн, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцантай ярилцлаа.


-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг байнгын хороо хийлээ. Энэ үеэр Ардчилсан намаас ирүүлсэн гурван саналын хоёрыг нь дэмжчихлээ?

-Ардчилсан намаас ирүүлсэн гурван санал бол өмнө нь төсөлд байгаагүй саналууд бол биш. УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан төсөл дээр Ерөнхий сайд нь Засгийн газрын танхимыг бүрдүүлж, УИХ болон Ерөнхийлөгчид танилцуулснаар Засгийн газрын гишүүдийг томилж, чөлөөлж, огцруулна гэсэн заалт байсан. Үүнийг Ардчилсан намын зүгээс дахин сэргээж, оруулж ирсэн. Мөн сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтооно гэх заалт мөн 62 гишүүний өргөн барьсан төсөлд байсан ч олонхийн дэмжлэг аваагүй хасагдсан юм. Харин энэ удаад тогтолцоо гэх заалтыг агуулгыг нь тодруулж, олонхийн болон хувь тэнцүүлэх тогтолцоогоор сонгууль явуулна гэдэг заалтыг сэргээж байгаа юм. Мөн Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатайгаар нэг бүрэн эрхийн хугацаагаар сонгоно гэсэн заалт орж ирснийг хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр парламентаас сонгоно гэх үг нэмж, санал хураасан ч олонхийн дэмжлэг авч чадаагүй. Түүнээс биш цоо шинээр орж ирж байгаа заалт биш. Зөвшилцлийн ажлын хэсгийн хүрээнд ярилцаж, хоёр заалтыг нь дэмжсэн учраас УИХ-ын 68-р тогтоолоор байгуулагдсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хоёр, гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэх ажлын хэсэг дэмжиж, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар оруулсан. Ерөнхийлөгч, Ардчилсан намтай зөвшилцсөний үндсэн дээр энэ удаагийн өөрчлөлтүүд орж ирж байгаа.

-Ерөнхийлөгчийг парламентаас сонгох заалтыг зөвшилцлийн ажлын хэсэг дэмжээгүй учраас гуравдугаар хэлэлцүүлэгт орохгүй гэсэн үг үү?

-Огт орохгүй. Ерөнхийлөгчийн институт бол Ерөнхийлөгчийг парламентаас сонгох саналыг дэмжихгүй, хүлээж авахгүй гэдгээ тодорхой илэрхийлсэн гэж зөвшилцлийн ажлын хэсгийн ахлагч бидэнд мэдээлсэн. Ерөнхийлөгчийг парламент болон парламентын өргөтгөсөн бүрэлдэхүүнээс сонгоно гэдэг санал зөвшилцлийн ажлын хэсэг дээр олонхийн дэмжлэг аваагүй учраас Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх боломжгүй болсон. Хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа АН-ын гурван саналаар иргэд, сонгогчид ямар саналтай байгаа талаар гишүүд уулзаж, саналыг нь сонсоход Ерөнхийлөгчийг парламентаас сонгохыг нэг их таашаахгүй байна. Ер нь бол сонгодог онолоороо, ерөнхий зарчим нь бол парламентаас Ерөнхийлөгчийг сонгох нь зөв боловч нийгмийн сэтгэл зүй, олон нийтийн дэмжлэг бүрэн гүйцэд авч чадахгүй байгаа юм.

-Ерөнхий сайд нь танхимаа бүрдүүлэх заалтыг хэрхэн томьёолж дэмжсэн бэ?

-Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлнэ, гэхдээ УИХ, Ерөнхийлөгчид танилцуулна. УИХ дээр сайд нарын асуудал орж ирэхэд нэг бүрчлэн ярьж, асуултаа асууж, дүгнэж, бүх байдлаар ярилцана. Томилогдсон сайд нар УИХ-д тангараг өргөнө. Ерөнхийлөгчид мөн танилцуулна. Ерөнхий сайд сайд нараа чөлөөлөх шаардлага гарвал сайд нараа солих саналаа мөн УИХ-д оруулж ирнэ.

-Ардчилсан намын зүгээс энэ гурван саналыг нь дэмжихгүй бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн гуравдугаар хэлэлцүүлэгт орохгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Гэхдээ зөвшилцлийн ажлын хэсэгт Ардчилсан намын төлөөлөл ч байгаа шүү дээ?

-Ер нь бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн барьсан цагаас эхлэн Ардчилсан намын саналууд, Ерөнхийлөгчийн төсөл, санал орж ирсэн цагаас Ардчилсан намын гишүүд зөвшилцлийн ажлын хэсэг, бусад хуралдаануудад оролцсон. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт өөрөө Үндсэн хуультай адилхан зөвшилцлийг шаарддаг учраас бид тултал нь зөвшилцлийн төлөө явж байна. Байх ёстой бүх л бололцоогоор зөвшилцөж явж байгаа гэдгийг олон нийт харж байгаа байх. Боломжтой бүх хувилбараар зөвшилцөхийн төлөө явж байна. Зөвшилцөхгүй бол зөвшилцөхгүй гэдэг, зөвшилцөхөөр зөвшилцлөө гэдэг, АН-ынхан.

-Сонгуулийн тогтолцоог холимог болгохыг байнгын хороо дэмжсэн. Гэхдээ нам сонгохгүй, хүн сонгох байдлаар өөрчилсөн байсан?

-Пропорциональ элемент бол санал хаягдахгүй, маш сайн систем. Ганцхан намыг сонгосноор намын нэрийн дор ард түмэнд таалагдахгүй хүмүүс орох нүх, сүв болдог гэж шүүмжилдэг. Тиймээс энэ удаад пропорционалийн нээлттэй, хаалттай хоёр системийн нээлттэй жагсаалтыг нь сонгож авахаар тусгасан. Өөрөөр хэлбэл, нэрсийн жагсаалтад орсон намыг бус нэр дэвшигчийн төлөө саналаа өгөх, сонгогч тойрогт болон намын жагсаалтад нэр дэвшсэн хүмүүст саналаа өгнө гэж томьёолсон. Намын жагсаалт зөвхөн нам дотроо бус улсын хэмжээн бодлогоороо өрсөлдөнө. Энэ явцад хүний төлөө саналаа өгнө. Хүний төлөө өгсөн саналууд нь нэгдэж, намын санал болно. Намын жагсаалтаар сонгогдсон хүмүүсийг эрэмбэлэхдээ хэн хэдэн сонгогчийн санал авснаар нь эрэмбэлнэ. Түүнээс намын жагсаалтын нэг, хоёрт бичигдсэн гэдгээрээ бус сонгогчоос хэн олон санал авснаараа сонгогдоно. Улсын хэмжээнд аль ч нам 26 хүн нэр дэвшүүлэхэд санал авсан тоогоор нь намуудаа эрэмбэлж, намын жагсаалтын хамгийн их санал авсан эхний 10 хүн гишүүнээр сонгогдоно гэсэн үг.

Сонгогч саналаа өгөхдөө УИХ-ын сонгуульд оролцож буй намуудаас өөрөө сонгож, тэр хуудас доторх хүмүүсээс сонгоод явна.

-Ардчилсан намын зүгээс хуулийн хэрэгжилтийг 2020 оны сонгуулиар хэрэгжүүлэх ёстой гэдэг байр суурийг илэрхийлээд байгаа?

-УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат бол 2020 оны сонгуулиас эхлэн хэрэгжүүлэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар бэлтгэл ажил их байгаа учраас 2024 оны УИХ-ын сонгуулиас эхэлж хэрэгжүүлнэ гэдэг санал зөвшилцлийн ажлын хэсэг, байнгын хороон дээр ч дэмжигдсэн.

-Ардчилсан нам гуравдугаар хэлэлцүүлэгт оролцохгүй гэвэл эрх баригчид дангаараа гуравдугаар хэлэлцүүлгээ батлах уу?

-Ардчилсан намын зөвлөл орох эсэхийг мэдэхгүй байна. Гэхдээ бид бүх л талаар зөвшилцөж ирсэн. Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлт бол бид тултал нь зөвшилцөх зарчмаар баримталсан гэдгийг давтан хэлмээр байна.

-Маргааш /өнөөдөр/ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ хэлэлцэнэ. Гуравдугаар хэлэлцүүлгээр батлах ёстой тийм үү?

-Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн 14 саналын томьёоллоор санал хураагдаж, түүний дараа орж байгаа нийт  нэмэлт, өөрчлөлтийг нэгбүрчлэн уншиж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг батлах эсэх асуудлаар санал хураалт явуулна. Үүний дараа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг батална.

Нэмэлт, өөрчлөлт батлагдвал, Ерөнхийлөгч ёсчилно. Нэмэлт, өөрчлөлт  нь 2020 оны тавдугаар сарын 25-аас эхлэн дагаж мөрдөгдөнө.

-Зөвхөн Ардчилсан намын зөвлөлийн оруулж ирсэн саналаар саналт хураалт явуулна гэж ойлгосон. Гэвч байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр 14 саналаар санал хураахаар болсон байна?

-Ард нийтийн санал асуулгад оруулах эх гүйцээн боловсруулах дээр үндсэн гурван санал, үлдсэн нь техникийн санал байсан. Энэ саналууд өмнө нь хураагдаж, Ард нийтийн санал асуулгыг хийх асуудлыг хэлэлцэхэд дэмжигдсэн ч Ерөнхийлөгчийн хориг тавигдсан учраас тэр хэсэг саналууд хүчингүй болсон. Тиймээс дахин санал хураах шаардлага гарч байгаа.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төсөл гэдэг нь?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсанаар хэрэгжих 2020 оны тавдугаар сарын 25-ний өдрөөс өмнө зарим зохицуулалтыг шууд хэрэгжүүлэх боломжгүй учраас одоогийн үйлчилж байгаа хуулиуд шинэ хууль гартал үйлчилнэ. Түүнчлэн Эрдэнэт, Дархан хотын статусын асуудлыг хагас жил дотор оруулж ирэх, УИХ-ын сонгуулийн тогтолцоог 2024 оноос хэрэгжихийг хуульд оруулах, Улс төрийн намын хуулийг хэзээ батлах, намын гишүүнчлэлтэй холбоотой асуудлыг хэрхэн зохицуулах гэх мэт асуудлыг ерөнхийлөн журамлах тогтоол юм.

 -Ерөнхийлөгч Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолд хориг тавьж байсан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд хориг тавих боломжтой юу?

-Хууль эрх зүйн хувьд бол байгаа. Гэхдээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бол өөрөө Үндсэн хуулийн адил хүчинтэй байна гэсэн заалт бий. Тиймээс батлагдаад гарвал хүндэтгэлтэй хандах байх гэж бодож байна.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсанаар түүнийг дагаж хичнээн органик хуульд өөрчлөлт оруулах вэ?

-Эхний удаад жагсаалт гаргаснаар 26 орчим хуулийг яаралтай өөрчилнө. Энэ жагсаалтыг УИХ батална. Тухайлбал, Нутгийн удирдлага, хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдал, Сонгуулийн хууль, Улс төрийн намын хууль, Шүүхийн багц хууль гэх мэт хуулиуд бий. Үе шаттайгаар батлах төлөвлөгөөг УИХ гаргана.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг маш удаан хугацаанд боловсруулж, санал авч, зөвшилцсөний дүнд батлах гэж байна. Та бол энэ ажлыг анхнаас нь ахалж, гардан хийж байсан хүний хувьд юу гэж дүгнэж байна вэ?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн заалт болгон эцсийн дүндээ төрийн эрх мэдлийн хуваарилалтын хяналт, тэнцвэр, хариуцлагын тогтолцоо, засаглалын тогтвортой байдлыг хангахад чиглэхэд хийсэн тодорхой алхмууд. Ингэснээр төрийн эрх мэдлийг хязгаарлаж чадах юм бол хүний эрхийг зөв хамгаалж чадна. Парламентат ёс, Монголын ардчилал, ардчиллын замаар замнасан 30 жилд алдсан алдаа оноогоо дүгнэж, Монголын ард түмний сонгож авсан ардчилсан тогтолцоог боловсронгуй болгох баталгаа болж байгаа юм. Бид ухралт хийгээгүй гэж үзэж байна. Ардчиллын институциудын үнэ цэнийг жинхэнэ утгаар нь бий болгох, энэ асуудлаар гүнзгийрүүлэхэд их чухал алхам болсон гэж бодож байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж