Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх конвенцид нэгдэх асуудлыг зөвшилцөв

Хуучирсан мэдээ: 2019.11.13-нд нийтлэгдсэн

Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх конвенцид нэгдэх асуудлыг зөвшилцөв

Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх конвенцид нэгдэх асуудлыг зөвшилцөв

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2019.11.13) хуралдаан 14 цаг 35 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газраас энэ оны 10 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай олон талт конвенц”-д нэгдэн орох асуудлыг зөвшилцөж дэмжлээ.

Энэ талаарх хууль санаачлагчийг илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан юм. Тэрбээр танилцуулгадаа, татварын ил тод байдлыг хангах, мэдээлэл харилцан солилцох, татвараас зайлсхийхийн эсрэг олон улсын дүрмүүдийг хэрэгжүүлэх зорилгоор батлагдсан Засгийн газрын 2017 оны 350 дугаар тогтоолоор өгөгдсөн чиглэлийн дагуу Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай олон талт конвенцид нэгдэж орох бэлтгэл ажил хангагдаад байгааг дурдав.

Мөн Европын Холбооны өмнө хүлээсэн үүрэг, амлалтын дагуу манай улс холбогдох байгууллагын гишүүнээр элсэн орж, эдгээр байгууллагаас тавигддаг стандарт, шаардлагуудыг Засгийн газраас боловсруулсан татварын хуулийн шинэчлэлд тусгаж өргөн мэдүүлсний Улсын Их Хурал 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан. Ингэснээр Монгол Улсын дотоодын татварын эрх зүйн орчин Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага болон Европын Холбооноос тавьж буй шаардлагад бүрэн нийцэж байгааг Сангийн сайд тодотголоо.

Тус конвенц нь 6 бүлэг, 32 заалттай бөгөөд татварын асуудлаар мэдээлэл солилцох, татварын өр барагдуулахад туслалцаа үзүүлэх болон татварын баримт бичиг хүргүүлэх зэрэг үндсэн гурван захиргааны туслалцааг агуулдаг ажээ. Конвенцид нэгдсэн орсноор манай улс Европын Холбооны өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх бөгөөд татварын асуудлаар дэлхийн 130 гаруй улс орнуудтай мэдээлэл харилцан солилцох боломж бүрдэх юм байна.

Дараа нь “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай олон талт конвенц”-д нэгдэн орох асуудлыг хэлэлцээд зөвшилцөхийг дэмжсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар нар танилцуулсан юм.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг, Б.Бат-Эрдэнэ нар энэхүү конвенцид нэгдэж орох нь саарал жагсаалтаас гарахад ач холбогдолтой эсэх талаар асуулт асууж тодруулсан юм. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай олон талт конвенцид нэгдэж орох асуудал нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, өөрөөр хэлбэл саарал жагсаалттай ямар ч холбоогүй. Зөвхөн татварын асуудалтай холбоотой. Одоогоор манай улс 26 оронтой татварын мэдээлэл солилцож байгаа бол энэ конвенцид нэгдсэнээр 130 гаруй улстай татварын мэдээллээ солилцож, мэдээлэл авдаг болно. Нөгөө талаар манай улс Европын Холбооны өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх боломж бүрдэх юм гэлээ.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Сангийн сайдаас зарим зүйлийг лавлаж тодруулах үедээ төсвийн нэгдмэл байдал, сахилга батыг хангах, хууль эрх зүйн орчныг сайжруулж, хэрэгжилтийг хангахад Сангийн яам сайн ажиллаж байгаа ч учир дутагдалтай зүйлүүд ч бас байгааг хэллээ. Мөн тэрбээр татварын мэдээлэл солилцох боломжийг сайн ашиглаж, уялдаа холбоог сайн хангаж, тодорхой үр дүн гаргаж ажиллах шаардлагатай байгааг сануулав.

Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь  “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай олон талт конвенц”-д нэгдэн орох тухай асуудлыг зөвшилцөхийг дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо.

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжиж буй төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэх байсан ч уг асуудлыг Эдийн засгийн байнгын хороо хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлтээ ирүүлсний дараа хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд түр хойшлууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж