Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн юм.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос өнөөдөр (2019.11.13) Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулав.
Уг хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь, УИХ-ын гишүүн Н.Учрал, Хууль зүйн, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Цагдаагийн ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисс болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн төлөөлөл оролцож, санал бодлоо хуваалцлаа.
Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийг 2000 онд баталснаас хойш нийт 5 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Гэвч эдгээр өөрчлөлт нь бусад хууль тогтоомжид оруулж байгаа өөрчлөлттэй холбоотойгоор хийгдэж байжээ. Нийгэм, цаг үеийн өөрчлөлтөөс үүдэн 19 жилийн өмнөх хуулийн зохицуулалтаар хүний эрхийг хангаж, хамгаалах үйл ажиллагааг явуулах боломжгүй болсон. Хүний эрхийн үндэсний комиссын эрх мэдлийг бэхжүүлэх, үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэх, чиг үүргийг тодорхой болгох, төсөв санхүүжилтийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг харгалзан ийнхүү хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.
“Хүний эрхийн үндэсний комиссоос 2001 оноос хойш нийт 18 илтгэлийг УИХ-д танилцуулсан. Үүнтэй холбоотойгоор хүний эрхийг хамгаалахад чиглэсэн нэлээд олон зөвлөмж, шаардлагуудыг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллагуудад өгч ажилласан байдаг. Эдгээр тайлан бүрт хүүхэд хамгаалал, хүчирхийлэл, хүрээлэн буй орчин, эмэгтэйчүүд, эрүү шүүлт зэрэг хүний эрх зөрчигдсөн бүхий л асуудалд зөвлөмж, шаардлагаа хүргүүлсэн байдаг ч эрх зүйн хувьд хязгаарлагдмал эрх мэдэлтэй, тодорхойгүй зохицуулалтын улмаас үр дүн багатай байсан. Монгол Улс 1961 онд НҮБ-ын гишүүнээр элссэнээс хойш өнөөдрийг хүртэл хүний эрхийг хангах, хамгаалахад чиглэсэн 40 гаруй олон улсын гэрээ, конвенц, протоколд нэгдэн орсон. НҮБ-ын холбогдох хороодоос удаа дараа манай улсад хүний эрхийн байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах зөвлөмжийг өгч байсан. Иймд өнөөдрийн хэлэлцүүлгийг хийж байна” хэмээн УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь нээлтийн үгэндээ онцоллоо.
2000 онд баталсан Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль нь 6 бүлэг 23 зүйлтэй байсан бол одоогийн хуулийн төслийг 9 бүлэг 42 зүйлтэй байхаар боловсруулсан байна.
Хүний эрхийг хангах, хамгаалах нь зөвхөн Хүний эрхийн үндэсний комиссын хариуцах асуудал биш. Бусад төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгэм, иргэдийн хамтын ажиллагаа, оролцоотойгоор хийгдэх ажил учраас хуулийн зорилтыг илүү өргөн хүрээнд тодорхойлжээ. Тодруулбал, өмнөх хуулиар зөвхөн Хүний эрхийн үндэсний комиссын үйл ажиллагаа, эрх зүйн үндсийг тодорхойлж байсан. Харин хуулийн төсөлд Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоог бүрдүүлж, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхийг боловсролыг олон нийтэд түгээх, хөхиүлэн дэмжихтэй холбоотой харилцааг зохицуулахаар тусгасан байна.
Хүний эрхийн үндэсний комисс нь нэг тэрбум төгрөг хүрэхгүй төсвөөр Монгол Улсын хэмжээнд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах ажлыг түрээсийн байранд 48 хүний бүрэлдэхүүнтэй хийж гүйцэтгэдэг. Гэтэл НҮБ-ын Хүний эрхийн үндэсний байгууллагуудын зохицуулах хорооноос уг зарчимд бүрэн нийцүүлэх шаардлагатай буюу "Хүний эрхийн Үндэсний байгууллага нь өөрийн байртай байх, тус байгууллагын үйл ажиллагааны төсвийг хараат бус байдлаар төлөвлөх, ХЭҮК-ын гишүүдийг нэр дэвшүүлэх, томилох үйл явцыг ил тод, нээлттэй болгох зэрэг зөвлөмжүүдийн удаа дараа өгдөг байна. Иймд хуулийн төслийн 6 дугаар зүйлд төсвийн асуудлыг нарийвчлан зохицуулжээ.
Мөн хуулийн төсөлд Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд тавигдах шалгуур, шалгаруулалт, насны дээд хязгаар, чиг үүрэг, эрх хэмжээ, жендэрийн тэгш байдал зэргийг илүү тодорхой болгож тусгасан талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг танилцуулгадаа дурдав.
НҮБ-ын Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцын нэмэлт протоколд Улс 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр нэгдэн орохоор гарын үсэг зурж, 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Улсын Их Хурал соёрхон баталсан.
Энэхүү протоколын зорилго нь Олон улсын болон үндэсний бие даасан байгууллага эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэх явдлаас урьдчилан сэргийлэх, эрх чөлөөгөө хасуулсан хүмүүсийн байгаа газарт нь тогтмол эргэж очих тогтолцоог бий болгоход оршино. Протоколын 3 дугаар зүйлд зааснаар оролцогч улс бүр үндэсний түвшинд эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор эрх хязгаарласан газар тогтмол очиж байх нэг буюу хэд хэдэн байгууллага байгуулах, томилох, эсхүл ийм байгууллагад дэмжлэг үзүүлэх үүргийг хүлээхээр зохицуулсан байна.
Үүний дагуу хуулийн төсөлд Эрүүдэн шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны талаар нарийвчилсан зохицуулалтыг оруулжээ.
Түүнчлэн хүний эрхийн зөрчил гаргасан, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, комиссоос өгсөн зөвлөмж, шаардлагын хэрэгжилтийг хангаж ажиллаагүй төрийн албан хаагчдад сахилгын шийтгэл ногдуулах, хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хүртэл хариуцлага тооцох механизмыг бүрдүүлэхээр төсөлд тусгасан байна.
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг хэлэлцүүлэгт оролцогчдод Хүний эрхийн байгууллагуудад тавигддаг олон улсын шаардлага, хэв загваруудын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийсэн юм.
Хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан хэлэлцүүлэгт оролцогчид өөрсдийн саналыг хэлж, асуулт асуулаа. Тэд комиссын гишүүнд тавигдах шаардлагад ёс суртахууны шалгуурыг тусгах, гишүүдийн тоог тав болгох, төсөв санхүүг нэмэгдүүлэх, иргэний нийгмийн байгууллагын оролцоог үр дүнтэй байлгах, бусад хууль тогтоомжтой уялдуулах, нэр томъёог сайжруулах, бусад байгууллагатай харилцах, хамтран ажиллах чиглэл, үүргийг тодорхой болгох зэрэг саналыг хэлж байлаа.
“Хүний эрх хөгжил төв” ТББ-ын тэргүүн Г.Уранцоож: – Хүний эрхийн үндэсний комиссын хуулийг шинэчлэх цаг нь болсон. Иргэний нийгмийн байгууллагуудаас байнга шаарддаг байсан. Хуулийн төсөлд дэвшилттэй олон зохицуулалт орсон. Гэхдээ анхаарал татсан, тодруулах шаардлагатай асуудал байна. Тухайлбал, хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоог тодорхойлохдоо иргэний нийгмийн байгууллагуудыг орхигдуулсан тал ажиглагдаж байна. Комисс гурван гишүүнтэй байхаар заасан. Үүнийг тав болгож байж, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх боломжтой. Гишүүний тоог нэмэгдүүлэхээр төсөв санхүүгийн асуудал хүндрэлтэй гэдэг. Гэхдээ үүнийг иргэний нийгмийн байгууллагуудаас орон тооны бус хэлбэрээр нэмэгдүүлэх гарц бий.
Судлаач Г.Нарантуяа: – Эрүүдэн шүүлтээс урьдчилан сэргийлэх механизмыг бүрдүүлэхээр оруулсан байна. Олон улсын протоколд тусгасан үг хэллэгээр нь тусгавал эргээд хяналт, шалгалт явуулахад илүү ач холбогдолтой болно. Мөн энэ хуулийг бусад хууль, тогтоомжтой уялдуулахад анхаарах хэрэгтэй.
“Нээлттэй нийгэм форум”-ын эрх зүйн хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан: – Хуулийн төслийг боловсруулахад ажлын хэсэгт орж ажилласан. Комиссын гишүүнд тавигдах шаардлагад улс төрийн мэргэшилтэй гэсэн томъёоллыг хассан нь зөв. Гэхдээ ёс суртахууны шалгуурыг нэмэх хэрэгтэй. Тухайн салбартаа ажилласан туршлагатай, хүлээн зөвшөөрөгдсөн хүн нэр дэвших ёстой. Бусад саналуудаа УИХ-ын Ажлын хэсэгт бичгээр хүргүүлнэ.
“Эмнести интернэшнл” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа: – Хуулийн төсөл боловсруулахдаа иргэний нийгмийн байгууллага, судлаачдыг оролцуулдаг сайн жишиг тогтож байгаад баяртай байна. Комиссын гишүүдийн тоог нэмэгдүүлэх ёстой гэдэг байр суурийг дэмждэг. Гэхдээ комиссын гишүүнийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж томилохдоо “Томилгооны сонсгол”-ыг заавал хийдэг байх зохицуулалтыг оруулах хэрэгтэй.
Ийнхүү оролцогчид асуулт асууж, байр сууриа илэрхийлснээр хэлэлцүүлэг өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Холбоотой мэдээ