Байнгын хороо Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

Хуучирсан мэдээ: 2019.11.13-нд нийтлэгдсэн

Байнгын хороо Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

Байнгын хороо Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2019.11.13) хуралдаан 10 цаг 54 минутад 68.4 хувийн ирцтэй эхэлж, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүнээс 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл-ийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулав.

Байнгын хорооны хуралдаанд Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй ажлын дэд хэсгийн ахлагч, Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Бага Хурлын гишүүн асан Ц.Товуусүрэн, Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Р.Хатанбаатар, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан болон ажлын дэд хэсгийн гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор А.Бямбажаргал, Ардын Их Хурлын депутат асан Д.Ламжав нар оролцов.

Хуралдаанд Монгол Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулга хийсэн юм. Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүнээс 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2019 оны 08 дугаар сарын 28, 29, 09 дүгээр сарын 04, 05, 07-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулж, хэлэлцүүлгийг амжилттай хийж дуусгасан.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17.1-т Улсын Их Хурал төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж дуусаад тухайн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар батлах уу, гурав дахь хэлэлцүүлгээр батлах уу гэдгээ нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар шийдэхээр заасан. Үүний дагуу төслийг ард нийтийн санал асуулгаар явуулах нь зүйтэй гэж Улсын Их Хурлын нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувь нь тогтсон.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу ард нийтийн санал асуулгад оруулах төслийн нэг, хоёр дахь хэлэлцүүлгийг явуулж Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай 73 дугаар тогтоол баталсан. 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Ерөнхийлөгчөөс Улсын Их Хурлын 73 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсан.

Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн хоригийг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэн хүлээн авах нь зүйтэй гэж үзэж “Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 73 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсон болно. 73 дугаар тогтоол хүчингүй болсноор Журмын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн дагуу явуулсан хоёр дахь хэлэлцүүлгээр дэмжигдсэн 19 зүйл, 35 заалт бүхий төслийг 3 дахь хэлэлцүүлэгт оруулах хууль зүйн үр дагавар үүссэн. Ингэснээр Улсын Их Хурал төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлэн, Гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг, хугацааг тогтоосон Улсын Их Хурлын тогтоолыг баталсан.

Төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд Улсын Их Хурлын даргын 199 дүгээр захирамжаар байгуулагдсан Зөвшилцлийн ажлын хэсэг нь 2019 оны 9 дүгээр сарын 30, 10 дугаар сарын 07, 08, 09, 11 дүгээр сарын 05, 12-ны өдрүүдэд нийт 7 удаа хуралдаж, тодорхой асуудлуудаар зөвшилцөлд хүрч санал нэгдсэн бөгөөд зарчмын шинжтэй 2 саналыг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэгт танилцуулж, уг саналыг Байнгын хорооны хуралдаанд оруулахыг ажлын хэсгийн хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжсэнийг дурдав.

Ард нийтийн санал асуулгын нэг, хоёр дахь хэлэлцүүлгээр санал хурааж Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар дэмжигдсэн тодруулга хийсэн болон найруулга, редакцын шинжтэй нийт 11 саналаар дахин санал хураалгахаар Байнгын хорооноос бэлтгэсэн. Мөн тус Байнгын хороо болон Улсын Их Хурлын Тамгын газраас  Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасны дагуу гурав дахь хэлэлцүүлгийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн дараах байдлаар товч болон зурагт танилцуулга, анимэйшн зэргийг бэлтгэн тарааж олон нийтэ түгээсэн. Түүнчлэн 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төслийг энгийн хувилбарын хамт Улсын Их Хурлын нийт гишүүдэд,  хоёр дахь хэлэлцүүлгээр дэмжигдсэн саналыг тусгасан төсөл болон санал, дүгнэлтийн төслийг Байнгын хорооны гишүүдэд урьдчилан тараасан талаар Байнгын хорооны дарга танилцуулав.

Ингээд Монгол Улсын үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй болон найруулгын саналаар санал хураалгах үед Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат Улсын Их Хурлын даргын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 199 дүгээр захирамжаар байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Ард нийтийн санал асуулга явуулах тухай асуудлаар зөвшилцөх, судлах ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор эхэлж санал хураалгах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээр ахлуулсан Зөвшилцлийн ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгуулахаар Ардчилсан намаас ирүүлсэн гурван саналаас Ерөнхий сайд өөрөө мэдэж танхимаа бүрдүүлэх, Улсын Их Хурлын сонгуулийг олонхийн болон хувь тэнцүүлэх зарчмыг хослуулан явуулах гэсэн  хоёр саналыг нь дэмжсэн байна. Улмаар эдгээр саналыг Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хэлэлцэн дэмжжээ.

Ингээд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийн дараах төсөлд “4.Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө.” гэсэн агуулгатай Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсгийг нэмэхээр гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 16 гишүүний 15 нь буюу 93.8 хувь нь дэмжив. Мөн уг санал дэмжигдсэнтэй холбогдуулан хууль хоорондын нийцлийг хангах үүднээс хоёр дахь хэлэлцүүлгийн дараах төслийн 4 дүгээр зүйлд “Монгол Улсын Үндсэн хуулийн” гэсний дараа “Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтын “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд,” гэснийг “Ерөнхий сайд,” гэж нэмэхээр болов.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийн дараах төслийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын сонгуулийг олонхийн болон хувь тэнцүүлэх зарчмыг хослуулан явуулна. Сонгогч тойрогт нэр дэвшсэн болон намын жагсаалтад орсон нэр дэвшигчийн төлөө саналаа өгнө.” гэсэн агуулгатай 1, 2 дахь өгүүлбэрийг нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 81.2 хувь нь дэмжсэн юм.

Дараа нь төслийн зарим зүйл, хэсэг, заалттай холбоотой найруулгын саналуудаар санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжлээ. Тухайлбал, улс төрийн намтай холбоотой төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу Арван ес дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна” гэснийг “улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллана” гэж өөрчлөх, төслийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалт буюу Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.” гэсэн агуулгатай 4 дэх өгүүлбэрийг нэмэхээр тогтов.

Мөн төслийн 3 дугаар зүйлийн 9 дэх заалт буюу Дөчин есдүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг” гэснийг “Шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбоотой зөвлөлийн үйл ажиллагааны тайланг” гэж, төслийн 3 дугаар зүйлийн 11 дэх заалт буюу Тавин долдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “хот; тосгоны” гэснийг “хотын, түүнчлэн тосгоны” гэж тус тус өөрчлөх, төслийн 3 дугаар зүйлийн 13 дахь заалт буюу Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “тойргийн” гэсний өмнө “шүүхийг” гэж нэмэхээр боллоо. Түүнчлэн гишүүдээс Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн гуравны өдрийн морин цагаас эхлэн улс орон даяар дагаж мөрдөх санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 86.7 хувь нь дэмжлээ. Ингээд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал, дүгнэлтээ зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудын хамт чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж хэлэлцүүлэхээр тогтов.

Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дэмжлээ. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс төслийн 4 дүгээр зүйлд “Улсын Их Хурлын сонгуулийг 2024 оны  ээлжит сонгуулиас эхлэн олонхийн болон хувь тэнцүүлэх зарчмыг хослуулан явуулна” гэсэн хэсэг нэмэх зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжив. Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулиас эхлэн олонхийн болон хувь тэнцүүлэх зарчмыг хослуулан явуулах санал гаргасан боловч дэгийн хуулийн шинэ зохицуулалтын дагуу уг саналаар санал хураалгах боломжгүй учраас дэмжигдээгүй саналд тооцох нь зүйтэй гэж үзлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.      

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж