Японы агаарын орон зайд гадны нисэх онгоц нэвтэрснийг байлдааны дөрвөн онгоцоор хөөн явуулсан байна. Японы албаныхан агаарын орон зайд нэвтэрсэн онгоцыг ОХУ-ынх хэмээн сэжиглэж байгаа аж. Учир нь тэрхүү онгоц ОХУ-тай эзэмшлийн маргаантай Курилын арлуудын ойролцоох Хоккайдо арлын хойд эргийн дээгүүр ниссэн байна. Японы Гадаад хэргийн яамнаас “Бид эсэргүүцлээ Токио дахь ОХУ-ын элчин сайдын яамаар дамжуулан илэрхийлсэн. Оросын талаас энэ хэргийг судалж үзье гэхээс өөр хариу хэлээгүй” хэмээн мэдэгджээ.
Хэрэв Оросын онгоц Японы агаарын орон зайд нэвтэрсэн нь батлагдвал энэ нь 2013 оны наймдугаар сараас хойшхи анхны тохиолдол болох юм. Өмнө нь Оросын Ту-95 стратегийн хоёр бөмбөгдөгч Окиношима арлын баруун өмнөд хэсгийн эрэг дээгүүр нисч япончуудыг сандаргасан аж.
Япон улс дэлхийн II дайнд бууж өгсөний дараа ЗХУ-ын цэргүүд Курилын арлыг эзэлж авсан аж. Үүнээс хойш 70 жилийн хугацаанд Япон, ОХУ-ын хооронд Курилын арлуудыг булаалдан маргасаар байгаа юм.
Үүний зэрэгцээ Японы Гадаад хэргийн сайд ирэх долоо хоногт Москвад айлчлахаар төлөвлөж байгаа аж. Дараа нь ирэх онд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Токиод айлчлал хийх тухай Санкей Шимбун сонинд мэдээлжээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Agence-France Presse