Лхам худалдааны төв хүртэлх замын тендер хүчингүй болжээ
Дээр дурдсанчлан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэл хотод 4,65 тэрбум төгрөгийн ажил хийж гүйцэтгэхээр баталжээ. Энэ хөрөнгөөс шинээр зам тавихгүй, хуучин замаа засах, өргөтгөхөд зарцуулах юм байна. Нийт 13 ажил хийхээс зургаан ажлыг бүрэн дуусгажээ. Одоогийн байдлаар Денверийн гудамж буюу олны нэрлэж заншсан Америк элчингийн гудамжны замыг шинээр тавьж, улсын комисст хүлээлгэн өгчээ. Зуун айлаас эхлэн “Орчлон” сургуулийн зүүн тал хүртэл Сэлбэ гол дагуу үргэлжлэх 850 метр замыг “Наранбулаг” компани тавьсан байна. Мөн Эрхүүгийн гудамжны 700 метр зам, Тээврийн товчоо орчмын зам, МУИС-ийн оюутны нэг, хоёрдугаар дотуур байрны урд талын зам, Кино үйлдвэрийн баруун талаар Энхтайваны өргөн чөлөөг Цайзын замтай холбосон замын ажлыг бүрэн дуусгажээ. Харин хийж гүйцэтгэж байгаа таван ажлын явц 70-80 хувьтай байгаа аж. Хандгайт, Санзайн чиглэлийн хатуу хучилттай зам тавих ажлын гүйцэтгэгчээр “Өргөн говь” компани шалгарч ажлаа эхэлжээ. Төлөвлөсөн 13 ажлаас сонгон шалгаруулалтад бүдэрч, гүйцэтгэгчээ ч тодруулж амжаагүй нэг ажил байгаа нь Зуун айлаас Лхам худалдааны төв хүртэлх замын шинэчлэл юм байна. 500 метр орчим үргэлжлэх уг замын сонгон шалгаруулалтыг хоёр удаа явуулсан ч хүчингүй болсон байна. Тендер хоёр удаа хүчингүй болсон тохиолдолд гүйцэтгэгчийг шууд гэрээ байгуулан сонгох хуулийн заалт байдаг бөгөөд ингэж шийдэх эсэх нь нийслэлийн Үнэлгээний хорооны эрх мэдлийн хэрэг юм байна. Хэрэвзээ ойрын хугацаанд гэрээг байгуулчих юм бол уг замыг наймдугаар сардаа багтаагаад засчих боломж байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Хийж гүйцэтгэж амжаагүй гэсэн шалтгаанаар хөрөнгийг нь буцааж орхисноос хэн нэг гүйцэтгэгчийг сонгох биз ээ гэж Зуун айлын оршин суугчид хүлээн сууна.
Хэмнэсэн мөнгөөр уулзваруудыг өргөтгөнө
Жил бүр явуулдаг автотээвэр, өөрөө явагч хэрэгслийн албан татвар болон нийслэлд орж ирж буй автомашинаас авдаг татварууд нийслэлийн Замын санд төвлөрч байдаг. Тэрхүү мөнгөөр замаа зассангүй гэх шүүмжлэл ч гарах нь олон. Тиймээс энэ жил тус сангаас хэмнэсэн 171 сая төгрөгийг нийслэлийн автозамын уулзваруудын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэхэд зориулахаар болсон байна. Баянзүрх дүүргийн Сансрын найман салаа замд ачаалал ихтэй ганц газар нь Зүүн дөрвөн зам байдаг. Уг уулзварт өглөө, орой ажил цуглах, тарах үед автомашинууд олноороо бөөгнөрч, зам түгжирдэг тул нэг эгнээ нэмжээ. Мөн Моннисоос Нарны зам руу явдаг зам, Модны хоёрын замын баруун гар талын хоёр эгнээг гурван эгнээ болгожээ. Түүнчлэн Ард Аюушийн өргөн чөлөө буюу эх нялхсын төвийн ар талын замын уулзвар, Гандийн гудамж, Гадаад харилцааны яамны замын доголыг авч нэвтрэх чадварыг нь нэмэгдүүлжээ. Одоогоор Гэсэр сүмийн зүүн талын замын уулзварыг өргөтгөх ажлыг хийж байгаа аж.
Хороолол доторх замыг ээлж ээлжээр засна
Нийслэлийн төв замыг засч, шинэчлээд эхэлмэгц орон сууцны хороолол доторх замууд гологдож эхлэв. Энд тэндгүй энхэл донхол болж, автомашинаар зорчигчдын уур бухимдлыг барсан энэ байдал хэзээ засрах талаар бид нийслэлийн автозамын газрын хяналтын инженер Б.Энхмандахаас тодрууллаа.
-Нийслэлийн автозамын газрын зүгээс орон сууцны хороолол доторх замыг ээлж дараатай шийдэхээр төлөвлөөд ажиллаж байна. Одоогийн байдлаар орон сууцны хорооллуудад есөн багц ажлыг хийгээд байна. Чингэлтэй дүүрэгт Дөчин мянгатын хороолол доторх замыг бүрэн шинэчилсэн бол Сүхбаатар дүүрэгт Меркури худалдааны төвийн эргэн тойрны замыг засаад байна. 10 дугаар хорооллын 800 метр орчим туслах зам, Баянзүрх дүүрэгт Сансрын тунелээс 13 дугаар хороолол хүртэл замын баруун урсгал, Хан-Уул дүүрэгт То вангийн гудамж буюу 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвөөс урагш Чингисийн өргөн чөлөөтэй нийлдэг автозамуудыг шинэчлэн засварлаад байгаа. Хойшдоо энд тэнд оочин цоочин засах бус нэг хорооллын замыг цогцоор нь засах байдлаар үргэлжлэх болно гэлээ.
Бороо хуртай уралдан гүйцэтгэж буй ажлууд
Зам засварын ажилд хамгийн ихээр саад болдог нь хур бороо юм. Харин энэ жилийн хувьд бороо олон хоногоор үргэлжлэн ороогүйд зам засварын компаниуд залбирч суугаа сурагтай. Одоогийн байдлаар хэд хэдэн замын засвар ид үргэлжилж байна. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Алтан-Овоод тавих 1,2 км замын зурагт өөрчлөлт орсноор ажил оройтож эхэлжээ. Мөн тус дүүрэгт Энхтайваны өргөн чөлөөнөөс Жанжин клуб хүртэлх замын засварыг наймдугаар сарын 1-нд, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд барьж буй 21,5 метр урт төмөр бетон гүүрийн шинэчлэлийг ирэх сарын 15 гэхэд дуусгахаар төлөвлөжээ. Сонгинохайрхан дүүрэг дэх Саппорогийн аюулгүйн тойрог, Гурвалжингийн гүүрний засвар 65 хувьтай байгаа бөгөөд гүйцэтгэгчээр нь Улаанбаатар зам засвар, арчлалт компани ажиллаж байгаа юм байна. Одоогоор Улиастайн гүүрний засвар 40 хувьтай, Их тойруугийн замын шинэчлэл 90 хувьтай, Чингисийн өргөн чөлөөг Нарны замтай холбох ажил 15 хувьтай байна. Нийслэлийн хэмжээнд он дамжсан хэд хэдэн ажил байгаагийн нэг нь Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох ажил юм. Энэ ажил Соёл эрдэм дээд сургуулийн барилгын ажлаас болж он дамжихад хүрчээ. Түүнчлэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр 21 объектийн 50 км автозам тавихаар төлөвлөжээ. Үүнээс дөрвөн ажлын гүйцэтгэгчийг тендер зарлаж шалгаруулсан байна.
Д.Цээпил