Италийн үзэсгэлэнт хот Венец далайн түрлэгийн улмаас усанд автаад байна. Усны түвшин 1.87 метр болсон нь 1966 онд 1.94 метр болж байснаас хойших анхны тохиолдол гэнэ.
Хотын хамгийн нам дор газарт байрлах гэгээн Маркын хөшөө хамгийн хэцүү байдалд байгаа гэнэ. Хөшөө 1200 жилийн түүхэндээ зургаа дахь удаагаа үерт автаж буй нь энэ ажээ. "1200 жилийн түүхэнд тохиосон зургаан үерийн дөрөв нь сүүлийн 20 жилд боллоо" хэмээн гэгээн Маркын ажилтан Пьерпауло Кампострини хэллээ.
Венецийн тэнгис, Адрианы тэнгисийг заагладаг нарийн арал болох Пеллестринад үерээс болж хоёр хүн нас барсан гэнэ. Тэдний нэг нь гэрийнхээ усыг соруулах гэж байгаад тогонд цохиулж өөд болсон бол нөгөөгийх нь нас барсан шалтгааныг хараахан тогтоогоогүй байна.
Хотын дарга Луижи Брагнаро "Энэ үер манай хотод арилшгүй ул мөрөө үлдээнэ. Байдал хэцүү байна. Бид засгийн газраас тусламж хүссэн. Хотыг сэргээн засварлахад маш их мөнгө шаардлагатай болно. Энэ бүхэн дэлхийн дулаарлаас болсон" хэмээн ярьжээ.
Хотын иргэд усан дунд амьдарч, олон тооны бизнес дампуурлын ирмэгт тулаад байна. Ресторан, кафенуудын гадаа сандал ширээ нь хөвж харагдана. Дэлгүүрийн эзэд бараагаа өндөрт тавьж байна. Гурван автобус живсэн, явган хүмүүст зориулж барьсан модон замууд ачааллаа дийлэхгүй нурж байна.
Хотыг үерээс хамгаалахаар хөвөгч хаалганууд далайн эргээр байрлуулах төсөл 2003 оноос хойш боловсруулагдаж байсан ч хөрөнгө оруулалт, хойшлуулалт, элдэв маргаанаас болж бүтээгүй байна.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: bbc.com