Чуулган: 2020 оны төсвийн хуулийг баталлаа

Хуучирсан мэдээ: 2019.11.13-нд нийтлэгдсэн

LiveЧуулган: 2020 оны төсвийн хуулийг баталлаа

18 : 29
2019-11-13

Чуулган: 2020 оны төсвийн хуулийг баталлаа

УИХ-ын үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хийлээ.

Өнөөгийн байдлаар хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 80 хувьд буюу 912 мянган хүүхдэд олгож байгаа бөгөөд нийт нэг жил 205.1 тэрбум төгрөг зарцуулж байгаа ажээ.

Хүүхдийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн амьжиргааны түвшингээр нь ялгаж тэтгэмж олгож байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан “Хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэснийг, мөн Монгол Улсын нэгдэн орсон НҮБ-ын хүүхдийн эрхийн тухай конвенцийн холбогдох заалтыг зөрчиж байгаа юм. Тиймээс хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох асуудлыг тогтоолын төсөлд тусгажээ.

Тогтоолын төслийг баталснаар нийт хүүхдүүдийн 85-90 хувь хүсэлт гаргана хэмээн холбогдох албаныхан тооцож буй юм. Нийт хүүхдийн 85 хувьд олгоход улсын төсвөөс 13 тэрбум, 90 хувьд олговол 36 орчим тэрбум төгрөг нэмж гаргах аж.

Тогтоолын төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүд санал хэлээгүй тул эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. 

Дараа нь Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2019.09.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлгийг хийв.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Нийгмийн даатгалын шимтгэл яагаад нэмэгдэв? НДШ нэмэгдэхээр цалин багасна. Тэтгэвэр найман хувиар нэмэгдэж, цалин боломжийн болчих байх гэтэл НДШ-ийг нь төлчихөөр ямар ч үр дүнгүй юм биш үү. Амлалтаа бага ч гэсэн биелүүлэхгүй юм уу, МАН-ынхан. Ядаж ажилчдынхаа цалинг хасахгүй байж болдоггүй юм уу. Өөр гарц байхгүй юм уу.

Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн:

Засгийн газар ирэх оны төсвийн төсөл оруулж ирэхдээ нэмэгдүүлнэ гээд оруулж ирсэн. байнгын хороон дээр яригдахад Ч.Хүрэлбаатар сайд С.Чинзориг сайдаас асуу гэж хариулсан.

ХНХ-ын сайд С.Чинзориг:

Нийгмийн даатгалын сангийн шимтгэл нэг, нэг хувиар нэмэгдэж байгаа. Нийгмийн даатгалын сан алдагдалтай сан. Энэ онд гэхэд улсын төсвөөс 600 тэрбум төгрөгийн татаас авч байж үйл ажиллагаа явуулж байгаа. Тэтгэврийн даатгалын сан нь алдагдалтай. Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулах зорилгоор НД-ын шимтгэлийг нэмэхээр оруулж ирсэн. Цаашид нийгмийн даатгалд хамрагдагсдын хүрээг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Мөн нэг удаа нөхөн төлөх хуулиа ирэх жилээс хэрэгжүүлнэ. Нөхөн төлбөр төлөх хууль болон шимтгэлийг нэмэгдүүлснээр алдагдал тодорхой хувиар буурна. НДС алдагдалтай ажилладаг шалтгааныг хоёр зүйлтэй холбон тайлбарлаж байгаа. Нэгдэх шалтгаан нь өнгөрсөн парламентын үед ажилласан жил нөхөн тооцох, нөхөн төлүүлэх хууль хэрэгжүүлж алдагдлыг 700 тэрбумаар нэмсэн. Хоёрдугаарт нийгмийн даатгалын шимтгэл ажил олгогч 12, даатгуулагч 12 хувь гэж төлдөг бол эргээд тэтгэвэр авахдаа 45-80 хувиар бодуулж авдаг, өөрөөр хэлбэл төлсөн шимтгэлээс 2-3 дахин ихээр бодуулж авдаг нь алдагдалтай байхад нөлөөлсөн.

Үргэлжлүүлэн тус хуулийн төслүүдийн дөрөвдөх хэлэлцүүлгийг хийж, төслийн заалт тус бүрээр санал хураалт явуулснаар хуулийн төслүүдийг бүхэлд нь баталлаа.

Дараа нь Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр нь батлах байнгын хорооны саналын томьёоллоор санал хурааснаар тогтоолын төслийг бүхэлд нь баталлаа. Үүгээр чуулганы хуралдааныг хаалаа.

17 : 20
2019-11-13

Ж.Энхбаяр: Юуг ЖДҮ гэж үздэг юм бэ?

энхбаяр

УИХ-ын чуулганы хуралдаанаар Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр нь баталлаа. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуусан юм.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг салгах бидний санал дэмжигдээд бие даасан сан хэвээр үлдэж байгаад баяртай байна. Гэхдээ сангийн хөрөнгө мөнгийг  мэдээлэлд ойр нэгэн нь эсвэл танил талаараа тэрбум тэрбумаар нь цөөн ААН авсан мэдээлэл нь нэгэнт ил болсон. Үүнийг яаж засах юм бэ. Энэ талаар Төсвийн байнгын хороо дээр ярьсан уу. Сангийн мөнгө зорилтод иргэнд очих асуудал л хамгийн чухал. Харамсалтай нь жирийн иргэн өндөр шалгуурыг нь давж сангаас зээл авч чадахгүй байгаа.Журамд өөрчлөлт орох уу. Жинхэнэ ЖДҮ-чдэд зээлийг олгох тал дээр УИХ, Засгийн газрын хяналт чухал байгаа шүү.

Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн:

Хуулийн хэрэгжилт дан ганц хуулиас бүрдэхгүй. Хууль нь муу гэж хэлэхгүй. Хариуцаж байгаа албан тушаалтнууд нь хуулийг яаж хэрэгжүүлж байна вэ гэдэг нь асуудлын гол байна гэдэг дүгнэлт хийгдсэн байна лээ.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

Засгийн газрын нийт 22 сан бий. ЖДҮ-ийг хөгжүүлэх сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хоёрын ялгааг хэлж өгөөч. Юуг ЖДҮ гэж үздэг юм бэ. Бичил зээлийн асуудлыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас эсвэл  ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас шийдэх юм уу. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн үүргийг хэлж өгөөч. Мөн Ч.Улаан сайд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн талаар мэдээлэл өгөөч. Ийм ийм шаардлага хангаж байж ЖДҮ-д орно гэж тайлбарлаж өгнө үү. Мал эрхлэлтийг дэмжих сан, Тариалан эрхлэлтийг дэмжих санг нэгтгэж ХАА-г дэмжих сан болгосон. Бодлогын хувьд зөв гэж харж байгаа.

Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн:

ЖДҮ-ийг хөгжүүлэх сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хоёулаа тусдаа яаманд харьяалагддаг. Хуулийн заалтынх нь тодорхойлолтыг би чээжээр хэлж мэдэхгүй байна. холбогдох яамны сайд нар нь тайлбарлаж өгөх байх.

ХНХ-ын сайд С.Чинзориг:

Засгийн газар энэ жил Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан шинэ бодлого хэрэгжүүлж байгаа. өмнөх жилүүдэд энэ сангийн мөнгийг бүрдүүлэхдээ гаднаас авч буй ажиллах хүчний төлбөрөөс бүрдүүлж ирсэн. Үүнийг өөрчилж улсын төсвөөс тодорхой хөрөнгө зарцуулах шаардлагатай гэж үзээд анх удаагаа төсөвт 40 тэрбум төгрөг олгохоор тусгасан. Өрхийн болон хувиараа мөн нөхөрлөлийн аж ахуй эрхэлж байгаа иргэдэд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжилт олгохоор хуульд заасан.

Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах саналыг байнгын хорооноос гаргасан тул хуулийн төслийг бүхэлд нь баталлаа.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

16 : 42
2019-11-13

“НДШ-ийг нэмэгдүүлж байгаа нь ОУВС-д өгсөн амлалт”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийн хүрээний мэдэгдлийн, 2021-2022 төсөөллийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Жилд тэтгэврийг 10000-20000 төгрөгөөр нэмэгдүүлж байхаар  ахиухан нэмэгдүүлэх бололцоо байна уу. Ядаж тэтгэврийн доод хэмжээ 320 мянган төгрөгийг ахиулах хэрэгтэй байна.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: 

-УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2020 оны улсын төсөв, төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөл, Засгийн газрын тусгай сангийн хууль дээр ажилласан. Бага тэтгэвэртэй хүмүүсийн тэтгэврийг нэмэгдүүлэх талаар ажиллаагүй. Зөвхөн зарим иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэх талаар ажилласан. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Тэтгэвэр нэмэгдсэнээр амьдрал өмнөхөөсөө дээшлэх үү. Төрийн албан хаагчдын цалин хэзээнээс нэмэгдэж байна. Тэр нь амьдрал ахуйд нь дэм болж байна уу. Зургаан сарын төсөөллөөр хийсэн үү, жилийн төсөөллөөр хийсэн үү. Сангийн сайд нь 1.3 их наяд төгрөгөөр төсвийн орлого тасарлаа гээд байдаг. Төсвийн байнгын хорооны дарга нь НДШ болохоо байлаа гэж байна. Амьдрал дээр бууж өгөхгүй байна. 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

 -Тэтгэвэр, цалинг улсын төсөвт 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс инфляцын түвшинтэй уялдуулж 8 хувиар нэмнэ. Төрийн үйлчилгээний албан хаагчдад удаан жилийн нэмэгдэл олгоно. Хувийн хэвшлийг дэмжих чиглэлээр олон чухал арга хэмжээ авахаар тусгасан. ЖДҮХС-г хэвээр байлгахаар дэмжсэн. 2020 оны хувьд ЖДҮХС-гийн эргэн төлөлтөөс 69 тэрбум төгрөг эргэж төвлөрнө гэж тооцсон.

Дараа нь Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Жолоочийн даатгалын тухай хуулийн зарим хэсэг заалт хүчингүй болсонд тооцох тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслүүдийг бүхэлд нь баталлаа.

Үргэлжлүүлэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Агаарын тухай хуулийн зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай, Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ойн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Дээрх хуулийн төслүүдтэй холбогдуулан гишүүд асуулт асуусан юм.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь:

Нийгмийн даатгалын сангийн орлого 2.2 их наяд төгрөг зарлага нь 2.5 их наяд буюу 300 тэрбум гаруй төгрөгийг хаанаас нөхөх вэ гэдэг асуудал байгаа юм.ялангуяа халамжид 756 тэрбум төгрөгийг зарцуулж хэт хавтгайруулсан халамж үзүүлж байна. Тиймээс бодлогынхоо өөрчлөлтийг хийхгүй бол 83 төрлийн халамжид 756 тэрбум төгрөгийг өгөх үү эсвэл хөгжлийнхөө бодлого руу чиглүүлэх үү гэдгийг бодох хэрэгтэй. Нийгмийн даатгалын шимтгэл нь ажил олгогч болон ажилтан нийлээд 24 хувийг төлөхөөр болж байгаа нь нөгөө талдаа өнөөдөр ажиллах хүчний оролцоо хангалтгүй байгаа. 889 мянган ажиллаж байгаа иргэдээс нийгмийн даатгалын шимтгэлийг бүрдүүлэх нь. Үүнээс 200 мянга нь төрийн албан хаагчид. Үндсэндээ 700 гаруй тэрбум төгрөгийг хувийн хэвшилд ажиллаж байгаа хүмүүс  бүрдүүлж өгч байна гэсэн үг. Гэтэл нийгэм даатгал төлж байгаа  иргэдийн мөнгө эргээд нийгмийн хөгжилдөө зарцуулагдахгүйгээр халамжид зориулагдаж байгаа нь гажуудал бий болгож байна. Энэ асуудлыг эргэж харах хэрэгтэй. Өнөөдөр ААН, ажилтан ангиудыг дарамталсан тогтолцоо үйлчлээд байна. ОУВС-ийн хөтөлбөрөөс үл хамаарч бодлогынхоо өөрчлөлтийг хийхгүй юм уу.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд нийгмийн даатгалын тогтолцоонд бий болгосон дүр төрх ийм л байдалтай байна. Н.Оюундарь гишүүн чухал асуудал хөндлөө. Өнөөдөр Монгол Улс 2.3 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж буцааж зарлага нь 2.5 их наяд төгрөг. Үндсэндээ төсвөөс 400 орчим тэрбум төгрөгийн татаас авч байгаа. Мөн улсын төсвөөс 756 тэрбум  төгрөгийг авч байгаа. Ажил хийх насны 10 хүний тав нь ажил хийдэг.  Гэтэл манай урд хөршид ажил хийх хүний 8.5 нь, ОХУ-д 10 хүний зургаа нь ажил хийдэг.  Манай ийм доогуур байгаа нь ажлын байрны олдоц мөн ажиллах хүчний оролцоо маш бага байгаагийнх. Цаашид ажлын байр олноор бий болгож тэр хэрээр даатгалын сангууд нь өргөжнө. ОУВС-д өгсөн амлалтаараа НДШ-ийг ингэж төлөвлөхөөс өөр аргагүй.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

Манай улс бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийгээ орхигдуулаад байгаа. Харилцаа холбооны том салбар бий. Энэ салбар сүүлийн таван жилийн хөрөнгө оруулалтыг нь аваад үзвэл 1.5 их наяд төгрөг, 700 тэрбум гаруй төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн ийм том салбар. Гэтэл Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн заалтад татварын дараах цэвэр ашгийн гурван хувьтай тэнцэх хэмжээний орлого бүрдүүлнэ гэсэн ийм заалт орсон. Харилцаа холбооны салбарт дижитал шилжилтийг явуулахад хувийн байгууллагуудынхаа сүлжээг ашигладаг. Төрд хамгийн их хувь нэмэр оруулж байгаа хувийн байгууллагууд 25 хувийнхаа татварыг төлчхөөд одоо дахиад цэвэр ашгаас нь гурван хувийн татвар авах нь зүйд нийцэх үү.Энэ дарамтыг хувийнхан маань дааж чадахгүй. Цэвэр ашгаас  татвар авна гэдэг нь хувийн өмчид нь халдаж байгаа хэрэг болно шүү. Төр хувийн хэвшлийн том салбаруудаа хайрлах хэрэгтэй.

15 : 51
2019-11-13

Ч.Хүрэлбаатар: 1.3 их наядаар дутсан төсөв баталж болохгүй

Чуулган (5)

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.11.13/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга танилцуулсны дараагаар гишүүд горимын санал гаргав. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "2020 оны төсвийн гуравдахь хэлэлцүүлгийг хийхээс өмнө  АМНАТ-ийн асуудлыг хэлэлцэх шаардлагатай. Засгийн газар өнөөдөр хуралдсан. Өмнөх байр суурь дээрээ байгаа. Олон улсад байдаг ном журмынх нь дагуу АМНАТ-ийг авдаг байх ёстой гэдэг зарчмыг Засгийн газар барьж байгаа. Төсөв батлахаас өмнө орлого талаа тодорхой болгохгүй бол 1.3 их наяд төгрөгийн орлогын алдагдалтай төсөв баталж болохгүй  тул хэлэлцэх асуудлын эхэнд оруулж өгнө үү гэсэн горимын санал гаргаж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү "НДШ ирэх онд нэмэгдлээ гэж олон нийт бухимдаж байна. Малчдын насыг урагшлуулж, тэтгэвэр гаргадаг болсонтой холбоотой НДШ нэмж байна гэсэн янз бүрийн л таамаг байгаа.  Ард түмэнд зөв ойлголт өгөх хэрэгтэй. Үндсэн хуулийн асуудлаа эхэлж хэлэлцээд энэ хооронд НДШ-тэй холбоотой Ажил олгогч эздийн холбоо, МҮЭХ-той хамтарч гурвалсан уулзалт хийх шаардлагатай байна гэхэд нь УИХ-ын дарга Г.Занданшатар АМНАТ-өөр  МАН-ын бүлгээс завсарлага авсан.  Завсарлагын хугацаа дууссанаа мэдэгдээгүй. Ажлын хэсэг санал, дүгнэлт ирүүлнэ гэсэн. Засгийн газрын сайд нар чуулганы хуралдаанд орж ирж хэрэлдээд байхгүй, нэгдсэн байр сууриа бичгээр илэрхийлдэг баймаар байна" гэсэн тайлбарыг өглөө.

Үүгээр хэлэлцэх асуудлын дараалалд орлоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж