Зам засварын ажил дуусч байна уу

Хуучирсан мэдээ: 2010.07.27-нд нийтлэгдсэн

Зам засварын ажил дуусч байна уу

Зам нь там болсон нийслэлчүүд энэ жилээс дардан засмалаар бардамхан алхаж болох нь. Хэд хэдэн энхэл донхолтой замыг засч, зарим үед түгжрэл үүсдэг хэсгийн замыг өргөсгөж байна. Юутай ч 57 гудамж, зам талбайд урсгал засвар хийх төлөвлөгөө байдаг ба замын сангаас 6.5 тэрбум төгрөг төсөвлөсөн.

Тухайлбал,  яг одоо Самбуугийн гу­дамж буюу “Тэнгис” кинотеатрын урд талын  замыг өмнө нь байснаас  1,5-2 метрээр өргөсгөж, засварлан шинэч­лэх ажлыг “Экспресс зам” компани гүй­цэтгэж байна. Замаас гадна ногоон бай­гууламж, цахилгааны утсыг  шинэчлэх бо­лон хашлага хийх зэрэг тохижилтын ажлыг дээрх компани гүйцэтгэх гэнэ. Уг зам 900 метр урттай. Одоогийн байдлаар замын хажуугийн төмөр болон бетонон бүх хашлагыг буулгаж, зам өргөсгөх газарт суурь дэвсэх бэлтгэл ажлаа хийж байна. Эл зам хөл хөдөлгөөн ихтэйн дээр зам засварын ажил эхэлсэн нь ёстой л толгой эргэмээр бужигнаантай болгожээ. Ялангуяа “Тэнгис”-ийн  дуу чимээтэй зам засч буй техникийн дуу чимээ давхцаад дэргэдүүр нь өнгөрөхөд л ядармаар. Агаарын температур 38 градусыг зааж, бүгчим халуун үед зам түгжирч ядаж яваа хүмүүст  тэр их дуу чимээ  төвөг учруулж байгаа нь харваас илт байлаа. Төлөвлөгөө ёсоор бол есдүгээр сарын 1 гэхэд зам засварын ажлыг дуусгаж, хүлээлгэн өгнө гэдгийг гүйцэтгэгч компанийн захирал Э.Ганзориг хэлж байсан юм. Тэгэхээр “Тэнгис” орчимд байдал иймэрхүү байгааг уншигчдадаа дуулгахад илүүдэх юун. Харин ногоон байгууламж болон бусад ажлуудыг ирэх жил үргэлжлүүлэх аж. Хугацаа давчуу байгаа тул эдгээр ажлуудыг энэ жил амжуулах боломжгүй ажээ.

Нийслэлчүүдийн хувьд хамгийн их зорчдог замын нэг нь Баянбүрдийн зам. Бас чиг дуулиантай. Авто замын анхны хувийн компаниудын нэг “Заабар” эндхийн замыг засварлах тендерт ялж өнгөрсөн жилийн наймдугаар сараас засварын ажлыг эхлүүлсэн. Гэвч засварын ажил хойшлон энэ жил үргэлжлүүлж дуусгажээ. Баянбүрдийн замыг Японы буцалтгүй тусламжийн хөрөнгөөр засварласан ба нийтдээ 766 сая орчим төгрөг зарцуулсан байна. Хуучин замыг нь нөхөж, хоёр тийш тус бүр гурван метр өргөсгөөд, 10 см бүхий хоёр асфальт хучилт хийсэн байна. Гэрэлтүүлгийн ажлаа дуусгаад, ирэх сарын эхээр улсын комисст хүлээлгэн өгөх ажээ.

Зам засварын ажил хугацаандаа хийгдээгүйн учрыг тус компанийн ерөнхий инженерээс тодруулахад,

-Энэ замын тендерийг зарлахад зураг төслийх нь ажил хийгдээгүй байсан. Биднийг ажлаа эхлүүлэх болоход замын хажуугаар явсан кабелийн утсыг шилжүүлэх ямар ч зураг төсөл байхгүй байсны улмаас ажил эхэлж чадаагүй, хойшилсон нь манай компаниас шалтгаалаагүй. Мөн “Одкон” компани дулааны шугам татах гээд замын өргөсөх хэсэгт нүх ухаж, шороо овоолсон нь садаа болсон. Энэ зун бороо хур их байсан нь зам засварын ажлыг жаахан удаашруулсан. Гэхдээ бид замаа засч дууссан, удахгүй хүлээлгэж өгнө гэв.

Цаашид улирлын байдлаас үүдэн  эвдрэл гэмтэл гарвал  тухай бүрт нь чанартай засч чадвал дээрх зам 12 жилийн хугацаанд асуудалгүй гэнэ. Баянбүрдийн орчим цэвдэгтэй байдаг тул хавар, намрын улиралд гэмтэж болзошгүй аж. Улирлын байдлаас замд үүссэн хялгасан хагарлыг гагнаж, даруй засвар үйлчилгээ хийж байж дээрх хугацаанд хүрэх гэнэ. Улсын комисс хүлээж авснаас хойш бол уг  замыг  нийслэлийн Авто замын газар хариуцаж байх юм байна.

Замын компаниудад энэ зун тул­гамд­сан асуудал бол битум буюу олны хэлдгээр “замын хар”-ын үнэ нэмэгд­сэн явдал гэнэ. ОХУ-аас татдаг уг материалын үнэ тонн нь 420 ам.доллар байснаа 600 болон өссөн нь багагүй асуудал үүсгэжээ. Нэг км авто замын дундаж өртөг 237-265 орчим сая төгрөгийн хооронд хэлбэлздэг байсан бол одоо 320-380 сая төгрөгөөр нэг км авто зам тавьж байгаа гэнэ. Ин­женерүүдтэй уулзахад, манайхан хөдөө тавьж буй замынхаа хийцийг өөрчлөх хэрэгтэй байгаа талаар ярьж байлаа. Учир нь хуучин цагт таван тоннын даацтай “Самосвал”, эсвэл 10-12 тн-ын даацтай машинууд явдаг байсан бол өдгөө 60-100 тн-ын даацтай машин техникүүд хөдөөгийн замаар зорчих болжээ. Тиймээс хуучин технологиор тавьсан 55 см-ын зузаантай авто замын эдэлгээнд маш сөрөг нөлөө үзүүлдэг аж. 

Замын цагдаагийн газраас авсан мэдээллээр, одоогийн байдлаар Сам­буугийн гудамжны авто замыг өргөтгөх, шинэчлэлтийн ажлаас гадна

-Гурвалжингийн гүүр болон хойд хэсгийн замын шинэчлэлийн ажил,
-Төмөр замын соёлын ордноос Баруун дөрвөн замын уулзварын баруун талын зам хүртэлх 0,6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил
-Баруун дөрвөн замаас Баянбүрдийн тойрог хүртэлх 2,2 км авто замын шинэчлэлтийн гэх мэт 10 гаруй газар зам засварын ажил гүйцэтгэж байна.

Б.БЯМБАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж