&#34Засгийн газар хүлээсэн үүргээ ухамсарлаж байгаа&#34

Хуучирсан мэдээ: 2015.09.16-нд нийтлэгдсэн

&#34Засгийн газар хүлээсэн үүргээ ухамсарлаж байгаа&#34

УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхантай цалин нэмэгдүүлэх тухай асуудлаар тодрууллаа.

 

-МҮЭХ цалин нэмэхийг шаардаж жагслаа. Та салбарын сайдын хувьд манай Засгийн газарт цалин нэмэх боломж байна гэж үзэж байна вэ?

 

-Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрээр Засгийн газар болон нийгмийн зөвшлийн талуудын тохирсон зүйлүүд болон хүлээсэн үүргүүд бий. Засгийн газар хэлэлцээрээр хүлээсэн үүргээ ухамсарлаж байгаа. Нөхцөл байдлыг даван туулах арга зам, гарцыг эрэлхийлж байгаа. Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг нэмэгдүүлж, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх тухай заалт хэлэлцээрт бий. Энэ асуудлыг ойрын хугацаанд Засгийн газраар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Мөн хэлэлцээрийн дагуу өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс эхлэн үе шаттайгаар цалин нэмэгдүүлэхээр тохиролцсон байсан. Үйлдвэрчний эвлэлээс үүнийг дахин дахин шаардаж байгаа. Гэвч эдийн засгийн одоогийн энэ нөхцөлд хэлэлцээрт оролцсон талууд эргээд дүгнэлт хийж, тал талдаа ашигтай биш юм гэхэд алдагдал багатайгаар хэрхэн даван туулах вэ гэдгээ ойлголцох ёстой. Бидний дараагийн хуралдаан, зөвшилцөл, уулзалт энэ чиглэлд байх нь зүйтэй гэж бодож байна.

 

-Тэгвэл одоогийн байдлаар цалин нэмэх боломжгүй гэсэн үг үү?

 

-Засгийн газрын өчигдрийн /уржигдар/ хуралдаанд Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны шаардлага болон Хөдөлмөрийн яамны байр суурийг танилцуулж, Ерөнхий сайд, Сангийн сайдтай зөвлөлдсөн. Эдийн засгийн чадавх үнэхээр хүнд, бараг боломжгүй гэж хэлэхэд хилсдэхгүй гэж болно. Үүнээс ч хүндрэх эрсдлийг тооцох хэрэгтэй. Төсвийн тодотголоор төрийн албан хаагчдын цалинг тодорхой хувиар бууруулах асуудал яригдах хэмжээнд байгаа ч хөдөлмөрийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний хувьд “Тийм зүйл байж болохгүй, эдийн засгаа агшааж болно, төсвийн тодотгол хийж танаж болно, гэхдээ цалинг өнөөгийн төвшингээс бууруулж болохгүй” гэсэн хатуу байр суурьтай байна. Манай яамнаас төрийн албан хаагчдын цалинг албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг 10 орчим хувиар нэмэгдүүлэх эсвэл 10 хувиар нэмэгдүүлсэнтэй тэнцэх нэг ижил мөнгөн дүнгээр нэмэгдүүлэх, тодорхой төвшнөөс доогуур цалинтай ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх гэсэн хувилбаруудаар тооцоо хийж, Сангийн яамнаас санал авахаар хүргүүлээд байна.

 

-Улсын эдийн засаг хүнд байгааг та ярилаа. Нөгөө талаар ажлын байрыг хадгалж үлдэх асуудал чухал байна шүү дээ?

 

-Эдийн засгийн хямралаас шалтгаалан зарим компани хаалгаа барьж, ажлын байраа цомхотгож байна. Ийм нөхцөлд энгийнээр хэлэхэд, төрөөс хувийн хэвшлийнхэнд дарамт бага үзүүлэх ёстой. Нөгөө талаар манай яам ч үйл ажиллагаагаа эрчимжүүлэх ёстой. Хөдөлмөрийн яамнаас орон нутгийн Хөдөлмөрийн хэлтсүүдээр дамжуулан ажлын байр бий болгох болон хадгалах зорилгоор хөдөлмөр эрхлэлтийн хэд, хэдэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэх шатандаа явж байгаа. Үүнийг идэвхжүүлнэ. Хэд, хэдэн хууль болон бодлогын бичиг баримтыг УИХ-д өргөн барина. Энэ долоо хоногт Хөдөлмөрийн яам 100 хоногт хийх ажлаа төлөвлөж, үүнийгээ олон нийтэд танилцуулна.

 

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж