Орон сууцны хөнгөлөлт эдлэхийн тулд төлбөрийн баримт бүрдүүлэх ёстой

Хуучирсан мэдээ: 2019.11.13-нд нийтлэгдсэн

Орон сууцны хөнгөлөлт эдлэхийн тулд төлбөрийн баримт бүрдүүлэх ёстой

Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах газрын татварын улсын байцаагч Н.Жаргалцэцэгээс цахим төлбөрийн баримт, НӨАТ-ын хоёр хувийн урамшуулал, мөн анх удаа орон сууц худалдан авсан иргэн зургаан сая төгрөгийн буцаан олголт авах боломж зэрэг  асуудлаар дараах тодруулгыг хийлээ.


-Жилийн найм болон 18 хувийн хүүтэй зээлээр орон сууц худалдан авсан иргэд хөнгөлөлтөд хамрагдаж зургаан сая төгрөгийн буцаан олголт авах боломжтой тухай яригдаж байгаа. Энэ тухай мэдээлэл өгөөч?

-Арилжааны банкаар дамжуулан зээлээр орон сууц анх удаа худалдан авсан л бол найм, 18 хувийн хүүтэй гэж харгалзахгүйгээр орон сууцны хөнгөлөлт эдэлж, зургаан сая төгрөгийн буцаан олголт авч болно. Гэхдээ 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Татварын багц хуулиар 2020 оны нэгдүгээр сарын 1-ны өдрөөс орон сууцны гэрчилгээ нь гарсан тохиолдолд буцаан олголтын зургаан сая төгрөг авах боломж нь бүрдэнэ. Харин 2019 онд орон сууцных нь гэрчилгээ гарсан бол орон сууцны хөнгөлөлтийн зургаан сая төгрөгийн буцаан олголтыг авах боломжгүй гэж ирэх оноос хэрэгжих хуульд журамласан. Өөрөөр хэлбэл, 2020 онд 2019 оны буцаан олголтоо авч байгаа болохоор хуучнаараа 3 сая төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ гэж ойлгох хэрэгтэй.

-Жилийн найман хувийн хүүтэй зээл авсан иргэд хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх боломжтой юу?

– Боломжтой. Иргэд өөрийн хөрөнгөөр эсвэл арилжааны банкнаас зээлээр орон сууц, хашаа байшин худалдан авахад ХХОАТ-ын тухай хуулиар татварын хөнгөлөлт эдэлж болно. Орон сууцны хөнгөлөлтөд хамрагдах иргэд маань тухайн орон сууцыг борлуулсан аж ахуйн нэгжээс заавал төлбөрийн баримт /и-баримт/ авсан байх ёстой.

Орон сууц борлуулсан аж ахуйн нэгж, иргэн нь Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгэгдсэн тохиолдолд олгосон төлбөрийн баримтад  хоёр хувийн буцаан олголт буюу урамшуулал тооцогдоно. Хэрэв өөрөө орон сууцаа барьж ашиглалтад оруулсан бол тухайн орон сууцыг барьсан бараа материалаа худалдаж авахад төлсөн төлбөрийн баримтуудаа /и-баримт/ заавал авах ёстой ба энэхүү төлбөрийн баримт нь НӨАТ-ын тухай хуулийн урамшуулал болох сугалаанд хамрагдах мөн хоёр хувийн буцаан олголт авах боломжтой болно гэсэн үг.

НӨАТ-ын тухай хуулиар 2 хувийн урамшуулал болох буцаан олголт нь тухайн бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн бизнес эрхлэгч нь нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч тохиолдолд  хоёр хувийн урамшуулал тооцогддог болно.

-Тэгэхээр орон сууцны зээлд хамрагдсан иргэд НӨАТ-ын  хоёр хувийн урамшуулалд хамрагдаж урамшуулах авах боломжтой гэсэн үг үү?

– Орон сууцыг худалдан авахдаа арилжааны банкаар дамжуулан зээлээр авсан тохиолдолд төлбөрийн баримтыг бараа буюу орон сууцыг худалдан борлуулсан Аж ахуйн нэгж нь олгоно. Тиймээс орон сууц худалдаж авахад төлсөн төлбөрийн баримт нь хоёр хувийн урамшуулалд тооцогдоно. Иймд төлбөрийн баримтыг бизнес эрхлэгч, хуулийн этгээд заавал олгох ёстой. Арилжааны банканд орж буй хүүгийн орлого нь Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгддөг. Харин хоёр хувийн урамшуулал тооцогдохгүй.

-Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх, хөнгөлөлт эдлэхэд тодорхой баримт материал бүрдүүлдэг, татварын албад ялгаатай баримт шаарддаг. Энэ асуудлыг хэрхэн шийдэх боломжтой вэ?

-Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар иргэд орон сууц, сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэхэд бүрдүүлэх баримтын жагсаалтыг “Хувь хүний орлогыг чөлөөлөх, албан татварын хөнгөлөлт эдлүүлэх” журамд тодорхой тусгасан. Ингэснээр иргэд болон татварын албадын хооронд ялгаатай баримт бүрдүүлдэг гэсэн маргаан байхгүй болно. Иргэд хөнгөлөлтөд хамрагдахад бүрдүүлэх материал дээр төрийн байгууллагаас авдаг мэдээллийг “Хур” системээс гаргуулан авна, тиймээс иргэнээс бүрдүүлэх материалын жагсаалтад цаасаар бүрдүүлэх бичиг баримт багассан. Харин иргэнд зөвхөн өөрт нь байх жишээ нь: орон сууцыг зээлээр худалдан авсан бол зээлийн гэрээ гэх мэт баримт материалыг цаасаар хүлээн авч хөнгөлөлтөд хамруулна. Орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдах иргэдийн хувьд төлбөр төлснийг нотлох цахим төлбөрийн баримт /И-баримт/ заавал байх ёстой.

-Татварын багц хуулиар ирэх оноос эхлэн НӨАТ-ын урамшууллыг улирал тутамд олгохоор болсон. Үүнтэй холбоотой төлбөрийн баримттай холбоотой  өөрчлөлт орсон болов уу?

Төлбөрийн баримт олголтод ямар нэгэн өөрчлөлт ороогүй. НӨАТ-ын урамшууллыг 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс  улирал тутамд олгоно. Тухайлбал, нэгдүгээр сарын 1-ны өдрөөс  гуравдугаар сарын 31-ны хооронд бараа бүтээгдэхүүн худалдан авахад төлсөн төлбөрийн баримтын урамшууллыг дараа сарын 20-ны дотор олгоно. Төлбөрийн баримт бүртгүүлэхэд интернетийн орчин шаардлага байхгүй.

-НӨАТ-ын баримттай холбоотой асуудлаар иргэдээс ихэвчлэн ямар гомдол, саналыг ирүүлдэг вэ?

Иргэдийн хувьд ихэвчлэн төлбөрийн баримт олгодоггүй, төлбөрийн баримт олгохдоо үнийн дүн зөрүүтэй олгодог гэх гомдол мэдээллийг ирүүлдэг. Төлбөрийн баримт олгох хэрэгсэл нь байгаа боловч үнийн дүн зөрүүтэй олгох, төлбөрийн баримт олгохгүй байх нь зөрчил юм. Ийм тохиолдолд иргэд харьяа дүүргийн татварын хэлтэс болон 1800-1288 дугаарын утсанд хандаж гомдлоо гаргаснаар татварын алба тухайн гомдлыг барагдуулж, хариуцлага тооцож байна. Ингэснээр иргэдэд төлбөрийн баримтыг нь нөхөн олгож байгаа юм.  Мөн тухайн аж ахуйн нэгж, хуулийн этгээдийг төлбөрийн баримт олгохгүй байгаа татвар төлөгчийн гомдлыг гар утасныхаа аппликейшнээр /ebarimt/ мэдээлж болно.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж