Энэ жилийн халуун 2004, 2007 оныхыг гүйцээгүй

Хуучирсан мэдээ: 2010.07.27-нд нийтлэгдсэн

Энэ жилийн халуун 2004, 2007 оныхыг гүйцээгүй

Манай орны хувьд сүүлийн 20 жилд агаарын дундаж температур 3-4 хэмээр нэмэгдсэн гэсэн таагүй мэдээг цаг уурчид хэлж байна. Харин энэ жилийн тухайд зарим газраар нар, хураа тэгш хайрлаж байгаа хэдий ч хур тунадас бага орсноос болж зуншлага муу, малын тарга хүч тааруу байгааг  зургаа, долдугаар сард цаг агаар хэт халж байгаатай холбон тайлбарлаж байна.Сүүлийн өдрүүдэд хэт халалт үргэлжилж,  халууны хэм 40 давсан. Гэхдээ холбогдох мэргэжилтнүүд энэ жилийн халалтыг тийм ч халуунд тооцохгүй байгаа бөгөөд сүүлийн 70 жилийн хугацаанд хамгийн өндөр халалттай жилээр 2007, 2004 оныг нэрлэж байна. Энэ талаар Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгийн мэргэжилтэн, цаг уурч Ч.Сарантуяагаас тодруулж асуулаа.

-Сүүлийн өдрүүдэд болж буй хэт халалт цаашид хэдий хугацаанд үргэлжлэх вэ?

-Долдугаар сар бол манай орны хувьд хур тунадасны 70 гаруй хувь нь ордог сар юм. Жилийн үнэмлэхүй хур тунадас ихэнхдээ энэ сард ордог гэж хэлж болох юм. Долдугаар сарын 18-наас хойш манай орны ихэнх нутгаар халсан. Түүнээс хойш хур бороо тааруу байлаа. Ялангуяа нутгийн төв, зүүн, говийн хэсгээр харьцангуй халж, бүр 7-8 хоногоор халалт үргэлжилж байна. Бороо хур ч гэсэн энэ нутгуудаар бага орсон. Харин баруун аймгуудын нутаг ялангуяа Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Увс, Завхан аймгаар түр зуурын дуу цахилгаантай бороо орж байгаа болохоор газрын чийгээ дагаад халалт харьцангуй гайгүй байгаа. Тэгэхээр энэ сарын тухайд урьд өмнөх жилүүдтэй харьцуулахад халалтын үнэмлэхүй  хэмжээг  эвдээгүй. Зөвхөн говийн нутаг тэр дундаа Дорноговь, Дундговь аймгийн зүүн тал, Өмнөговь аймгийн өмнөд хэсгээр 40-43 хэм хүртэл халсан байгаа. Сүүлийн 60, 70 жилийн цаг агаарын байдлаас харахад  2000, 2001, 2004, 2005, 2007 онд хамгийн үнэмлэхүй өндөр халсан байдаг. 2007 онд сүүлийн 70 жилд үзэгдээгүй үнэмлэхүй өндөр халалттай, агаарын температур дулаарсан жил байсан. Харин энэ жилийн долдугаар  сар бол их халлаа гэхэд говийн нутгаар тэр хэмжээнд дөхөж очсон. Хэт халалтын хоногийн давтамж ойрхон байгаагаас бороо хур нутгийн төв хэсэг, зүүн аймгуудын нутгаар тааруухан байна. Эдгээр газруудад ургамлын ургалт, гарц тааруу байгаа нь эргээд халалт өндөр байхад нөлөөлж байгаа. Мөн 30 градусаас давж хална гэдэг малын тарга тэвээрэгт ч сөргөөр нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Энэ оны зургаа, долдугаар сард баруун зүгийн нутгаар 5-6 хоногийн турш 30 градусаас дээш халсан байхад, говийн болон зүүн аймгуудын нутгаар 22-32 хоногийн турш тэр хэмжээнд хүрч халсан байна. Гэхдээ энэ жилийн хувьд 2004, 2007 оны хэт халалтын хэмжээг гүйцээгүй. Тэр үед говь, талын зарим нутгаар 47 хэм хүрч байсан. Энэ сарыг дуустал бороо хур зүүн аймгууд болон говийн нутгаар орох төлөв харагдахгүй л байна.

-Ирэх долоо хоногийн цаг агаарын төлөв байдал ямархуу байгаа вэ?

-Ерөнхийдөө ирэх долоо хоногт нутгийн хойд хэсгээр харьцангуй сэрүүвтэр, түр зуурын бороотой. Харин говь, талын нутаг ялангуяа Дорнод Монголын тал нутгаар халуун хоёроос гурав хоног үргэлжилнэ. Сарын сүүлчийн хоног буюу 30, 31-нд дийлэнх нутгаар сэрүүвтэр болно. 27, 28-нд нутгийн баруун хэсгээр, 29-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орно. 29-нөөс эхлээд нийт нутгаар сэрүүсч эхэлнэ.

-Наймдугаар сар бол манай орны хувьд газар тариалан, хадлан тэжээл бэлтгэх гэхчилэн хөдөө аж ахуйн салбарт ажил ид ундардаг цаг үе. Энэ үеэр цаг агаар ямар байх бол?

-Наймдугаар сарын ерөнхий төлөв бол ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан. Хур тунадас нутгийн баруун хэсгээр дундаж хэмжээний , Алтай, Хангайн  нуруу зэрэг уулархаг газраар олон жилийн дунджаас бага зэрэг ахиу хур тунадас орно. Харин говийн нутгаар хур тунадас харьцангуй бага унах төлөвтэй байгаа. Наймдугаар сар намрын эхэн сар учраас сарын дундаас эхлэн сэрүүсч, сүүлийн арав хоногт уулархаг нутгаар хөрсөн дээр хасах хэм хүрч, цочир хүйтрэх нөхцөл бүрдэж болзошгүй байна. Тиймээс одооноос газар тариалан эрхлэгчид анхаарах нь чухал.

-Нийслэлийн зарим иргэд тасалгааны температур заагч сүүлийн өдрүүдэд 50 градус давсан гэж батлаад байгаа. Энэ мэдээлэлд мэргэжлийн хүний үүднээс ямар тайлбар өгөх вэ?

-Иргэд бол янз бүрээр л ярьж байгаа. Олон улсын хэмжээнд цаг уурын байгууллага сүлжээгээр нэг стандарт хэрэглэдэг. Тийм учраас цаанаас зохицуулсан стандарт хангасан термометр буюу халуун, хүйтнийг хэмжих багажийг суурилуулан тогтмол хэмжилт явуулдаг. Харин хувь хүмүүс, албан байгууллагууд  гаднаас ямар ч баталгаагүй, янз бүрийн  хэмжих термометр оруулж ирчихээд нарны тусгалын дагуух цонхны дэргэд эсвэл байшингийнхаа орой дээр зоочихоор тэр хэмжээнд хүрэлгүй яахав. Газар нутаг гэдэг чинь өөр өөр болохоор янз бүрээр заана. Сүүдэртэй газар нэг өөр, нартай талд бас өөр, их халалттай цонхон дээр нэг өөр заах жишээтэй. Хүмүүс манайд 40 градус хүрчихээд байхад цаг уураас 32 градус гэж худал мэдээлээд байна гэх мэтчилэн ярьдаг. Тэр бол хувь хүмүүсийн өөрсдийнх  нь асуудал. Бид  дэлхий нийтээр мөрддөг стандартын термометрээр хэмжилтээ хийж, хэдэн хэм хүрэх, хаана ямар хэмжээгээр халсан, хөрсөн талаар олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Стандартаар цаг уурын талбайг цаанаас нь олон талаас нь судалж, шинжилж байж сонгож авдаг. Дурын талбайг сонгоно гэж байхгүй. Манай цаг уурын мэдээллээр зургаа, долдугаар сард 50 хэм хүртэл халсан газар нутаг байхгүй. Хамгийн дээд тал нь долдугаар сард Дундговийн зүүн тал, Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд 42 хэм, Замын-Үүдэд 40 хэм, Хөвсгөлд 42 хэм, Сайншандад 41 хэм, Баянхонгор аймгийн Эхийн голд 42 хэм, Өндөрхаанд 41 хэм, тус аймгийн Баян-Овоо суманд 40 хэм хүртэл хамгийн үнэмлэхүй өндөр халсан гэсэн мэдээлэл ирсэн. Цонхны тавцан дээр тохируулга байхгүй янз бүрийн зориулалттай гаднаас оруулж ирсэн термометр тавих юм бол 60 хэм хүрэхийг ч үгүйсгэх аргагүй.

-Цаг агаарын мэдээллээ хэрхэн боловсруулдаг вэ?

-Орон нутаг бүхэнд байгаа цаг уурын харуул, станцаас ирсэн мэдээллээ аймгийн төвд мэдээлж, тэндээс төв байгууллага болох Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнд тогтмол цагаар шууд дамжуулан мэдээлж, түүнийг нь мэргэжилтнүүд боловсруулан цаг агаарын төлөв байдлыг урьдчилан мэдээлдэг. Дэлхий нийтээр нэг ижил стандарт, заалтаар харьцуулалт хийж, шинжилгээ судалгаа хийдэг.

-Хэмжих багаж, техникийн хувьд хаанаас оруулж ирсэн байдаг вэ?

-1990-ээд оноос өмнө бүх багажаа Оросоос нийлүүлдэг байсан. Харин одоо бол өдөр тутмын хэрэглэдэг термометрээ хятад улсаас оруулж ирэн орон нутагт ашиглаж байгаа. Олон улстай мэдээллээ солилцдог болохоор тоног төхөөрөмжийн тухайд нэг их хоцрогдоогүй.

-Урьдчилаад гаргасан төлөв байдлын мэдээ, бодит байдал хоёрын хооронд хэр их зөрүүтэй байдаг вэ?

-Цаг уурын мэдээлэл гэдэг бол хугацаагаар өөрчлөгддөг. Агаар мандлын өөрчлөлт асар богино хугацаанд,  сар өдрөөр  байтугай минут секундээр явагдаж байдаг. Тухайлбал аянга цахилгаан, мөндөртэй, аадар борооны үүл гэхэд Ардарын мэдээлэлд 5-7 минут хүрэхгүй хугацаанд орж ирдэг. Маш богинохон хугацаанд хамгийн дээд талын диаметр нь 50 метр ч хүрэхгүй жижигхэн газар нутгийг хамарсан, маш зузаан хур тунадас, мөндөр ордог зэргээс шалтгаалаад цаг уурын мэдээлэл бодит байдал дээр зөрөх байдал  гарна л даа. Ямар ч байсан цаг уурын мэдээг 100 хувь зөрүүгүй мэдээлдэг улс орон  дэлхийн хаана ч байхгүй. Манай улсын хувьд 70 хувийн магадлалтай мэдээлэхэд  боломжийн  гэж үздэг. Гэхдээ хугацаа ойртох тусам магадлал өндөр, хугацаа холдох тусам магадлал холддог. Богино хугацааны прогноз буюу өнөөдөр, маргаашийн урьдчилсан мэдээлэл 90 хувийн магадлалтай байдаг. Долоо хоног, сар, жилийн мэдээлэл гаргахад хугацаанаас шалтгаалаад магадлал буурдаг тал бий.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж