Буяны зан үйл үйлддэг зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй компаниуд нийслэлийн 574 га талбайд оршуулгын үйл ажиллагааг үйлддэг байна. Үүн дотроо 380 гаруй га талбай нь зөвшөөрөлтэй бол үлдсэн хувь нь зөвшөөрөлгүйгээр оршуулгын зан үйл хийжээ. Энэ нь буяны зан үйлийн үйлчилгээ эрхлэхэд хууль эрх зүйн зохицуулалт байдаггүйгээс зөвшөөрөлгүй оршуулгын газрын талбай нэмэгдэхэд ч нөлөөлөх болсон байна. Тулгамдаж буй эл асуудлыг өнөөдөр /2019.11.13/ тус салбарын мэргэжилтнүүд хөндөж, нэгдсэн хууль эрх зүйн орчинтой болох талаар Хангарди ордонд хэлэлцэж байна.
АЛБАН ЁСНЫ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ НАЙМАН КОМПАНИ БИЙ
Буяны зан үйлийн холбооны гүйцэтгэх захирал Б.Отгонбаяр “Улаанбаатар хотын хэмжээнд нийтдээ 20 гаруй зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй оршуулгын газар үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс албан ёсны зөвшөөрөлтэй найман газар бий. Бусад 10 гаруй газрууд зөвшөөрөлгүй гэсэн үг. Сүүлийн жилүүдэд иргэд өөрсдөө дур мэдэн буяны зан үйл үйлдэх байдал элбэг болоод байна. Тиймээс “Буяны зан үйлийн холбоо” төрийн бус байгууллага, нийслэлийн Захирагчийн ажлын албатай хамтран анхдугаар хурлыг зохион байгуулж байна. Уг хурлаар зөвшөөрөлгүй оршуулгын газруудаас гадна газар эдэлбэр, хуучин оршуулгын асуудлыг хэрхэн яаж цэгцлэх вэ гэх мэт асуудлыг хэлэлцэж байна. Өнгөрсөн 2018 онд Далан давхар оршуулгын газрын 1.5 га талбайд газар чөлөөлөлт хийж, цахилгааны дэд станцыг барьсан. Энэ ажлыг “Улаанбаатар буян” компани болон “Суварга буян” компани хамтарч, газар чөлөөлөлтийг хийсэн. Цаашдаа нийслэлийн хэмжээнд буяны үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн байгууллагууд хуучин оршуулгын газруудыг цэгцлэх бодлогын хэмжээний асуудлыг ярих байх” гэсэн юм.
ЧАНДАРЛАХ ЗАН ҮЙЛЭЭР ОРШУУЛАХ АЖИЛЛАГАА ЭРС БУУРЧЭЭ
Нийслэлийн хэмжээнд “Улаанбаатар буян” компани гэх ганцхан компани хотын баруун, зүүн талд байрлаж, чандарлах үйлийг үйлддэг байна. Сүүлийн жилүүдэд чандарлах үйл ажиллагааг статистик үзүүлэлтээс харахад эрс буурсан үзүүлэлт гарчээ. Өнгөрсөн 2013 оны чандарлах үйл ажиллагааны статистикаар нийт нас барагсдын 40 хувийг чандарлах зан үйлээр оршуулдаг байсан бол 2019 оны байдлаар 21 хувь хүртлээ буурсан. Үүнд оршуулгын үйлчилгээ үзүүлж буй компаниудын хандлага, шашны байгууллагуудын нөлөөлөл их байдгийг мэргэжилтнүүд хэлж байв.
“Суварга буян” компанийн гүйцэтгэх захирал Г.Бямбадорж “Өнөөдөр тулгамдаж буй асуудал гэвэл хууль эрх зүйн орчин байхгүйгээс хувь хүмүүс ч буяны зан үйл үйлдэх болсон. Тиймээс манай салбарт нэгдсэн стандарт шаардлагатай байна. Манай компанийн хувьд Налайх дүүргийн гуравдугаар хороонд Бага баян гэдэг газарт албан ёсны зөвшөөрөлтэй. Үнэ өртгийн хувьд олон компани байгаа учраас харьцангуй дундаж ханштай байдаг. Хайрцаг, хөшөө, багц үйлчилгээнээсээ хамаараад 500,000-1.3 сая төгрөг орчим төгрөгийн үнэтэй. Зарим компанийн хувьд 2.5-15 сая төгрөг хүртэлх үнэтэй байдаг гэдгийг үгүйсгэхгүй байна. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 86 дугаар журамд “Талийгаачийг далд оршуулах талбайг 10 метр.кв-аас хэтрэхгүй” гэж заасан байдаг” гэв.
“МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД ОРШУУЛГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛСАН ХУУЛЬ БАЙХГҮЙ”
Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга С. Аригуун Монгол Улсын оршуулгын зан үйл, эрх зүйн орчны өнөөгийн байдлын талаар мэдээлэхдээ “Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулахтай холбоотой хууль эрх зүйн зохицуулалт Монгол Улсын хувьд харьцангуй сул байгаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хэмжээнд оршуулгын үйл ажиллагааг хэрхэн яаж зохион байгуулах вэ гэдэг нэгдсэн хууль эрх зүйн зохицуулалт байхгүй гэж ойлгож болно. Тиймээс нийслэлийн Захирагчийн ажлын албанаас 2014 оноос эхлэн энэ салбарын эрх зүйн орчныг сайжруулахаар ажиллаж байна. Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар 2014 онд Оршуулгын үйл ажиллагаатай холбоотой журмыг баталсан. Мөн нийслэлийн Захирагчийн ажлын албанаас 2018 онд ажлын хэсэг гаргаж, НИТХ-аар батлагдсан журмын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, өнгөрөгч есдүгээр сард НИТХ-д өргөн бариад байгаа.
Одоогоор зөвшөөрөлгүй оршуулгын газруудад хуулийн дагуу арга хэмжээ авна гэхээр зохицуулсан хууль байхгүй. Мөн Зөрчлийн тухай хуульд энэ талаар тодорхой заалт байхгүй. Тиймээс энийг зохицуулахын тулд журмын шинэчилсэн найруулгын төсөлд зарим заалтуудыг Зөрчлийн тухай хуультай холбон оруулсан юм” гэв.
Тэрбээр “Улаанбаатар хотын суурьшлын бүс тэлсээр хуучны оршуулгын газруудтай хаяа нийлэх болсон. Өнгөрсөн 2015 онд зөвшөөрөлгүй оршуулгын газрын жагсаалтыг гаргахдаа хамгаалалтын бүсүүдийг нь гаргасан. Одоогийн бидний мэдэх Нарангийн энгэр, Хан-Уул дүүргийн Өлзийтийн оршуулгын газрын хамгаалалтын бүсийг суурьшлын бүс тэлэхээс нь өмнө үндсэн хил хязгаараар 300 метр зайнд бүс татаж хязгаарласан. Бусад Далан давхар, Цагаан давааны оршуулгын газарт өмнө нь хязгаарлалтын бүс татаагүйгээс хажууд нь айлууд амьдарч байна” гэдгийг хэлсэн юм.
А.СҮРЭН
Гэрэл зургийг Д.БҮЖИН
Холбоотой мэдээ