Иргэн Б.Төгсбилгүүнийг сүүлийн дөрвөн жилийн турш гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэрэгт буруутган, ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид хорьсон ч энэ сарын 11-ний өдөр батлан даалтад гаргасан. Уг шийдвэрийг эсэргүүцсэн хохирогч Ж.Одгэрэл буюу эхнэр нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадна суулт зарласан. Иймд түүний ар гэрийнхэн өмгөөлөгчийн хамтаар өнөөдөр /2019.11.13/ мэдээлэл хийлээ.
Иргэн Ж.Одгэрэл хэвлэлийн хуудаснаа "И.Төгсбилгүүний гэр бүлийнхэн нийлээд намайг зоддог байсан. Хүүхдээ байхгүй болсны дараа би итгэж өгөхгүй байсан. Намайг дөрвөөс таван удаа алах гэж оролдсон" гэж байжээ.
ГҮТГЭЛЭГ ДОРОМЖЛОЛ ХЭРЭЭС ХЭТЭРЧ БАЙНА
Б.Баярмагнай өмгөөлөгч “Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж удаа дараа зулбасан, хүчирхийллийн улмаас амь нас эрүүл мэндэд нь аюултай байдал үүсээд байгаа асуудалд бид тайлбар өгч байна. Эрүүгийн хууль хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасны дагуу явж байгаа. Б.Төгсбилгүүнд холбогдох хэрэг Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтад эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хажуугаар И.Төгсбилгүүний ар гэрийг хохирогчийн зүгээс элдэв байдлаар гүтгэж, доромжилж гэр бүлээрээ алуурчин, аймшигтай хүмүүс гэж хэвлэлээр ярьж байгаа учраас бид үнэн бодит мэдээллийг хүргэх гэсэн юм.
Бидний зүгээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хүндэлж байгаа. Өнөөдрийг хүртэл нэг ч шүүх хурал болоогүй. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нэг удаа явсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр яллагдагчийг хэтэрхий харлуулж, яллагдагчийн ээжийг архичин мэтээр тайлбар хийж байна. Бидний ярьсан зүйл бүгд нотлох баримттай. Хэргийн нөхцөл байдлыг нийтэд дэлгэх эрх байхгүй. Энэ хэргийг хуулийн байгууллага шийднэ. Тэр болтол хэн хэнийгээ дайрч доромжлохгүй зөвхөн хуулиар шийдэх байх гэж найдаж байна. И.Төгсбилгүүнийг 100 гаруй хоног хорьсон.
ЯМАР ХЭРГЭЭР БИДНИЙГ ХАРЛУУЛААД БАЙГААГ САЙН МЭДЭХГҮЙ БАЙНА
И.Төгсбилгүүний эгч Б.Болормаа “Ж.Одгэрэл гэдэг хүний яриад байгаа шиг хоёр хүүхэд зулбуулсан явдал болоогүй. Ор үндэслэлгүй худлаа мэдээлэл. Эхний хүүхдээ бид нарт жирэмсэн гэж итгүүлж эхэлсэн. Гэнэт төрөх дөхсөн чинь хүүхдээ авхуулсан гэж бидэнд хэлсэн. Тэгээд болоогүй тэр өдөр нь амиа хорлохоор завдсан. Үүнийг цагдаа гэрчилнэ.
Удаагүй манай дүүг зоддог гээд цагдаад өгчихсөн байсан. Манай дүү хүүхэдтэй болохыг маш их хүсдэг байсан. Амьдралын төлөө явж байсан дүүг минь яагаад алуурчин болгож зарлаад байгаа юм бэ. Үнэхээр гайхаж байна. Ямар хэргээр биднийг харлуулаад байгааг сайн мэдэхгүй байна.
ӨӨРИЙНХӨӨ АМЬДРАЛЫГ ӨӨРӨӨ Л ТАМ БОЛГОСОН
Б.Төгсбилгүүний ээж Ч.Даваа “Миний хүүтэй Ж.Одгэрэл 2015 оны аравдугаар сард танилцаж, хамтран амьдарч эхэлсэн. Анх хар дарсан зүүд шиг байгаагүй. Өөрийнхөө амьдралыг өөрөө л там болгосон. Одгэрэл эрх дураараа байсан. Өнөөдөр яагаад намайг алуурчин гэж тамлаж байгаа юм бэ. 2018 оны гуравдугаар сар гараад жирэмсэн болох нь дээ гэж байсан. Тэгсэн ганц хоёр сарын дараа савны хавдартай байсан гэж хэлсэн. Эмчилгээ хийлгэсэн. Дахиад удалгүй жирэмсэн боллоо гэсэн. Арваннэгдүгээр сар хүртэл бидэнд жирэмсэн гэж хуураад явсан. 1700 гр хүүхэд байсан хүү төрүүлсэн амьгүй байсан гэж байсан. Үнэнд гүйцэгдээд ирэхээр худлаа жүжиглэсэн. Дараа нь энэ хоёр муудалцаад хоёр эгч нь дүүгээ аваад ирсэн.
Ингээд Ж.Одгэрэл гэр бүлийг минь тэр чигт нь “шок”-нд оруулсан учраас хүүгээ сал гэсэн. Сал гэсэн үгнээс болж бидэнд өш санасан байх. Тийм муухай юм байж болохгүй. Манайд бэр болж очиж үзсэнээс хойш ганц аяга цай чанаж үзээгүй. Намайг ингэж үр хүүхэдтэй минь доромжилж болохгүй. Цагдаад хүүг минь өгчихсөн байсан” гэлээ.
Э.АРИУН
Холбоотой мэдээ