Дарга нараас хариуцлага, ёс суртахуун, сахилга бат шаардаж ажиллана. Энэ бол У.Хүрэлсүхийн төрийн албаныханд анхааруулж хэлсэн үг. Тэрбээр онц шаардлагагүй байхад гадаад, дотоодод явах, зугаалах, бизнес ангиллаар нисэх, төрийн машин унааг хувьдаа ашиглахгүй байхыг сайд, дарга нарт анхааруулаад 10 сар өнгөрчээ.
Арван сарын дараа Засгийн газар гэнэтийн шалгалт явуулж, Ерөнхий сайдын өгсөн гэрийн даалгавар хэр биелж байгаад газар дээрээс нь үзүүлэв. Засгийн сайдууд, цагдаагийн боссууд, тагнуулынхан, АТГ-ын дарга нар шалгалтад бүдрэх нь тэр. Бүгд төрийн машинаар хүүхдээ зөөсөн, эхнэрээ эрхлүүлсэн хэвээр. Улс төрийн өндөр ёс суртахуунтай улс оронд ийм үйлдэл гаргасныхаа төлөө албан тушаалтан нь огцордог ёстой юм. Манайд хууль, дүрэм ямар сайд, дарга нарт үйлчлэх биш. Ингэсхийгээд л асуудал намжина, дахиад хүүхдээ зөөнө гээд зарим нь тоохгүй суугаа ч биз.
Зарим нь хүүхдээ зөөсөн дарга нарыг өрөвдөж үхэх нь ээ. Замаараа сургуульд нь буулгахад яагаад болдоггүй юм гэх жишээний. Болохгүй, яагаад гэвэл цаана нь татвар төлөгчдийн мөнгө яригдаж байгаа учраас.
Энэ явдлын тухай асуусан сэтгүүлчдэд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Албаны машиныг хэрэглэсэн ч хариуцлага тооцох эрх зүйн зохицуулалт Монголд байхгүй. Гадаад улс, оронд төсвийн мөнгөөр авсан балаар бичихийг ч хориглодог юм билээ” гэсэн биш олон нийтийн сүлжээнд “барьж идүүлэх” шахав. Сүүл, сүүлдээ эхнэр, хүүхдээ албаны машинаар зөөсөн даргын зөв болж, албан машинаар эхнэр хүүхдээ зөөж буйг нь шалгаж илчилсэн Засгийн газрын буруу болж дуусах шинжтэй. Энэ асуудал жижиг хэрэг мөн ч Монголын төрийн нүүр царайны нэг илэрхийлэл. Төрийн албаныхны ёс зүйг харуулсан тов тодорхой бодит кейс. Гэхдээ бид нэг хэсэгхэн хугацаанд шуугиад асуудлаа мартдаг болохоор тэд бүр дасал болоод даам гарчихсан.
Монгол Улсад 180 гаруй мянган хүн төрд ажилладаг. Тэнд ажиллагчдын ёс суртахуун, сахилга бат, хариуцлагын асуудал хамгийн хөндүүр сэдэв.
Төрийн албыг төрийн албаныхнаас цэвэрлэх асуудал байнга яригддаг. Авлига авна, төрийн нэрийн өмнөөс бусдыг дарамтална, төрийн өмчийг хулгайлна, төсвийн мөнгийг шамшигдуулна. Хүнд сурталтай, мөрийтэй тоглоно гээд төрийн алба муу муухайн үүр овоохой болсон. Бүгд хамгийн муу хүмүүс биш ч бүгд хамгийн муу нэртнүүд болсон нь нөгөө л тогтолцооны алдаа.
Хариуцлага ярьж тооцдог нь ч, хариуцлага тооцуулдаг нь ч цөөн. Тийм учраас “намайг хэн тоох вэ, нохойг хэн саах вэ” гэгчээр өөрийгөө төр гээд ойлгочихсон хүмүүс төрийн албанд олон бий. Тэдэнд төрийн зарц гэдгийг мэдрүүлэхийн тулд ёс зүй, хариуцлагын кодтой болох нь хамгийн зөв шийдэл.
Хэдийгээр төрийн албанд ажиллаж байж мөрийтэй тоглосон, ёс бус аашилсан дарга нартай хариуцлага тооцож эхэлсэн. Цаашлаад төрийн албаны дарга нарын авсан бэлгэ сэлтэд шалгалт хийхээр болж байгаа гэх. Төрийн албаны тухай хуулийг 2017 онд шинэчилж, энэ оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөж эхэлсэн. Энэ хуулийн 39 дүгээр зүйлд гэхэд ".. Албаны бус зорилгод байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завших" гэсэн заалт бий. Ийм заалт хуульд байлаа ч төрийн албаны унаагаар эхнэр, хүүхдээ зөөдөг дарга нарын хандлага ер өөрчлөгдсөнгүй. Тиймээс тархай, бутархай, энд тэндхийн хуульд аваачаад наачихсан дүрэм журам, хуулиудыг нэгтгэж, хариуцлагыг тодорхой болгох, бэлэг сэлт, албаны хүний биеэ авч явах байдал, хэрэглээ, албаны эд зүйлстэй харилцах асуудлыг нарийвчилж өгсөн Code of conduct буюу төрийн албанд биеэ хэрхэн авч явах нарийвчилсан дүрэмтэй болох асуудал Засгийн газар дээр яригдаж эхэлжээ. Ийм дүрэмтэй болчихвол төрийн алба төрөл арилжитлаа өөрчлөгдөж магадгүй юм. Гол нь баталсан, кодолсон хууль дүрмээ сахиулах нь чухал.
Эцэст нь сануулахад Засгийн газрын гэнэтийн шалгалт цаашдаа хэзээ ч хаана ч хийгдэж мэдэх тул ёс зүйгүй авирлаж байгаад баригдав даа, баригдав, төрийн албаныхан минь.
Б.БАТ
Холбоотой мэдээ