-Хүн амын эрүүл мэндийн асуудлыг хурцаар шүүмжлэх болсон энэ цаг үед эрүүл мэнд эм, эмнэлгийн тухай хуулийг хэлэлцэх нь. Та төрийн түшээгийн хувьд төдийгүй эмч хүнийхээ хувьд хуулийн төслийн тухайд юу хэлэх вэ?
-УИХ-ын хаврын чуулган завсарлахаас өмнө Эрүүл мэнд, эм, эмнэлэгийн тухай хуулийн төслийг өргөн барьсан. Тиймээс эмнэлгүүдээр явж эмч мэргэжилтэнүүдтэй уулзах төлөвлөгөөтэй байна.Би өөрөө эмч хүн учраас эрүүл мэндийн байгууллагын асуудалд нухацтай хандаж бодитой авч хэлэлцэнэ гэж бодож байгаа. Эрүүл мэндийн салбар өнөөг хүртэл хуучин социализмын үеийн тогтолцоогоор явсаар ирсэн ганц салбар. Өнөөдөр өвчтөн оношилгоо хийлгэе гэхээр багаж төхөөрөмж нь дэлхийн эрүүл мэндийн хөгжлөөс 20-30 жилээр хоцрогдчихоод байна. Монголд сайн эмч нар байгаа боловч эрүүл мэндийн салбар ерөнхийдөө хоцрогдсон байна. Тэгсэн хэрнээ жил ирэх тусам эрүүл мэндийн салбарт төсөв нэмэгдэж байгаа гэж хэлдэг. Гэтэл тэр мөнгийг аймаг сумдын 300 гаруй эмнэлгийн байрны засвар, гэрэл дулааны төлбөрт зарцуулаад өнгөрдөг. Яг үнэндээ иргэнийхээ эрүүл мэнд, оншилгоо, шинжилгээний багаж хэрэгсэлд огт мөнгө төсөвлөхгүй байна. Тийм учир эрүүл мэндийн байгууллагын цогц шинэчлэлийн асуудлыг яригдах хэрэгтэй. Үүнийг дагаад эрүүл мэндийн даатгалын асуудал сөхөгдөх байх. Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндийн даатгалд бүрэн хамрагдсан хэрнээ иргэний эрүүл мэндийг хамгаалах талаар хийсэн зүйл мэдрэгдэхгүй, иргэдийн татварт төлсөн мөнгө өөр зүйлд зарцуулагдаад дуусч байх жишээтэй. Тэгэхээр эрүүл мэндийн сан байгуулах, тус санд цугларсан хөрөнгөөр иргэдэд чанартай сайн үйлчилгээ үзүүлсэн эмнэлэгт хөрөнгө оруулж сайн үйлчилгээг худалдаж авдаг тогтолцоонд шилжих хэрэгтэй. Монголд 360 гаруй эмнэлэг байна, Гэтэл зах зээлийн нийгэмд эдгээр эмнэлгүүдийн аль нь ч дампуураагүй байгаад байдаг, Гэхдээ эмчилгээ нь сайжирч дэлхийн түвшинд ойртож байгаа зүйлгүй улсын төсвөөс тэжээгдээд үлгэн салган тогтоод л байна. Тэгэхээр улсынх, хувийн гэж ялгалгүй аль сайн үйлчилгээ үзүүлж эмчилж чадаж байгаа эмнэлэг эрүүл мэндийн сангаас үйлчилгээ худалдаж авдаг байхаар хуульчлах учиртай. Үүний дагуу шалгараад үлдэж чадсан нь үргэлжлээд ажиллавал эрүүл мэндийн салбар сайжрах ёстой юм.
-Монголд дутмаг байдаг оншилгооны төвүүдийг ямар журмаар байгуулах бол?
-Зөвхөн оншилгооны төв гэлтгүй эмнэлгийг ч гэсэн дүүргийн, аймгийн, гэх зэргээр шатлалаар нь зэрэг тогтоох юм. Дэлхийн стандартад нийцсэн оншилгооны төв байгуулах хэрэгтэй байна. Энэ асуудалд эрүүл мэндийн яам анхаарал хандуулах хэрэгтэй. Түүнээс биш яам ямар ч ажил санаачлахгүй унтаа байж болохгүй. Салбарынхаа төлөө сэтгэл зүрх гаргахгүй, аливаа асуудалд дамжуулагчийн үүрэг гүйцэтгээд, тэр асуудал нь бүтвэл гавъяаг нь үүрээд бүтэхгүй бол хаядаг сэтгэлгээг цогцоор нь шинэчлэх ёстой. Эрүүл мэндийн яамны хөшүүн хойрго байдал, байнга шүүмжлэлд өртдөг ажил хэрэгч бус уур амьсгалыг эвдэх ёстой.
-Хувийн хэвшлийн эмнэлгүүдэд тоног төхөөрөмж сайтай, үүнийхээ дагуу дэмжлэг аваад ажиллахаар, улсын харъяанд байдаг хэдэн жижиг эмнэлгүүд хөлд нь чирэгдэж дампуурах юм биш үү?
-Сум, сум дундын эмнэлэг, аймаг , аймаг дундын эмнэлэг, дүүрэг, дүүрэг дундын эмнэлэг гэсэн шаталсан хэлбэртэй байна гэж яриад байгаа. Сум дүүргийн эмнэлгийг нийгмийн эрүүл мэндийг чиглэлд үйлчилгээ үзүүлдэг болгоё гэж байгаа юм. 5-6 мянган хүнтэй сумын эмнэлгүүд эзгүй шахам байдаг. Тэгэхээр нийгмийн эрүүл мэндийн санхүүжилтэд тулгуурлаад урьдчлан сэргийлэх чиглэл рүү нь хөгжүүлэх хэрэгтэй байна. Харин хоёр дахь шатлалын эмнэлэг гэхээр дүүрэг, аймгийн эмнэлгүүд байна. Эдгээр эмнэлэгт өвчтөнүүд долоо хоног хэвтээд дөнгөж анхан шатны эмчилгээ хийлгээд гардаг, дараа нь томоохон эмнэлэгт эмчлүүлэх хэрэгтэй болдог. Уг асуудлыг зогсоож хоёрдугаар шатлалын эмнэлгүүдэд иж бүрэн үйлчилгээ үзүүлдэг тогтолцоонд шилжүүлье гэж байгаа. Гуравдугаар шатлалын эмнэлэг буюу улсын томоохон эмнэлгүүдийг өвчнийг оношлоод, судлаад шинжлэх ухааны судалгаа хийх, хоёр дахь шатны эмнэлгүүдэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх шаардлагатай байна. Хүмүүс өрхийн, дүүргийн эмнэлгээсээ илүү клиник эмнэлгүүдэд үзүүлэх сонирхолтой болж. Дүүргийн эмнэлгүүдийн багаж тоног төхөөрөмж үнэхээр хоцрогдсон байна.Тиймээс хоёрдугаар шатны эмнэлэгт оношлогоог нарийвчлан хийдэг болох учиртай.
-Энэ төвүүдийг байгуулахад санхүүгийн асуудлыг яаж шийдэх бол?
-Ямар ч ажлыг хийхэд санхүүгийн асуудал гардаг. Энэ талд мөнгө байхгүй гээд хөшүүн хойрго царайлаад суугаад байвал аль ч ажил урагшлахгүй. Тэгснээс дотоодын нийт бүтээгдэхүүний 5-7 хувийг эрүүл мэндийн салбартаа зориулдаг болох хэрэгтэй. Одоогоор манай улс гурав хүрэхгүй хувийг зарцуулдаг. Орж ирж байгаа мөнгө нь иргэний эрүүл мэндийн үйлчилгээнд бус, барилгын засварт тарамдаад дуусдаг.
-Эрүүл мэндийн даатгал байнга төлдөг ч төлсөн мөнгөнийхөө хэмжээнд үйлчилгээ авч чаддаггүй. Энэ талд ямар зохицуулалт хэрэгтэй вэ?
-Эрүүл мэндийн даатгалын системийг тэр чигээр нь өөрчлөх хэрэгтэй. Эмнэлэгт хэвтэхэд даатгалд төлсөн мөнгөнийх нь хэдхээн хувь нь л өвчтөнд зориулагддаг. Хамгийн гол нь нийгтийн эрүүл мэндийн чиглэл рүү анхаарал хандуулж иргэнийг өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлж байх нь зүйтэй. Мөн эмнэлэгийн багаж тоног төхөөрөмжийг нь сайжруулж өгөх, төрөөс ард түмний эрүүл мэндийн төлөө хариуцлага үүрэх ёстой. Энэ асуудлыг хэрэгжүүлсний дараагаар эмч нарын ёс зүй, хариуцлагын талд өндөр шаардлага тавих шаардлагатай юм. Эмнэлэг тариалан эрхлэхгүй, үйлдвэрлэл явуулахгүй хэр нь орлого олохыг шаардаг байдлыг болиулсан нь сайн хэрэг. Үүнийг дагаад эмнэлгүүд үр хөндөлтийг мөнгө олохын тулд хийдэг байсан нь намжсан.
-Эрүүл мэндийн байгууллагыг ямар хүн толгойлох ёстой вэ? Аль ч байгууллага хувийн хэвшил удирдах албан тушаалтан шалгаруулж ажилд авахдаа ажлаа арван хуруу шигээ мэддэг хүнийг сонгодог. Магадгүй таны хэлээд байгаа унтаа байдалтай, назгай улирдлага гэдэг мэргэжлийн бус хүн байгаатай холбоотой байж болох уу?
-Хичнээн сайн удирдагч, санхүүгийн менежер байлаа гээд салбараа мэдэхгүй бол хүний үгээр ажил хийнэ гэж юу байх вэ. Тэгэхээр салбартаа эзэн болсон мэргэжлийн хүн удирдах л учиртай. Би өөрөө эмч хүний хувьд эрүүл мэндийн яаманд шүүмжлэлтэй хандаж явдаг. Сүүлийн хэд хэдэн томилгоонд сонгуулийн дараах намуудын талцлын хүн эрүүл мэндийн сайдаар гарч ирээд, дөрвөн жилийн хугацаанд эмийн, тендерийн асуудал хутгаж хаяад яваад өгч байна. Энэ байдлыг зогсоох хэрэгтэй. Үнэхээр урт хугацаны, хэтийн төлөвлөгөөтэй хөгжүүлье гэдэг сэтгэл эрүүл мэндийн сайдад дутагдаж байна.
Б.АЛТАНСҮХ