Өндөр гэгээн Занабазарын бүтээлүүдээс амар амгалан мэдрэгддэг

Хуучирсан мэдээ: 2019.11.13-нд нийтлэгдсэн

Өндөр гэгээн Занабазарын бүтээлүүдээс амар амгалан мэдрэгддэг

Өндөр гэгээн Занабазарын бүтээлүүдээс амар амгалан мэдрэгддэг

Монголын Үндэсний музейд  нээгдсэн “Сарьдагийн хийд" үзэсгэлэнгийн хүрээнд өчигдөр /2019.11.12/ Өндөр гэгээн Занабазарын намтрын судалгаа нэртэй нэгэн сонирхолтой лекцийг Бүгд Найрамдах Польш улсын Варшавын Их сургуулийн багш, монгол судлаач, доктор, профессор Aгата Бария Старзинский толилуулсан юм. Түүний илтгэлдээ дурдсанаар “Өндөр гэгээн Занабазарыг Чингисийн алтан ургийн хүн байсан гэж эх сурвалжид тэмдэглэдэг ч буриад хүн байсан” гэдгийг тодотгосон билээ. Харин монголчууд түүний бүтээлүүдийг харж “бурхан ухаантай хүн” хэмээн хүндэтгэж, Чингисийн алтан ургийн хүн гэдгээрээ Монголын шашин, улс төрд өндөр байр суурийг эзэлсэн эзэлсэн гэж үздэг. Үүний тод жишээ нь, Өндөр гэгээн Занабазар 2000 шавьтай байсан гэж түүхэн судар бичигт тэмдэглэн үлдээжээ. Гэхдээ түүнд дотны 30 шавь л байсан гэдэг.

Ард түмний оюун билэг, авьяас чадлын тод мөрийг үлдээсэн Монгол мэргэдийн нэг болох Өндөр гэгээн Занабазарын намтар түүхийн талаар Монгол судлаач, доктор, профессор Aгата Бария Старзинскийтай ярилцлаа.


-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө монгол судлалаар докторын зэрэг хамгаалсан түүхээс тань ярилцлагаа эхлүүлье. Дэлхийн улс орнуудаас яагаад Монгол орныг онцолж, тэр дундаа Өндөр гэгээн Занабазарын намтар, түүхийг судлах болов? 

-Өөрийгөө товчхон танилцуулахад Польш улсад монголч эрдэмтнээр ажилладаг. Би анх удаа 1982 онд Монголд ирсэн. Тухайн үед дунд ангийн сурагч жаахан охин байлаа. Аав маань геологич учраас дагаж хамт ирсэн юм. Анх Монголд ирэхэд үнэхээр сайхан орон санагдсан. Байгалийн үзэсгэлэнт газруудтай, баялаг түүхтэй улс. Бурхны шашны соёл их хөгжсөнийг Эрдэнэ зуу хийд, Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон гэх мэт түүхэн дурсгалт газруудтай танилцах явцдаа мэдсэн. Сонирхлыг маань татаж, гүн сэтгэгдэл төрсөн болохоор монголч эрдэмтэн болох эхлэл тавигдсан юм болов уу. Монгол судлалын дотроос бурхан шашин, өв соёл, бурхны шашны уран зохиол хийгээд Монгол-Төвөдийн харилцааны түүх анхаарал татдаг. Түүнчлэн монгол бичиг үсэг сонирхолтой. Би Монголд ирэхээсээ өмнө Монголын талаар сайн мэддэггүй, Чингис хаанаар л төсөөлж, боддог байсан.

-Таныг анх Монголд ирж байсан үеийг өнөөдрийнхтэй  харьцуулахад Монголын дүр зураг  тэнгэр газар шиг ялгаатай байх. Ардчилал гарахаас өмнөх Монгол Улсад ирэхэд сүм хийд, хуучны барилга байгууламжууд нь өнөөгийнхтэй харьцуулахад хэр их өөрчлөгдөж, бас хуучин төрхөө хадгалж үлдсэн юм шиг санагдаж байна?

-Би 1982 онд Монголд ирэхэд бурхны шашны сүм хийд их цөөхөн байсан. Гандан болон Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музей зэрэг цөөхөн хэдэн сүм хийд байсан санагддаг. Мөн Хархорины Эрдэнэ зуу хийдэд очиж үзсэн. Үүнээс өөр бурхны шашны сүм хийд байгаагүй болов уу. 1990 онд ардчилал гарснаас хойш 1992 оноос эхлэн  шашны үйл ажиллагаа чөлөөтэй хөгжих боломж гарсан учраас маш олон газарт бурхны шашны жижиг том сүм хийдүүд дахин сэргэж мандсан. Энэ талаар би судалгаа хийж байсан юм. Мэдээж одоо бол Монгол улс их хөгжсөн. Бид Улаанбаатар хотыг Азийн улс орнуудын томхон хотуудтай харьцуулахад ялгаа байхгүй. Өндөр шилэн барилгуудтай, шинэ маягийн барилга байгууламж их. Гэхдээ Монгол Улс түүх, соёлоороо арвин их баялагтай ч монголчууд бурхны шашны мэдлэгтэй болох хэрэгтэй. Хоёрдугаарт, хуучны барилга байгууламжуудаа хүн бүр хайрлаж хамгаалдаг сэтгэлтэй байх нь чухал.

Социализмын үед Чойжин ламын сүм музей, зарим байшин барилгаа маш сайн хадгалж байсан. Яагаад гэвэл тэр үед улсын хамгаалалтад байдаг учраас заавал засвар хийх шаардлагагүйгээр хадгалж ирсэн. Гэтэл өнөөдөр зарим хуучны барилгууд нь байхгүй, сүм хийдээ сэргээн засварлахгүй л бол нурж унах аюултай болсон байна. Ялангуяа Чойжин ламын сүм музейд очиход харамсч, гуниглах сэтгэл төрсөн. Ийм сайхан хийцтэй эрт үеийн сүм хийдүүдээ сэргээн засварлахгүй бол удахгүй  нурж унах, устах аюултай болсонд  харамсч байна.

Өв соёлоо хайрладаг л бол хүн бүр түүхээ авч үлдэхийн төлөө хичээх хэрэгтэй. Жишээ нь, дэлхийн хоёрдугаар дайны үед Польшид манай Варшав хот бараг үгүй болсон. Гэхдээ дайны дараа бүх хүмүүс нэгдэж Варшав хотыг хуучин төрхөөр нь барьж, хуучин хотынхоо дүр төрхийг сэргээхэд оролцсон. Ялангуяа Европ хүмүүс нэг санаа, зорилго дор нэгдэж, өв соёл, түүхээ хайрлаж чаддаг.

-Олон түмэнд Өндөр гэгээн Занабазар гэдгээрээ хүндлэгдэж ирсэн анхдугаар Богд бол улсынхаа шашин, урлаг соёлын түүхэнд асар их хувь нэмрийг оруулсан хүн. Таны хувьд Өндөр гэгээн Занабазарын талаар олон жил судалсан. Анхдугаар Богдтой холбогдох ямар түүх нь таны сонирхлыг илүү татаж, гүн сэтгэгдэл үлдээж байв?

Дэлхий дээрх урлагийн бүтээлүүдийг үзэж танилцахад Өндөр гэгээн Занабазарын бүтээлүүд их онцгой сэтгэгдэл төрүүлдэг. Түүний бүтээлүүд бурхны шашны төдийгүй урлаг соёлын түүхэнд чухал нөлөө үзүүлсэн гэж бодож байна. Тэрээр Сарьдагийн хийд болон маш олон сүм дуганыг байгуулсан төдийгүй алт мөнгө, зэсээр урласан бурханы бүтээлүүд нь маш гайхалтай. Бүтээлүүдийг нь харахад амар амгаланг мэдэрдэг. Нөгөө талаас Өндөр гэгээн Занабазар бол буддын шашин, улс төрд нөлөөтэй улстөрч. Бас урлагийн хүн. Тийм учраас түүний намтар түүхийг сонирхож судлаад 20 орчим жил өнгөрч байна. Энэ чиглэлээр докторын зэрэг хамгаалсан.

-Тухайлбал, ямар бүтээл нь таны анхаарлыг илүү татаж, сэтгэлд хоногшсон бэ?

-Өндөр гэгээн Занабазарын Майдар бурхны хөрөгт би их дуртай. Их гоё санагддаг. Ерөнхийдөө түүний бүтээлүүдийг үзэхэд маш тайван мэдрэмж төрүүлдэг. Миний бодлоор Өндөр гэгээн их сайхан сэтгэлтэй, гэгээн хүн байсан учраас бүтээлүүд нь тийм гоё байдаг болов уу.

-Өндөр гэгээн Занабазарын намтар түүх Монгол, Төвдөд харилцан адилгүй, ялгаатай. Түүний намтар Монголд домгийн шинжтэй байдаг гэж та лекцийнхээ үеэр онцоллоо. Намтар түүхийн ялгааны тухай дэлгэрэнгүй тайлбарлавал?

-Юуны өмнө Өндөр гэгээн Занабазарын намтар түүхийг, түүний шавь Халх заяа Бандида Лувсанпэрэнлэй зохиосон, багшийнхаа амьдралын талаар хамгийн сайн мэддэг хүн нь байсан гэж боддог. Лувсанпэрэнлэй бол багштайгаа хамт амьдарч, түүнээс суралцаж байсан хүн юм. Тиймээс Төвөдийн сурвалж бичигт бичсэн намтар түүхийг илүү бодитой гэж бид нар итгэж байна. Гэхдээ зарим хэсэг нь дутуу байгаа юм. Ямар учраас зарим мэдээлэл дутуу байгааг хэлж мэдэхгүй. Өндөр гэгээн Занабазарт дургүй байсан уу, эсвэл тийм ч чухал биш гэж үзсэн эсэх нь тодорхойгүй. Гэхдээ Монголд бичигдэж, зохиосон Өндөр гэгээн Занабазарын намтар 100 жилийн дараа дэлгэрч эхэлсэн. Жишээ нь, сурвалж бичигт Төвөдөд Манжийн хааныг магтсан, Өндөр гэгээн Занабазарыг хүндэлсэн утгыг илэрхийлдэг. Харин Монголд Өндөр гэгээн Занабазарын намтар түүх дотор монголчууд Манжийн дарлалд байх 100 жилийн хугацаанд Өндөр гэгээн Заназбазарыг Манжийн хаанаас сэргэлэн ухаалаг, хүн гэж үзэж тэмдэглэсэн байдаг. Харин Манжийн хаанд дургүйлхэх аястай бичсэн байх нь бий.

-Монголчууд манжийн дарлалд 200 жил болсны эцэст үндэсний тусгаар тогтнолоо сэргээсэн. Манжийн хаан Өндөр гэгээн Занабазарыг зөвлөхөөрөө томилсон түүхтэй. Таны бодлоор ямар учраас Өндөр гэгээнийг Манжийн хаан зөвлөхөөрөө томилсон гэж үзэж байна?

Энэ тухай ярихад 1806 онд Галдан бошгот хаан ахынхаа өшөөг авахаар Халхад цэрэг довтолгосон. Энэ үед халхчууд аргагүй зугтаах хэрэгтэй болсон. Тухайн үед Өндөр гэгээн Занабазар халхын талаас хамгийн нөлөөтэй хүн болж байсан. Учир нь, Чингис хааны алтан ургийн хүн, нөгөө талаасаа бурхан шашинд нөлөөтэй томоохон хувилгаан байсан гэж бид хардаг. Тийм учраас халхчууд Өндөр гэгээнд их итгэж хүндэлдэг.

Түүний ах нь Түшээт хан, нөлөө бүхий улстөрч ноён хүн байсан боловч Өндөр гэгээн илүү нөлөөтэй болж эхэлсэн. Энэ нь нөгөө талаасаа Манжийн талаас үзүүлж буй дэмжлэг байсан байж болзошгүй.

Зая гэгээний зохисон Төвөдийн намтарт 1686 онд Өндөр гэгээн Занабазарыг Манжийн хаан их нөлөө бүхий улстөрч болгож байсан. Энэ нь Манжийн хаан алсдаа халхууд дунд нөлөөтэй болохын тулд явуулсан бодлогын нэг. Гэхдээ 1691 оны үед Манжийн нөлөөллөөр Өндөр гэгээн Занабазар арга буюу хааны зөвлөх болсон ч удалгүй Галданбошгот хаан  түүнийг өшөөгөө авахын тулд хөнөөлгөсөн.

-Угтаа бол Өндөр гэгээн Занабазар, Галданбошгот нар адилхан хувилгаан, бурхны шашинтай хүмүүс байсан. Гэвч Монголын шашин төрийн алтан жолоог атгалцаж явсан энэ хоёр хүн өөр хоорондоо “дайсан” болсон нь ямар учиртай вэ?

-Галданбошгот хаан Төвөдийн их хувилгаан Энса брүлгү Лувсанданзанжамцын хойд дүр байсан. Энэ хувилгаан Өндөр гэгээн Занабазарын багш нь байж. Тиймээс Галданбошгот хаан  Өндөр гэгээнийг өөрийнх нь үгийг сонсож дагах ёстой гэж үзсэн. Гэвч Галданбошгот хаан Өндөр гэгээн Занабазарт дургүй болж өшөөрхөх болсон нь Монголд өөрөөс нь илүү нөлөөтэй болсноос үүдэлтэй. Хоёрдугаарт, Галданбошгот хаан Төвөдээс Халхад ирэхдээ ахыг нь хөнөөсөн ураг төрлийнхнөөсөө өшөөгөө авахаар ирсэн явдал юм.

-Таны бодлоор Галданбошгот хаан ах Сэнгийнхээ амь насны өшөөг ураг төрлийнхнөөсөө авах гэж эх нутагтаа ирээгүй, дайн зарлаж, монголчууд өөр хоорондоо хагаралдаж бутраагүй бол Манжийн эрхшээлд орохгүй байх бүрэн боломж байсан уу?

-Магадгүй Галданбошгот хааны ах Сэнгэ нь эцэг нэгт ах нартаа хорлогдож амь үрэгдээгүй бол бурхны шашны хүрээнд Галданбошгот хаан, Өндөр гэгээн Занабазар нарын харилцаа дайсагналцахгүй байх байсан болов уу.

Монголчуудын дунд Өндөр гэгээн Занабазарын намтар түүх ихэвчлэн домгийн шинжтэй байсан гэлээ. Энэ талаар жишээ татвал?

-Монголын шарын шашны тэргүүн Өндөр гэгээн Занабазар бол Боржгин алтан ургийн Түшээт хан Гомбодоржийн удаах хүү. Тэрээр арваннэгдүгээр жарны хөхөгчин модон гахай жилийн намрын сүүл сарын хорин таван буюу 1635 онд одоогийн Өвөрхангай аймгийн Есөн зүйл сумын нутагт эцэг Түшээт хан Гомбодорж, эх Ханджамц хатан нарын гэрт мэндэлсэн. Өндөр гэгээний төрсөн газар нь маш сайхан тал нутаг. Түүнийг мэндлэхэд өвөл байсан боловч буурь сэлгэсний дараа нь цэцэг ургасан байдаг гэх домог, яриа бий. Хувилгаан хүнийг хорвоод мэндлэхэд бусдаас ямар нэг шинж төрх, байдлаараа ялгардаг гэж бурхны шашинд үздэг. Тиймээс түүнийг төрсний дараа өвлийн хүйтэнд цэцэг ургасан гэх яриа нэрт хувилгаад, багш нарын чихэнд хүрсэн нь Жавзундарнатын хувилгааны дүр хэмээн тодруулах шалтгааны нэг нь болсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж