Жолооч нарын өвлийн бэлтгэлийг шалгасан цас

Хуучирсан мэдээ: 2019.11.13-нд нийтлэгдсэн

Жолооч нарын өвлийн бэлтгэлийг шалгасан цас

Жолооч нарын өвлийн бэлтгэлийг шалгасан цас

Шаргал навчис хөглөрч байсан намрын өдрүүд ард хоцорч, өвөл ирснийг илтгэн хотыг цас хучлаа.  Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн даваа гаригт /2019.11.11/ цас орсноор  авто замд халтиргаа үүсч зам, талбай мөсөн гулгуур болж хувираад байна. Халтиргаа гулгааны улмаас унаж, бэртэх иргэд, “хундага тулгах” автомашин олшров. Жолооч нар замын халтиргаа, гулгаа ихсэхээс өмнө зуны дугуйгаа өвлийн болгож солих юмсан гэж ярьсаар нэг л мэдэхэд цастай золгосон гэхэд хилсдэхгүй. 

Улсын хэмжээнд 950 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас 500 орчим мянга нь нийслэлд хөдөлгөөнд оролцдог. Тэдгээр тээврийн хэрэгслээс өнөөдрийн байдлаар 30 орчим хувь буюу 150 мянга орчим нь зуны дугуйтай хөдөлгөөнд оролцон, зохиомол түгжрэл үүсгэж байгааг  албаныхан хэллээ.  Өнгөрсөн жилийн анхны цаснаар халтиргаанаас үүдэн  хоёр өөр дүүрэгт таваас зургаан  машин  мөргөлдсөн тохиолдол гарч байсан удаатай.

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙНХЭЭ БҮРЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ ӨВЛИЙН ДУГУЙ ТАВИХ ХЭРЭГТЭЙ

Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбатаас дараах асуултад хариулт авлаа.

-Өнгөрсөн даваа гаригт  орсон цасны улмаас зам тээврийн осол гэмтэл хэр олон бүртгэгдэв?

Улаанбаатар хотын хэмжээнд цас орж, халтиргаа гулгаа үүссэнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн хурд удааширч, хөдөлгөөний ачаалал нэмэгдэх, зам тээврийн ослын дуудлага мэдээлэл нэмэгдэх хандлагатай байна. Тухайлбал, Тээврийн цагдаагийн албаны шуурхай удирдлагын хэлтэст энэ сарын 11-ны өдөр 369 дуудлага мэдээлэл ирснээс зам тээврийн ослын шинжтэй 264 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Дийлэнх дуудлага мэдээлэл нь мөргөлдөх хэлбэрээр гарсан  бөгөөд тээврийн хэрэгсэл хоорондын зай бариагүй, зуны дугуйтай хөдөлгөөнд оролцсоноос шалтгаалж байна. Замын хөдөлгөөнд оролцож, байгаа тээврийн хэрэгслийн 30 орчим хувь нь зуны дугуйтай хөдөлгөөнд оролцож байна. Үүнээс гадна халтиргаатай замд урдах машинтайгаа хэт ойрхон явснаас болж гарах ослын тоо нэмэгдсэн. Ойрхон яваа машинуудын тухайд арын машин нь зай бариагүй явснаас араас нь орж мөргөлддөг.  

Тэгэхээр жолооч нар өөрсдөөс шалтгаалах зүйлээс болж осолд өртсөн гэж ойлгож болох нь ээ?

-Яг тийм. Яагаад гэвэл энэ цас анх удаа орж байгаа биш шүү дээ. Жолооч нар өөрсдөө тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, хувийн бэлтгэлээ базаасан байх ёстой. Цас орохоос 2-3 хоногийн өмнө л Цаг уур орчны шинжилгээний газраас төв болон орон нутгуудаар цасан  шуурга шуурна, тээврийн хэрэгсэлтэй явах бол болгоомжтой хөдөлгөөнд оролцоорой гэж анхааруулсан.

Бүхий л мэдээллийн хэрэгслүүдээр энэ талаарх сэрэмжлүүлэг мэдээлэл цацагдсан гэж болно. Бид ямар нэгэн муу зүйлд өртөсний дараа өөрсдөдөө дүгнэлт хийж, алдаагаа засдаг муу зуршлаасаа салах хэрэгтэй байна.

-Тэгвэл иргэддээ юуг сэрэмжлүүлэх вэ?

-Жолооч нар анхаарал болгоомжтой байхаас гадна тээврийн хэрэгслийнхээ бүрэн байдлыг хангах буюу нэн түрүүнд нь өвлийн дугуй тавих хэрэгтэй.  Ихэнх жолооч нар урдаа зуны дугуй тавиад, хойноо өвлийн дугуй тавьчихдаг. Энэ нь аваар осол гарахад ихээхэн нөлөөлдөг учраас хариуцлагатай, анхаарал болгоомжтой байх нь зүйтэй юм.

Өглөөнөөс эхэлж орсон цас өдөр хайлж, шөнөдөө мөстөн  хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэлд аюултай нөхцөл байдал үүсч байгаа учраас зуны дугуйгаа солихыг жолооч нарт анхааруулж байна. 

Тиймээс ялангуяа хөдөө орон нутгийг зорих гэж байгаа иргэд тээврийн хэрэгслийнхээ техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж, өвлийн дугуйгаа сольж, шатахууны нөөц, дулаан хувцсаа сайтар бэлдэж явах, эс бөгөөд хөдөө орон нутгийг зорихгүй байхыг  ТЦА-аас анхааруулж байна.

"Наран туул" худалдааны төвтэй хаяа залган байрлах "Өгөөмөр" захад автомашины дугуй хуучин, шинээсээ хамаарч 30.000-150.000 төгрөгийн үнэтэй байгаа юм. Тодруулбал, Японоос оруулж ирсэн хуучин дугуй 30.000-70.000 төгрөгөөр, шинэ дугуй 140.000 төгрөгөөр борлуулагдаж буй юм. Автомашины хучлага 200.000-250.000 төгрөгийн үнэтэй аж.

2018 оны зураг

Нийслэлийн хот тохижилтын газар нь энэ жил 473.6 тонн давс, 986 тонн бодис нөөцөлсөн байна.  Тэгвэл уржигдар  орсон цасны улмаас  нийслэлийн зургаан дүүргийн халтиргаа гулгаа үүсч болзошгүй цэгүүдэд 212 тонн бодис, 16 тонн давс цацжээ.

 Энэ бүгдийн эцэст халтиргаанаас үүдэлтэй ослын шалтгаан нь хүнд хөнгөндөө бус дөрвөн дугуй, тоормос, замын дүрэм барьж хөдөлгөөнд оролцож буй жолооч гурваас шууд хамааралтай гэдгийг албаныхан онцлов.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж