Цэцийн даргыг өмгөөлөх үндэслэл бий юу?

Хуучирсан мэдээ: 2019.11.13-нд нийтлэгдсэн

VS

Цэцийн даргыг өмгөөлөх үндэслэл бий юу?

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярт тавьсан хилийн хориг баасан гаригт /2019.11.15/ дуусна. Түүний холбогдсон хэргийг Нисэхийн аюулгүй байдлын тухай хуулиар зохицуулж,  торгуулийн арга хэмжээ авах талаар яригдаж байгаа билээ.  Өөрөөр хэлбэл, тэрбээр торгуулиа төлснөөр эх орондоо ирэх боломжтой аж. Улмаар эх орондоо ирсний дараа нь огцруулах эсэх асуудал яригдах бөгөөд зарим улс төрийн хүчнээс Цэцийн дарга Д.Одбаярыг албан тушаалаас нь огцруулахыг шаардсан бичгийг УИХ-ын даргад хүргүүлээд буй.

Энэ долоо хоногийн “VS” буландаа  Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, ХҮН-ын дарга Б.Найдалаа нарын байр суурийг хүргэж байна.

Ц.Нямдорж
Хууль зүй, дотоод хэргийн сайд

Тэр хүний асуудал ойр тойрны хүнд нь маш хүнд байна. Тэр улс өөрсдийн хуулиараа шийднэ. Элчин сайдын яамныхан нь ажиллаж байгаа байх. Ямар асуудал болох юм байгаа юм, харж л байя. Монгол хүн, хүнлэг талаас нь хармаар байна. Солонгосын хууль бол Солонгосын нутаг дэвсгэр гэж үздэг учраас тухайн улс нь л шийднэ. Д.Одбаяр өмгөөлөгч аваад, байцаалтаа өгөөд явж байгаа юм билээ. Айлын тал асуудлаа шийднэ. Биднээс асуухгүйгээр шийднэ. Ямар ч тохиолдолд Элчин сайдын яам энэ асуудалд анхаарлаа хандуулна. Буруутай, буруугүй эсэх нь хоёрдугаар асуудал. Гол нь Монгол Улсын иргэнийхээ төлөө Элчин сайдын яам ажиллах ёстой. Ажиллаж л байгаа. Энэ асуудлыг жаахан дэвэргэлгүй шийдвэр гарах хүртэл хүлээцтэй хандаж, Монгол хүн гэдэг талаас нь хараасай гэж бодож байна.

Б.Найдалаа
ХҮН-ын дарга

Цэцийн дарга Д.Одбаяр Бүгд Найрамдах Солонгос улс руу нисэхдээ онгоцны үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт учруулсан гэх ёс зүйн алдаа гаргалаа. Энэ нь дан ганц том даргын асуудал мэт боловч цаана нь монгол төр, Монгол Улсын нэр хүндийг шороотой хутгаж орхилоо. Гэвч Д.Одбаярын гаргасан ёс бус  үйлдлийг УИХ-ын  дарга, гишүүд, Үндсэн хуулийн Цэцийн хэвлэлийн мэдээллийн алба нь өмөөрч байна. Тиймээс Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярыг  огцрох  шаардлагыг дахин сануулахаар өнөөдөр мэдээлэл хийж байна.

ХҮН-аас арваннэгдүгээр сарын 1-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт Цэцийн дарга Д.Одбаярыг албан тушаалаас нь огцруулахыг шаардсан бичгийг хүргүүлсэн. Д.Одбаяр ч үг дуугүй огцрох ёстой. Түүнийг огцруулахыг ямар ч дарга, цэрэг ард түмэн өмөөрөх  ёсгүй. Түүнд ямар ч өршөөл байхгүй. Д.Одбаяр монголын ард түмнээс уучлал гуйгаад өөрийн албан тушаалаасаа сайн дураараа огцрох ёстой. Энэ нь эргээд нийгэмдээ ёс зүйн  хэм хэмжээг тогтооход нэмэртэй хэмээн ХҮН-аас үзэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж