Орхон аймагт өнөөдөр /2019.11.12/ зохион байгуулагдаж байгаа “Монгол Улсын төрийн албаны менежментийн хөгжил” форумд Төрийн албаны зөвлөлийн даргаар ахлуулсан ажлын хэсэг оролцож байна. Уг форумыг “Lead Mongolia байгууллагаас санаачлан Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, “Конрад Аденаурын сан”, хамтран зохион байгуулж байгаа юм. Форумын үйл ажиллагааг нээж Төрийн албаны зөвлөлийн дарга үг хэлэв.
Уг форумаар “Төрийн байгууллагад олон улсын стандарт нэвтрүүлэлт, цахим засаглал ба процессын дахин инженерчлэл”, “Төрийн байгууллагын төгөлдөржилт”, “Төрийн албаны шинэтгэл”, “Инновац-Эрсдэл-Дотоод аудит”, “Төрийн байгууллагын төгөлдөржилт болон олон улсын жишиг” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнөж байна.
Төрийн байгууллагын шилдэг туршлага, тухайлбал Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйл ажиллагаанд нэвтрүүлсэн “хиймэл оюун ухаан”, түүний эерэг үр дүнгийн талаар танилцуулж, төрийн байгууллагууд харилцан суралцах, шилдэг сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд уг форумын ач холбогдол оршиж байна.
Форумд 12 яам, агентлаг, 14 аймгийн төрийн албан хаагчдын төлөөлөл болон Орхон аймгийн төрийн албан хаагчдаас бүрдсэн нийт 400 гаруй төрийн албан хаагчид оролцож байна.
Түүнчлэн форумын илтгэгч нар төрийн байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын үйл ажиллагаанд инноваци, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, төрийн байгууллагад учирч болзошгүй эрсдэл гэсэн сонирхол татсан сэдвээр илтгэл тавьж, төрийн албан хаагчийн мэдлэг мэдээллийн хүрээг өргөжүүлэх талаар хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Форумд оролцож байгаа яам, агентлаг, аймаг, нийслэлийн төлөөлөл шилдэг сайн туршлагын талаар форумд оролцогч нар харилцан санал солилцож, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж байгаа юм.
Эх сурвалж: Төрийн албаны зөвлөл
Холбоотой мэдээ