Улсын драмын эрдмийн театраас төрөн гарсан залуу хос бол Соёлын тэргүүний ажилтан Г.Алтангэрэл, Г.Номуун нар юм. Тэд авьяаслаг уран бүтээлч гэдгээ энэ цаг үеийн тайз, дэлгэцийн дүрээрээ харуулж буй залуу уран бүтээлчид.
Тэгвэл энэ удаа драмын театраар овоглосон залуу хос БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулсан хоёр хүний жүжгийн олон улсын фестивальд амжилттай оролцож, шагнал авчээ. Энэ сарын 6-10-ны өдрүүдэд 19 дэх удаагаа болж буй “World duo arts performing festival 2019" фестивальд Грек, Украин, Солонгос, Монгол, Румын улсын уран бүтээлчид өрсөлдөж, Монголын уран бүтээлчид тусгай байрын шагнал хүртжээ.
Монгол Улсын жүжигчид анх удаа В.Красногоровын “Хувь заяаны хүлээс” хэмээх хоёр хүний төрлийн жүжгээр олон улсын фестивальд амжилттай оролцсон байна. Уг жүжгийн найруулагчаар Улсын драмын эрдмийн театрын залуу найруулагч О.Итгэл ажилласан бол жүжигчид, найруулагчийн багийг ахалж “Гэгээн муза” академийн захирал, Ардын жүжигчин С.Сарантуяа хамт явжээ. Мөн фестивалийн үеэр орон орны уран бүтээлчид өөрсдийн драмын театрын урлагаа танилцуулсан мастер класс сургалтыг зохион байгуулсан талаар найруулагч О.Итгэл хэлж байв.
Залуу жүжигчин Г.Номууны хувьд МҮОНТ-ийн "Босго тотго”, "Нарны жим” олон ангит кинонд туслах дүрд, сургуулиа төгсөөд "Эмоци” продакшинд ажиллаж байхдаа "Гурван найз” кинонд тоглосон бөгөөд Улсын драмын театрын жүжигчин болоод удаагүй байхдаа Жульеттад тоглоод амжсан нэгэн. Харин Г.Алтангэрэлийн хувьд “Аав”, “Зангараг” зэрэг киноны дүрээр нь хүмүүс сайн мэдэх биз.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ