Төрийн албаны зөвлөл, Тээврийн цагдаагийн газартай хамтран нийслэлийн таван хувийн сургуулийн гадна хяналт тавьж, албаны дугаартай машинаар хүүхэд зөөж байгаа үйлдлийг баримтжуулсан. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс тодрууллаа.
-Төрийн албаны зөвлөл болон Тээврийн цагдаагийн газрын хамтарсан гэнэтийн шалгалтаар албаны дугаартай машиныг хувийн хэрэгцээнд ашиглаж байгаа зөрчил нэлээд хэд илэрсэн юм байна. Тэдгээр машиныг эзэмшдэг төрийн албан хаагчдад ямар хариуцлага тооцох вэ?
-Журам гараагүй, журамд ийм асуудлыг хөндөх болно гэсэн. Ер нь бол бид төрийн албаны зөвлөл болон ЦЕГ-ын нэг удаагийн шалгалтаар ийм зөрчил илэрсэн байна. Гэтэл гаднын зарим улсад албаны балаар хувийн зүйл бичихгүй гэх мэт төрийн албан хаагчдад ёс зүйн шаардлага тавьж байж энэ асуудал шийдэгддэг юм билээ. Төрийн алба бол сайн дурын үндсэн олон нийтэд үйлчилдэг байгууллага учраас хувь, хувьсгалыг ялгаж салгах хэрэгтэй юм. Бид гаднын 11 улстай харьцуулж, Монгол хөрс, өнөөдрийн бодит байдалд тохирсон асуудлыг хөндөнө. Үүнд тухайн хүн албаны машиныг ажлын бус өдөр, хувийн хэрэгцээнд хэрэглэхгүй гэж журамлана. Яг ийм байдлаар одоогоор журамласан зүйл байхгүй. Тиймээс албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахгүй байхыг Төрийн албаны ёс зүйн протоколд тусгах асуудлыг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар ярилцана. Ингэж байж таслан зогсооно, сануулга өгнө.
-Хариуцлага тооцохгүй гэсэн үг үү?
-Хариуцлага тооцно. Гэхдээ хөндөгдөөгүй удаан явсан зүйл учраас яригдаж байгаа нь зөв. Цаашид шалгалт хийгдэх, хариуцлага тооцох төгс төгөлдөр бий болох байх. Журам гаргасан ч мөрдөгдөхгүй байдаг цаг үе өнгөрсөн. Засгийн газраас удахгүй төрийн автомашинтай холбоотой асуудлыг журмыг маш тодорхой болгоно. Ингэж байж бид иргэд, аж ахуй нэгжүүдээс ёс зүйн хариуцлага нэхэж чадна.
-Энэ байдлыг таслан зогсооно гэж байна. Ингэхийн тулд албан хэрэгцээнд ашигладаг машины серийн дугаар эсвэл номерын өнгийг нь өөрчлөх гэх мэт арга хэмжээ авч болдоггүй юм уу?
–Таслан зогсоохын тулд ийм хэлбэрээр шахалт хийж байна. Үүнийг хориглосон журам гаргана. Хэрэв журмаа зөрчвөл халагддаг болно. Хэрэв ингэвэл дахиад л хүнд суртлын асуудал гарна шүү дээ. Тэглээ гээд энэ байдал өөрчлөгдөхгүй. Эхлээд журмаа бий болгоё. Гэхдээ энэ асуудал дээр Их хурлын гишүүдийг ч мөн шахах хэрэгтэй. Тэгж байж бүгд хамтдаа ийм соёл руу алхая гэж байгаа юм.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ