Төрийнхний тансаглалд хязгаар бий юу?

Хуучирсан мэдээ: 2019.11.12-нд нийтлэгдсэн

Төрийнхний тансаглалд хязгаар бий юу?

Төрийнхний тансаглалд хязгаар бий юу?

Төрийн албаны хэрэгцээнд ашиглах зориулалттай автомашин эрхтэн дархтан, эвэртэн туурайтнуудын эхнэр, хүүхэд дэлгүүр хэсэж, сургуульд нь хүргэх унаа болж, ашиглагдах болсныг хэвлэлүүд хөндсөнөөр Засгийн газар өнгөрсөн хавар иргэдээс гомдол хүлээн авах утас ажиллуулсан ч тушаа болсонгүй ээ. Шадар сайдаасаа эхлээд Үндсэн хуулийн Цэцийн гишүүн нь, Улсын Ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар татвар төлөгчдийн мөнгөөр тансаглаж байгааг Төрийн албаны зөвлөл, Тээврийн цагдаагийн газраас хамтран хийсэн өчигдрийн /2019.11.11/ гэнэтийн шалгалт харууллаа. Ердөө таван сургуулийг тойруулан шалгалт хийхэд энэ хэмжээний ёс зүйн зөрчил илэрсэн нь төр хэрхэн ялзарсны тод жишээ болов.

Хуулийн дээр ч эрхтэн дархтнууд гарч суужээ. Хар өнгийн нүд гялбам машины жолооч тээврийн цагдаа нарын зогсох дохиог ч үл тоон зугтаах оролдлого хийв. Хуулиараа энэ тохиолдолд жолоочийг торгох дүрэмтэй ч тээврийн цагдаа мөрдүүлж чадсангүй, даргынхаа өгсөн зааврын дагуу дугаарыг нь тэмдэглэж аваад л үлдлээ.

Жирийн иргэнд бол зугтаах битгий хэл автомашины нүүрэн талын шилэн дээрээ хар плёнка наах ч эрх байхгүй. Хэрвээ даргын жолооч шиг үйлдэл гаргасан бол цагдаад баривчлагдах хүртлээ арга хэмжээ авагдана. Харин даргын жолооч ногоон гэрлээр л гарлаа.

Агентлагийн жолооч нарын амьжиргаа эрхтэн дархтнуудтайгаа эн тэнцүү юу, эсвэл даргыгаа хамгаалж буй санаа нь уу?. Жолооч нарын зарим нь “Хүүхдээ сургуульд нь хүргэж өгсөн юм аа” гэж тайлбарлах. Хэрэв эхнэрийг нь хүргэж яваад гардуулсан бол ямар тайлбар хийх байсан бол… “Минийх” гэж залах байсан уу..

Жилийн 20, 30, 75 хүртэл сая төгрөгийн үнэтэй сургуульд агентлагийн жолооч хүүхдээ сургадаг бол сарынх нь цалин хамгийн багадаа 5-10 сая төгрөг байж таарна. Гэтэл УИХ, Засгийн газрын гишүүний сарын цалин 1 сая гаруй төгрөг. Өөрөөр хэлбэл, агентлагийн даргын жолоочийн сарын цалин нэг сая төгрөгт хүрэхгүй гэсэн үг л дээ. Нэг бол даргын машин барихын хажуугаар хувийн бизнес эрхэлдэг, эс бол дарга нь хүүхдийнх нь сургалтын төлбөрийг даадаг юм уу. Ямар нэг эх сурвалж байж, тэр өндөр сургалтын төлбөрийг төлнө. Түүнээс биш насаараа шахам бизнес эрхэлдэг нь ч хүүхдээ өндөр төлбөртэй сургуульд сургаж чадахгүй, өрнөөс өрний хооронд амьдарч явахад агентлагийн даргын жолооч хүүхдээ сургана гэдэг итгэл төрүүлэхгүй л байгаа.

Агентлагийн дарга нарын авдаг цалин ч бас компанийн захирлынхаас дээрдэхгүй. Иймээс гэр бүл нь бизнес эрхэлдэг, түүнээс олсон орлогоор хүний, өөрийн хүүхдийн сургалтын төлбөрийг төлөөд байна уу, үгүй юу гэдгийг хуулийнхан шалгахад гэмгүй биз.

Үнэн цагаанаараа бизнес эрхлээд олсон орлогоор нь хүүхдээ сургаж байгаа бол ярих зүйлгүй. Харин хууль бусаар олсон орлогоор хүүхдээ сургаж буй бол энэ асуудал. Төрд алба хашина, ажиллана гэдэг хуулийг хэрэгжүүлж, хуулийн дор амьдрахыг бусдад үлгэрлэж харуулах ёстой болохоос биш хоёр нарны хооронд амьдарч буй нэрийн дор ёс зүйг уландаа гишгэж хулгай хийж, авилга авах ёсгүй.

Авлигатай тэмцэх газрын мэдээгээр зөвхөн авлигын улмаас учирсан хохирлын хэмжээ өнөөдрийн байдлаар 12 их наяд төгрөгт хүрээд буй. Монгол Улсын нэгдсэн төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгө авлигачдын гараар орж, урссан гэсэн үг.

Нийгмийн анхдагч хэрэгцээ болсон сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих, нийслэлийн гэр хорооллынхныг ч үнэгүй орон сууцжуулах боломжтой мөнгө авлигачдын идэш болгочихоод байна.

Угтаа бол энэ бүхэнтэй тэмцэж, татвар төлөгчдийн мөнгийг хэмнэх ёстой хүмүүс бол төрийн албаныхан. Одооноос эхлээд хуулиа мөрдөж,  хувь, улсын ажлын ялгаа заагаа барьж, ажиллахгүй бол татвар төлөгчдийн мөнгө хүүхдийг тань сургууль, цэцэрлэгт хүргэхээс эхлээд урсаж байгааг анхааралдаа авах цаг нь болжээ. Хэлээд, сануулаад байхад үг авдаггүй бол төрийн албанаас нь шууд чөлөөлөөд хариуцлага тооцох эрх зүйн зохицуулалт ч үйлчилж байгааг Засгийн газар нь анхааралдаа авах ёстой болов уу.

Таван жилийн өмнө Японы Худалдаа аж үйлдвэрийн сайд Юко Обучи сонгуульт ажилдаа зарцуул хэмээн ард түмний цуглуулсан хандивын мөнгөнөөс хувийн гоо сайхандаа зарцуулсан нь илэрсэнд ёс зүйн алдаа гаргасан гэж үзээд хүлцэл өчин огцорч байсан. Харин Моноглын Засгийн газар төрийн машинаар хүүхдээ сургуульд хүргэсэн албан тушаалтнуудад ямар хариуцлага тооцох вэ. Казино тоглосон агентлагийн хоёр даргыг чөлөөлснөөр өөрөөр хариуцлагын сэлэм эргүүлсэн үү.

Монгол, Оросын хамтарсан гуравдугаар сургуульд хийсэн шалгалт: 

Д/дАвтомашины улсын дугаарАвтомашины маркЭзэмшигч төрийн байгууллага
1.0782 УНҮNissan LE,Тагнуулын ерөнхий газар
2.0119 УБЗLand cruiserЗасгийн газрын авто бааз
30100 УБЗLand cruiserЦЕГ
40633 УБҮSonata 7Тагнуулын ерөнхий газрын авто бааз
58004 УНЗПриус 30Цагдаагийн ерөнхий газрын автобааз
60958 УНҮCamryЗасгийн газрын автобааз
70283 УБҮKIA optimaИргэний нисэхийн ерөнхий газар
80194 УБҮKIA optimaАвлигатай тэмцэх газар
95633 УНОМаzdaЭрдэнэс 5 толгой
100671 УБҮHuandiaУлсын ерөнхий прокурорын газар
110615 УНҮSonata 7Нийслэлийн төр захиргааны автобааз
123711 УБӨКIAУБ Төмөр зам авто тээврийн үйлчилгээ
130887 УБҮNissan TeanaУлсын ерөнхий прокурорын газар
147766 УБҮElantraИргэний нисэхийн ерөнхий газар
150536 УНҮSonata 7Цагдаагийн ерөнхий газрын автобааз
160245 УБЗLand cruiserУБ төмөр зам

Г.ХОРОЛ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж